Эрээний хил хаагдсан сургаар зах, худалдааны төвүүдэд нарийн ногоо, жимс, тахианы махны хомсдол үүсч эхэлсэн талаар бид мэдээлж байсан. Хил хаагдаад өнөөдөр ес хонож байна. Ес хоногийн дараа хүнсний ногооны гол худалдааны төв "Барс"-ыг дахин зорилоо.
БНХАУ-ын Эрээн хотод covid 19-ийн халдварын тохиолдол энэ сарын 7-ны 09.00 цагийн байдлаар 149 болж нэмэгдэн, хатуу хөл хорио үргэлжилж байна. Монголын тал өнгөрсөн хугацаанд өдөрт 70-80 чингэлэг хүлээн авч байсан бол хөл хорионы улмаас хоёр дахин багасав. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногооных юм. Эдгээрийг Эрээн хотын “Хао Ган” терминалаас ачиж байгаа аж. Иймд манай улс Эрээн хотын Шуурхай штабт хөл хорионы үед жимс, нарийн ногоог Монгол руу тээвэрлэх ачилт хийдэг ажилчдыг тусгаарлан, барааг ачуулах хүсэлт тавиад байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Эрээн хотод хөл хорионы тодорхой хугацаа заасан мэдээлэл байхгүй ч багаар бодоход 21 хоногийн тусгаарлалт үргэлжлэх магадлалтай. Тиймээс Эрээн хотын захиргаатай нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн татах авах санал хүргүүлэхээр болжээ.
ДОТООДЫН АЖ АХУЙ НЭГЖҮҮД ҮНЭЭ НЭМЖ, НОГООНЫ ОЛДОЦ МУУ БАЙНА
"Барс" худалдааны төвд хил хаагдсанаас хойш нарийн ногооны олдоц муудсан талаар худалдаачид хэлж байна. Ногооны зоориуд ихэнх нь хоосорч, дотоодын болон ОХУ-аас импортолдог жимс жимсгэнэ худалдаалж байлаа. Энэ талаар худалдагч Б.Оюунсүрэн “Хил хаагднасаас хойш нарийн ногоо худалдаалаагүй. Хил хаана гэсэн сургаар зооринууд бүгд хоосорсон. Зургаадугаар сарын 2-3 нд юу ч байхгүй. Огурци, помидори байхгүй болсон байна. Эрээний хил багадаа 21 хоног хаагдах төлөвтэй байгааг хүмүүс хэлж байгаа. Энэ хугацаанд нөөц бүрдүүлнэ гэдэг юу л бол доо” гэлээ.
Тус худалдааны төвд брокколи 17 мянга, чинжүү 17-18 мянга, салатны навч 18 мянга, бор мөөг 18 мянга, өргөст хэмх 16-18 мянга, улаан лооль 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин дотоодын хүнсний ногооны үнэ тогтвортой байна. Тухайбал, төмс 1500, лууван 4500, ногоон сонгино 2500, байцаа 6000 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Оросоос жимс жимсгэнэ татаж үзсэн. Гэхдээ тээврийн зардал өндөр, цаг хугацаа их ордог учраас түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн авах нь хохиролтой гэдгийг ярьж байна. Харин нарийн ногоо урд хөршөөс хилээр орж ирсэн ч үнэ буурахгүй байгааг тайлбарлахдаа “Дотооддоо халдварын тохиолдол, хорио цээрийн дэглэмээс болж Хятадууд хүнсээ нөөцлөөд эхэлсэн. Иймээс бидний авдаг байсан ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ вагоноор орж ирж буй учраас тээврийн зардал харьцангуй бага байгаа” гэлээ.
НАРИЙН НОГООГОО ДОТООДДОО ТАРИХ БОЛОМЖ БИЙ
Нарийн ногоо гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа юм. Иймд иргэдийн байр суурийг сонссоноо хүргэе.
Баянзүрх дүүргийн иргэн Г.Одончимэг "Цалин багатайн дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь иргэд бидний амьдрал хүнд байна. Нарийн ногоог хүн бүр хэрэглэхгүй. Өргөн хэрэглээний төмс, байцаа, лууван, сонгино дотооддоо тариалж байж яагаад үнэ нь ингэж өсөөд байгааг гайхаж байна. Манай гэр бүлийн хувьд Хятадаас орж ирсэн ногоог түлхүү хэрэглэдэг яагаад гэвэл Монгол ногооноос хямд байдаг. Хүнсний ногоо бол бидний өдөр тутмын хэрэглээ учир бөөнөөр авах боломжгүй байвал өдөр өдрөөр нь ч болов авч хэрэглэнэ" гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэн С.Эрдэнэбаяр "Дотоодоосоо хүнсний ногоогоо хангах нөөц бололцоо нь бий. Нарийн ногоог тарих, хүлэмжийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Манай улс хөрс сайтай газраар дутах биш дээ. Ургах боломжтой Дорнод Сэлэнгэ зэрэг зөндөө аймаг байна. Судалгаа явуулаад тариалан хийх боломж маш их байгаа гэж бодож байна. Ам бүл олонтой айлд бол хүнсний ногоо болон мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт маш хүнд байгаа. Эрүүл мэнд талаасаа ч ногоо хүнд маш хэрэгтэйг хүн бүр мэднэ. Хүнсний ногоо болон нарийн ногоо хэд хоног авахгүй байж байгаад авахаар бага багаар нэмэгдсээр л байна" гэв.
Нэг зүйлийг онцлоход сүүлийн өдрүүдэд тус төвд махан бүтээгдэхүүн буюу хиам зайдасны худалдан авалт буурсныг худалдаачид онцолж байна. Хүмүүс хиам гэхээс илүүтэй элэгний нухаш, өөр төрлийн хольц авч байгааг хэллээ. Харин нарийн ногооны хувьд албаны хүмүүс нөөцийг бүрдүүлж, татан авалтыг шуурхай зохион байгуулна гэж мэдээлж буй. Гэвч бодит байдалд бид урд хөршөөс ногоо татан авдгаа болих хэрэгтэй гэж улиг болгон ярихаас илүүтэй Монгол орны байгаль цаг уурт таарсан хүлэмжтэй, дотоодоо тариалдаг болох цаг үе ирснийг сануулж буй юм. Бид хэрэглэгч орон биш үйлдвэрлэгч орон болох нь энэ цаг үед хамгийн хэрэгтэй шийдэл гэдгийг иргэд хэлж байна.
Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг учир бид аль нэг улсын хилийн боомтыг царайчлах бус, өөрсдөө дотооддоо нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах нэн шаардлагатай үе иржээ.
Холбоотой мэдээ