“Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь” салбар дундын уулзалт өнөөдөр/2022.06.09/ боллоо. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн хоол тэжээлийн зөвлөх мэргэжилтэн Фиона Ватсон хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх олон улсын чиг хандлага, хэтийн төлвийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр “Хүүхдийн хооллолт нь эцэг эх болон хүүхдийн сонголтоос хамаардаггүй хоол хүнсний орчин ямар байгаатай холбоотой байдаг. Ихэвчлэн эрүүл бус өөх тос буюу ханасан тос, транс тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь хадгалах хугацаа урт, маш амттай байдаг боловч хүний биед удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн чихэрлэг ундаа маш их уудаг. Үүнд бүх төрлийн чихэрлэг ундаа орох ба сахарын агууламж бага гэгдэх ундаанууд сахар орлуулагч ихээр ашигласан байдаг. Үүнтэй холбоотой хууль зүйн орчинг сайжруулах, Засгийн газартай хамтран ажиллаж чихэрлэг ундаанд агуулагдах сахрын хэмжээнээс хамаарч ногдох татварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнд агуулагдсан эрүүл бус нэгдлүүд болох сахар, давс гэх мэтийн найрлагын хэмжээг хүн бүхэнд ойлгогдохуйц байхаар бүтээгдэхүүний урд талд байрлуулах зэргээр сэргийлэх арга хэмжээ авч болно.
ЭМЯ-ны НЭМГ-ын урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтстийн дарга Б.Бямбатогтох:
-Халдварт өвчнийг үүсгэдэг гол хүчин зүйл нь хоол тэжээлээс хамаардаг. Элэгний хорт хавдар болон ходоодны хорт хавдраар нас барсан хүмүүс хамгийн их байна. Үүний гол учир шалтгаан нь таргалалттай холбоотой. Монгол хүмүүсийн иддэг үндсэн хоол маш цөөн орцтой байдаг. Үүнээс болоод авах ёстой хэрэгтэй шим тэжээлүүдээ авч чаддаггүй. Өнөөг хүртэл ээжүүдийн дунд хүүхдээ мярай сайтай, тарган байвал хоол нь сайн таарч байна, эрүүл байгаа юм байна гэсэн буруу ойлголт байдаг. Угтаа хэрэгтэй бодисын дутагдлаа илэрхийлж байгаа нь таргалалт юм шүү дээ.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар:
-Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт хоол болон хөдөлгөөний бүлэг бий. Тэгэхээр эцэг эхчүүдийн зүгээс тухайн хичээл нь орж байгаа эсэх, хооллолтын талаарх мэдлэгийг хүүхдээсээ асуух хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ хоол авч идээрэй гээд мөнгө өгч явуулдаг. Тэгэхээр хүүхдүүд түүгээрээ сахар ихтэй зүйл идэж байна уу, давс ихтэй зүйл идэж байна уу, илчлэг ихтэй хүнс хэрэглэж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Сургуулийн амралт эхэлсэн учир хүүхдийнхээ чөлөөт цагийг хэрхэн хөдөлгөөнтэй, эрүүл хооллолттой өнгөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Өглөөний цайгаа уух нь маш чухал юм. Өглөөний цайгаа уугаагүй хүүхдүүд өдөр 10:00-11:00 цагийн үед өлсөж эхэлдэг. Яг энэ үедээ гарт тааралдсан бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Гарт тааралдсан бүтээгдэхүүн гэдэг нь юу вэ гэхээр чихэр, шоколад, ундаа мөн дэлгүүрт ороод л шууд худалдан авалт хийхээр түргэн хоолнуудыг хэлдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн илчлэг өндөр байгаа нь өглөөний цайгаа уугаагүй хүүхдүүдийг илүү таргалалтанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Эцэстээ юуг хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг дадлыг сайжруулах ёстой. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь таргалалттай байгаа нь эцэг эхчүүд өөрсдөө ч мөн эрүүл хооллолтын талаарх мэдлэг дулимаг байгаа нь харагдаж байгаа юм. Тухайн гэр бүлийн хооллолт нь гал тогоо хариуцаж байгаа хүнтэй шууд холбоотой байдаг. Тиймээс гэр бүлийнхээ хооллолтонд анхаарч байнга авч дадсан хүнснүүдээ эрүүл мэндэд ашигтай бусад хүнснүүдээр баяжуулах нь зүйтэй.
Холбоотой мэдээ