Шинэ Зеланд улс хүлэмжийн хийн ялгаруулалттай тэмцэхийн тулд хонь, үхэрт татвар ногдуулах төвөлгөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөө хэрэгжсэнээр малчид нь малынхаа метан хийн ялгаруулалтын төлөө мөнгө төлдөг анхны улс Шинэ Зеланд болох юм.
Шинэ Зеланд улс таван сая гаруй хүн амтай. Түүнчлэн 10 сая үхэр, 26 сая хоньтой. Тус улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын бараг тал хувь нь хөдөө аж ахуйгаас гаралтай аж.
Төлөвлөгөө ёсоор малчид 2025 оноос эхлэн хийн ялгаруулалтынхаа төлбөрийг төлөх ёстой юм. Зөвхөн татвар төлөөд зогсохгүй нэмэлт урамшуулал ч уг төлөвлөгөөнд тусгагджээ. Тодруулбал, тэжээлийн нэмэлт бодис ашиглах замаар метан хийн ялгаруулалтыг бууруулж чадсан малчдад урамшуулал олгоно гэжээ.
Татварт цугларсан мөнгийг малчид, тариаланчдад зориулсан судалгаа, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээнд ашиглана гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгдлээ. Шинэ Зеландын Сангийн сайд өнгөрсөн сард Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгад зориулж 1.9 тэрбум ам.доллар хандивлажээ. АНУ болон Европын холбооны орнууд 2030 он гэхэд хийн ялгаруулалтыг 30 хувиар бууруулахаар өнгөрсөн жилийн “COP26” бага хурлын үеэр тохиролцсон. Шинэ Зеланд тэргүүтэй 100 гаруй улс энэхүү санаачилгыг дэмжиж гарын үсгээ зуржээ.
Метан нь нүүрстөрөгчийн давхар ислийн дараа орох хамгийн түгээмэл хүлэмжийн хий юм. Энэ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд өдгөө дэлхийн дулаарлын шалтгааны гуравны нэг нь метанаас хамаарч байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ