“Цахим шилжилт ЭМ-ийн салбарт гарах түүхэн шинэчлэлт болно"

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

“Цахим шилжилт ЭМ-ийн салбарт гарах түүхэн шинэчлэлт болно"

“Цахим шилжилт ЭМ-ийн салбарт гарах түүхэн шинэчлэлт болно"

Монгол Улс цахим үндэстэн болох зорилго тавьсан. Түүнд хүрэхийн тулд тодорхой салбаруудад зорилт тавьж шинэчлэлт хийж байгаа. Өнгөн дээрээ шинэчлэлт хийж байгаа мэт боловч дэлхийн жишгээс харвал Монгол хоцрогдож яваа. Тэр дундаа эрүүл мэндийн салбар цахимжихад тулгамдсан асуудал их бий. Энэ талаар Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрүүл мэндийн яамны төслийн зохицуулагч Б.Амарсанаатай ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах шаардлага болоод давуу талын тухай яриагаа эхэлье?

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цахим шилжилт зайлшгүй хэрэгтэй болсонтой хэн ч маргахгүй. Цаг авахаас эхлээд, шатлалын эмнэлгүүд хооронд үйлчлүүлэхэд өвчний түүхийн мэдээлэл цахимд шилжих нь олон давуу талтай. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулаагүйгээс иргэд зузаан дэвтрээ тэвэрч, дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ дахин, дахин шинжилгээ өгөх нь хэвийн үзэгдэл болсон. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг. Түүнийхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авах хэрэгтэй.

Цааснаас цахим руу шилжсэнээр заавал дэвтэр дүүрэн оношоо хадгалах шаардлагагүй. Зарим хүн цахимд шилжих нь өртөг зардал өндөр гэж ойлгодог. Гэхдээ төсвийн хувьд цахим илүү ашигтай төдийгүй зардал хэмнэнэ. Цаас ашигласнаас төлбөр тооцоог ч хөнгөлнө.

Яаж ч бодсон зузаан цаас ашигласнаас цахим үнэмлэх, хурууны хээ ашиглаж өөрийн өвчний түүхийг цахимжуулах нь ашигтай. Иргэдэд ч эмнэлгийн салбарынханд ч зайлшгүй хэрэгцээтэй ажил.

-Тэгвэл энэ ажлыг төсөл хөтөлбөр болгож хэрэгжүүлэх ажил хэзээнээс эхэлж, одоо ямар шатанд явж байна вэ?

Дэлхийн банкны салбарын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 онд нээлтээ хийж 2016-2021 оны хооронд хэрэгжсэн. Энэ төсөл ирэх намар буюу есдүгээр сарын 30-нд хаагдана. Монголын эрүүл мэндийн салбарыг цахимд шилжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал олон байна. Эхнийх нь олон улсын эмийн нэршил, стандарт. Үүний дараагаар тоног төхөөрөмжийн хоцрогдол. Тэгэхээр энэ бүгдийг сууриас нь өөрчлөх шаардлага үүссэн.

Өрхийн эмнэлгээс хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд дата мэдээллийн сан байхгүйгээс өвчтөний түүхийг дахин нэгэн системд үүсгэдэг. Энэ бүхнээс үүдэж “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд өвчтөний мэдээлэл солилцооны платформыг хийх нь хамгийн чухал гэж үзсэн.

Олон улсад энэ ажлыг хамгийн жишиг стандарттай хийсэн орон бол Истони улс. Тус улсын тухайд дата бааз болоод харьцуулалт, судалгаа, бодит ажил хэрэг зэрэг амжилттай хэрэгжсэн учраас бид энэ жишгийг эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал бий юу?

-Шинэчлэлийг хийхэд тулгамдаж байгаа асуудал их. Мэдээллийн асар том дата санг үүсгэхэд хадгалах серверээс эхлээд дутагдана. Хоёрдугаарт, дата санг бүрдүүлэгч эмч нарын тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, шат шатны эмнэлэгт нэвтрүүлсэн системийн компаниуд мэдээллээ солилцоход өрсөлдөөнөөс шалтгаалаад хугацаа алдаж, хойш суудаг. Тиймээс суурь дата сангаас эхэлж өөрчлөх нь зөв. Энэ ажлыг хийхэд салбар яамнаас бодлогын хувьд дэмжих шаардлага их үүсч байгаа.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4 дүгээр журамд тусгасан цахим мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах журмыг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Энэ журмыг яаралтай баталснаар ямар систем ашиглах, олон улсын аль  стандартыг барих нь тодорхой болно гэсэн үг юм.

Мөн ЭМЯ-ны дэргэд цахим шилжилтийг хамтатгах нь зүйтэй. Тэгэхгүй бол Цахим хөгжлийн яамны харьяа болоод ирэхээр эрүүл мэндийн салбар гэж тусгайлан заасан нэршил биеллээ олохгүй. Тэгэхлээр цахим шилжилтийг хийхэд хугацаа их шаардаж байгаа юм. Хэрэв Истоний жишгээр монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж чадвал аймаг, сумдаас эхлээд алслагдсан дүүрэг, улсын томоохон эмнэлгүүд дэлхийн стандартын дагуу тоног төхөөрөмжтэй болж өвчтөнүүд ч цаас ашиглах шаардлагагүй болно. Гагцхүү бодлого, хэрэгжилтийн хувьд бүхий л талаас энэ шинэчлэлт, хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгаа юм.

-ЭМЯ-ны зүгээс энэ ажлыг бодлогын хувьд хэрхэн дэмжих шаардлагатай байна?

-Мэдээж аливаа нэг салбарт шинэ зүйл туршиж, хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй. Гол нь тухайн салбарт бодлогын зөв менежмент байх ёстой. ЭМЯ бодлогын хувьд цахим хэлтэстэй болох нь зөв. Түүнээс E-Mongolia, Цахим хөгжлийн яамны харьяа тус нэгжийг байгуулах нь үр дүнгүй. Учир нь асуудлыг мэдэж байгаа хүн гаргалгааг зөв олж харна. Тэгэхлээр дутагдаад байгаа асуудлыг шийдвэрлэх боловсон хүчинтэй нэгж байгуулах нь чухал асуудал мөнөөс мөн. Түүнээс бүх асуудлыг нэг яаманд хамаатуулж, хэт их үүрэг оноох нь ач холбогдлыг бууруулж, ажлын үр дүн ч бага гарна гэж бодож байна.

Бид "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд ЭМЯ, ЭМДЕГ болоод улсын томоохон бүх эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Түүний үр дүнд хэд хэдэн туршилтыг амжилттай хийгээд байна.

Тухайлбал, өвчний датаг бүрдүүлэхэд дүрс оношилгооны хариуг шилжүүлэх PACS программыг ашиглаж, туршилт хийсэн. Энэ нь УГТЭ-т хийлгэсэн дүрс оношилгооны хариуг Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар видео дуудлагаар харж буй мэт хүлээж авна гэсэн үг. Үүнийг нийт таван эмнэлэгт буюу дээрх эмнэлгүүдээс гадна ГССҮТ, Увс, Хөвсгөлд туршиж, амжилттай үр дүн гарсан. Ганцхан жишээ хэлэхэд, Covid-19-өөр өвдсөн хүний дата мэдээллээс ажиглахад өвдөхийн өмнөх болон дараах 3-6 сарын биеийн үзүүлэлтийг харьцуулж, өвчтнийг орон нутгаас зөөвөрлөхгүйгээр дараагийн шатлалын эмнэлэг шинжилж, оношлох боломж бүрдэж байна.

Дээр хэлсэнчлэн цахим шилжилт хийхэд ялангуяа орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж туйлын хангалтгүй байгаа юм. Тиймээс төслийн хүрээнд шаардлагатай эмнэлгүүдэд 2500 компьютер авч өгч, мэдээлэл хадгалж, түгээх серверийг байгуулна. Гэхдээ программ нь бэлэн болоогүй байхад тоног төхөөрөмж суурьлуулбал алдагдалд орох эрсдэлтэй. Тэгэхгүйн тулд төслийн хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Цахим өгөгдлийн санг бүрдүүлэх нь олон давуу талтай гэлээ. Гэхдээ хүний эрүүл мэнд бол хувь хүний нууцад хамаарах зүйл. Тэгэхээр дата буюу их өгөгдлийн аюулгүй байдалд анхаарах нь нэн чухал асуудал гэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Эрүүл мэндийн дата эмзэг өгөгдөлд хамаардаг учир улсын аюулгүй байдалтай ч холбоотой. Монгол Улсын 3.4 сая иргэний датаг цахимд шилжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хаалттай өгөгдөл нь Мэдээллийн аюулгүй байдлын тухай багц хууль, бусад хамаарах хууль тогтоомжид  захирагдаж оршино. Тиймээс аюулгүй байдал, нууцын зэрэглэлд иргэд санаа зовохгүй байх боломжтой.

Эхний ээлжид бид өвчний мэдээлэл солилцооны платформыг амжилттай нэвтүүлж, дараа нь дүрс оношилгооны хариуг илгээх, рентген зураг, томограф оношилгооны хариуг бүх шатлалын эмнэлгүүдэд хүргэх системийг идэвхжүүлнэ.

Энэ бүхэн амжилттай хэрэгжиж чадвал нэг талаар монголын цахим хөгжилд, нөгөө талаар эрүүл мэндийн салбарт гарах түүхэн шинэчлэлт болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж