Төв болон зүүн Европын орнуудад зориулан Хятадаас гаргасан “16+1” нэртэй хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс Чех улс гарахаар хэлэлцэж байна. Энэ алхам нь Прага хотын барууны чиг баримжааг сэргээх засгийн газрын амлалтад түлхэц болж магадгүй ч Бээжингээс улс төр, эдийн засгийн цохилт өгөх эрсдэлтэй. Тус хөтөлбөрөөс гарах шийдвэрийг Чехийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргасан бөгөөд удахгүй парламентад хэлэлцүүлнэ. Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавски хэлэхдээ, Хятадын талаас их хэмжээний хөрөнгө оруулалтыг амласан боловч бүтэн 10 жилийн хугацаа өнгөрөхөд өчүүхэн хэсэг нь л орж ирсэн гэжээ.
Хятадын засгийн газраас Европын холбоон дахь улс төр, эдийн засгийн нөлөөгөө хамгаалах үүднээс тус хөтөлбөрийг 2012 онд гаргасан аж. Хөтөлбөрөөр дамжуулан хуучин коммунист засагтай байсан зүүн болон төв Европын орнуудтай худалдааг өргөжүүлж, их хэмжээний хөрөнгө оруулах байв. Гэвч олон удаагийн хурал, чуулга уулзалт хийснээс биш хөрөнгө оруулалт нь автозам, гүүр болж биежээгүй аж. Үүний зэрэгцээ Хятадаас илүү Тайваниас ирж буй хөрөнгө оруулалт өндөр байгааг Чехийн зарим улстөрч тодотгосон байна.
“Зомби” хөтөлбөр гэгдэх болсон тус платформоос өмнө нь Литва улс өнгөрсөн онд гарсан. Литва улсын зүгээс тус хөтөлбөр нь Европын хуваах Хятадын арга заль гэж мэдэгдсэн байна.
ХЯТАД, ЧЕХИЙН ХАРИЛЦАА
Гэсэн ч Чехийн зарим албаныхан Хятадтай хоёр талын харилцаагаа хадгалахыг чухалчилж байна. Чех улс нь удаан хугацаанд гадаад бодлогын хувьд амжилтгүй явж ирсэн тул Хятадтай яриа хэлэлцээний шийдлийг үлдээх ёстой гэж тэд үзжээ. Чех нь Европын холбоо, Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/ байгууллагын гишүүн боловч тус улсын ерөнхийлөгч Милош Земан нь олон жилийн турш Хятад, Оростой ойр харилцаатай явж иржээ. Гэвч хөрөнгө оруулалт хангалттай татаж чадахгүй байгаа нь популист ерөнхийлөгчийн хүчийг сулруулсны дээр ОХУ, Хятадтай олон дипломат маргаантай юм . Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадтай харилцах харилцаа түүхэн доод хэмжээнд хүрч муудсан. Тухайлбал, Чехийн Сенатын дээд танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчид 2020 онд Тайваньд айлчилсныг Хятадын талаас эсэргүүцэж, “том төлөөс төлнө” гэж сүрдүүлжээ. Үүнээс хойш Хятад нь түшиж болохуйц итгэлтэй хамтрагч байхаа больсон гэж Прага хот дахь Олонс улсын харилцааны нийгэмлэгийн Хятадын бодлогын судлаач Ивана Караскова тодорхойлжээ.
Үүний зэрэгцээ Чехийн шинэ ерөнхий сайд Петр Фиала өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баруун, төвийн үзлийг баримталсан засгийн газраа бүрэлдүүлснээс хойш тус улсын барууны чиг баримжааг сэргээж эхэлжээ. Улмаар Милош Земаны зүүн үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Гэхдээ ОХУ-аас Украин руу довтолж, дайн эхлүүлснээр энэхүү хөдөлгөөн түр саарчээ.
АЛДАХ ЗҮЙЛГҮЙ
Чех улс 16+1 хөтөлбөрөөс гарснаар ямар үр дүн гарч болох талаар тус улсын Гадаад хэргийн сайд хариулаагүй. Гэхдээ Литва улс нь тус хөтөлбөрөөс гарснаар Хятадын талаас зарим цохилт хүлээсэн. Мөн Тайванийн засгийн газрын төлөөлөгчийн газрыг Вильнюс хотод нээснээс болж Хятад нь Литватай эдийн засгийн бүх харилцаагаа тасалсан. Тиймээс Чехийн зарим улстөрчид үүнээс болгоомжилж байна. Гэхдээ Чехийн парламентын даргын Тайваньд хийсэн айлчлалаас хойш Прага, Бээжингийн харилцаа хэдийнэ муудсан. Дээр нь Чехийн талаас 5G интернэт, атомын цахилгаан станц барих тендерүүдэд Хятадын компаниудыг оролцохыг хориглосон юм.
16+1 хөтөлбөрөөс үл шалтгаалан Чех, Хятадын хооронд худалдааны тэнцэл хэдийнэ маш их алдагдалтай байгаа учир Прагад алдах зүйлгүй гэж гадаад хэргийн сайд нь дүгнэжээ. Түүний шийдвэрийг Чехийн засгийн газрын бусад гишүүд санал нэгтэй дэмжсэн. Нөгөө талд зах зээл муудаж буйгаас болж Чехийн компаниуд хэдийнэ Хятадаас гарч эхэлсэн байна.
Нөгөө талдаа Чех нь улс төр, эдийн засгийн хувьд Бээжинд нөлөө үзүүлэхэд хэтэрхий жижиг боловч Хятад нь Европын худалдааны хоёр дахь том хамтрагч учир Прагад савалгаа үүсэх нь тодорхой гэж зарим шинжээчид дүгнэжээ. Литва улстай эдийн засгийн харилцаагаа тасалснаар Европын холбоотой зөрчилтэй болсон Хятадын маргаан асуудлыг улам гүнзгийрнэ гэж харж байна.
Холбоотой мэдээ