Хойд Солонгос баллистик пуужин дахин хөөргөснөөс болж, НҮБ хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Тэгвэл Хятад, Орос хоёр НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцсэнээрээ өөрсдийнхөө хязгааргүй түншлэлийн харилцааг дэлхийн аюулгүй байдлаас дээгүүр тавьж байна гэх хардлагыг үүсгэв.
Тодруулбал, Хойд Солонгост тамхи, газрын тос экспортлохыг хориглох тухай АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэхийг Хятад, Орос хоёр эсэргүүцэж, бусад 13 гишүүн дэмжсэн байна. Түүнчлэн Хойд Солонгостой холбоотой гэх Лазарус хакерын бүлэглэлийг хар жагсаалтад оруулах санал АНУ гаргажээ.
Хятад, Орос хоёр дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлийн харилцаагаа зарласан. АНУ-ын ахлах дипломатч Жеффри Де Лаурентис Ерөнхий Ассамблейн 193 гишүүний хурал дээр хэлэхдээ, “Орос, Хятад хоёрын хориг нь тэдний түншлэлийн тусгал биш гэдэгт найдаж байна. АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар хэлэлцэхэд бэлэн байна” гэлээ.
Харин Хятадын дипломатч Ву Жианьжян мэдэгдэхдээ, “АНУ-аас өргөн барьсан тогтоолын төслийг эсэгүүцсэн Хятадын шийдвэр бүрэн үндэслэлтэй. БНАСАУ-ын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авах нь улс төрийн шийдэлд хүргэхгүй” гэжээ.
“АНУ-д хийж чадах зүйл маш их бий. Тухайлбал, БНАСАУ-д тавьсан хоригоо тодорхой бүс нутгуудад зөөлрүүлэх, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалт хийхээ зогсоох гэх мэт. Хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар хэлэлцэхэд бэлэн гэсэн үгнээс илүү үйлдэл чухал” гэж НҮБ дахь Хятадын элчин сайд Жан Жүн хэлэв.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ