Холимог тулааны тамирчин З.Шинэчагтага болон боксчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгний бооцоотой тулалдахаар болсон билээ. Үүнийгээ албан ёсоор ард түмэнд мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр хоёр тамирчин бие биенийхээ хор шарыг малтаж, эцэстээ ус, ундаа шидэлцээд дууссан. Тэгвэл уг үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл танхайрах, 5.3 дугаар зүйл хүний биед халдах гэсэн заалтаар хэрэг бүртгэжээ.
Тулааны спорт өндөр хөгжсөн аль ч оронд үзэгч, ивээн тэтгэгчдийг татах маркетинг, тулааны өмнөх анхааралд өртөх оршил гэж бий. Сүүлд л гэхэд “Жалам хар”, А.Гантүлхүүртэй хийх тулааныхаа өмнө өрсөлдөгчөө бялуугаар цохиж, хүмүүсийн анхаарлыг татсан. Энэ нь ч санасандаа хүрч, Монголын хамгийн өндөр үзэлттэй тулаан болж байв. Мөн тэдний нэр хүнд ч өсч, од болоод амжсан.
Өдгөө хоёр тулаанч хоёулаа Америкт тулалдахаар бэлтгэлээ хийж байна.
Яг л үүний хоёрдугаар ангийг З.Шинэчагтага, Э.Цэндбаатар нар хийчихлээ гэж хүмүүс хардаж байна. Маш сайн шоу зохион байгуулж чадсан. Бие биедээ өс санах хямдхан шалтгаан, өнгарсөн түүх, сошиал медиа, хэвлэл мэдээлэл гээд л зорилгодоо хүрсэн. Наймдугаар сард болох энэ тулаан хэдийнэ хүмүүсийн анхааралд орчихлоо.
Харамсалтай нь, цагдаагийн байгууллага шоун дээр шоудчихлаа. Ажлаа хийдэг шүү гэдгээ харуулах гэж хичээчихлээ. Гэвч урьд нь “MFC Fight Night -2” өдөрлөгийн өмнө 61 кг-ын тамирчид хоорондоо шөргөөлдөж, бүр нэгнийгээ цохиж байв. Сүүлд “Жалам хар”, А.Гантүлхүүрийг бялуугаар цохьсон. Энэ мэт үйлдлүүд дээр цагдаагийн байгууллага арга хэмжээ авч байгаагүй нь сонирхолтой. Тэр ч бүү хэл хэвлэлийн бага хурал зарлаж, хүний амь насанд заналхийлсэн нөхдүүдэд ч хариуцлага тооцоогүй. Магадгүй Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарын тулаан цагдаагийн байгууллагын анхаарлыг татсан байх. Өөрөөр хэлбэл, хоёр тулаанч үүргээ 110 хувь биелүүлсэн хэрэг. Одоо сайхан тулалдах л үлдлээ. Тэдний шоу, маркетингт цагдаагийн байгууллага хүртэл үнэтэй хувь нэмэр орууллаа.
Холбоотой мэдээ