Н.Алтанхуяг дарга аа, Ардчилсан нам байхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг дарга аа, Ардчилсан нам байхгүй боллоо

“Ижлээ идэж ханиа хадрагсад” гэсэн үг өнөөдрийн Ардчилсан намын дотоодод өрнөж буй үйл явдалтай яг дүйхээр болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын анхан, дунд шатны байгууллагуудад болсон дотоод сонгууль үүнийг улам батлав. Уг нь ротацийн буюу дотоод эргэлтийн сонгуулийг хэдэн жилийн өмнө шударга зарчимд нийцнэ хэмээн ардчилагчид өөртөө гайгүй “нутагшуулсан” юм. Татвараа төлөөгүй, ажлаа хайхраагүй гээд элдэв шалтгаанаар сонгуульт ажилдаа зөрчил гаргагсдын оронд эргэлтээр шинэ хүмүүс оруулан намын удирдах байгууллагын цусыг сэлбэх сайн арга байсан нь тухайн үед нотлогдсон л доо. Гэвч жил өнгөрөх тусам үүнийг буруугаар хэрэглэсээр, тэр нь намын дотоод ардчиллыг эвдэх нэг шалтгаан болсоор өнөөг хүрсэн юм.

Гэхдээ арай энэ удаагийнх шиг ичгүүр сонжуургүй байдалд хүргээгүй. Аймаг, дүүргийн намын байгууллагад нэг л сонгууль болох ёстой байтал лав л нийслэлийн дүүргүүд зэрэгцэж ихэрлэсэн хос сонгуулиуд явуулчихлаа. Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд тус бүр хоёр сонгууль нэгэн зэрэг болжээ. Нэг нь “Алтангадас” фракцийнхны, нөгөө нь МоАХ угшилтай гишүүдийн сонгууль. Уг нь энэ удаагийн ротацийн сонгууль, түүний дараа болох ҮЗХ-ны эргэлтийн сонгууль Ардчилсан намын өнгийг тодорхойлох учиртай. МАХН-ын хавсрага болсон “Алтангадас”-чууд дийлж ягаарах уу, арай тууштай ардчилагчид олонхи болж цэнхэр өнгөө хадгалах уу гэдгийг үзэх өрсөлдөөний талбар энэ сонгууль болох юм. Гэтэл анхан, дунд шатандаа ягаан, цэнхрээрээ ялгаран тус тусдаа сонгуульджээ. Эндээс үүдээд Ардчилсан нам дотор ерөнхийдөө хоёр бүлэглэл үүсч айхтар талцаж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Эрх мэдлийг хэн атгах вэ гэсэн том өрсөлдөөний хөлд Ардчилсан нам нэрвэгджээ. Эцсийн бүлэгт энэ нь 2012 оны сонгуульд нэр дэвшихийн төлөөх, их мөнгө, эрх ашиг, эрх мэдлийн төлөөх тэмцэл юм.

Анхан, дунд шатандаа эрх мэдэлтэй болоод авбал ҮЗХ-ны гишүүн болох боломж нээгдэнэ. ҮЗХ-ны гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хамгийн түрүүнд эдэлнэ. УИХ-ын гишүүн болж чадвал эрх мэдэлтэй болно, авлига хээл хахуульд умбаж, эд хөрөнгө олж, ашигт малтмалын ордуудаас их мөнгө унагаж болох боломж түүний цаана бий. Үүний төлөө өнөөдөр Ардчилсан намынхан ижил дотроо талцан тэмцэлдэж хөрөнгө мөнгөө шавхаж байна.

ҮЗХ-ны гишүүд ротацийн сонгуульд нэг сая төгрөгийн дэнчин тавьж ордог, жил тутам нэг сая төгрөгийн татварыг намдаа төлдөг. Үндсэндээ Ардчилсан намынханд сонгуульгүй өнждөг жил алга. Сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилийг алгасалгүй сонгуульдсаар, түүнд мөнгө хөрөнгө харамгүй цацсаар. Яг УИХ-ын сонгуульд хүч үзэх болохоор жил өнжилгүй сонгуульдаж, байдгаа барсан эрхмүүд “Чоно ирлээ” гэж хуурсаар чоноо ирэхэд идүүлж орхидог ёгт үлгэрийн баатар шиг өрсөлдөгчдөө хуниулчихдаг гэмтэй болжээ. Дотроо талцаж, жил алгасалгүй сонгуульдаж, хөрөнгөө тараасаар олон наадам хэсч уралдуулсан морь шиг сульдсан Ардчилсан намынхныг өрсөлдөгч МАХН-ынхан бахаа ханган харж суугаа. Үнэн хэрэгтээ ижлээ идэлцсэн Ардчилсан намынхан амиа хорлосноос ялгаагүй юм болж байна. Гадагш өрсөлдөх хүч хөрөнгөө хоорондоо “барилдсаар” барж байна.

Тэдний дотроос арай эрүүл үзэл бодолтой хэсэг нь сая Ардчилсан хүчний холбоо байгуулж намаа “шалдан” байгааг шүүмжиллээ. Ардчилал эмгэгтэй болсныг илчиллээ.

“Өнөөдөр төрийн албыг түшиц газраа болгон эзэгнэж, түүгээрээ ханаж цадахаа мэдэхгүй мөнгө хийж, өөрсдийгөө долларын саятан болгоод буй бэрдүүд улам бүр эрх мэдэлд шунацгааж байна. Бэрдүүд эхлээд өмч хувьчлал, Монголын жижигхэн зах зээл дэх ашигтай бизнесүүдыг хоол болгон залгицгаасан. Дараа нь тэд төрийн албыг зарж бас худалдаж авцгаасан. Одоо тэд наймаалцсан албан тушаалынхаа сүлжээгээр уул уурхайг булаалдан хэмлэлдэж, уул уурхайгаас олсон мөнгөөрөө албан тушаалыг биш албан байгууллагуудыг, ардчиллын институтуудыг худалдан хувьчлан авч эхэллээ. Ард иргэдэд биш цөөн тооны олигархид үйлчлэх хэрэгсэл болсноор ардчилал эцэстээ авилгажиж, албан тушаалжсан "бэрдүүд"-ийн худал хуурмагаа халхлах хэрэгсэл төдий зүйл болон хувирч байна” гэж УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин Ардчилсан хүчний холбооны их хурал дээр хэлсэн юм. Тэгвэл Ардчилсан намын ротацийн сонгууль яг ийм бэрд болохыг мөрөөдөгчдийн хүсэлдээ хүрэх гарц мэтээр харагдах болжээ. МАХН-ын олигархиудтай хэтэвчээрээ нэгдсэн одоогийн удирдлага бусдадаа бэрд болохын үлгэрийг үзүүлж байна.

Нэгэн цагт хамтарч Ардчилсан намыг байгуулсан Монголын Үндэсний Ардчилсан нам, Монголын социал демократ намын гагнаас үүнийг дагаад задарч байна. Тэд нэг дээвэр дор нэгдэхээсээ өмнө УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” хэмээх нэртэй эвсэл болж орсон. Гэвч ардчилагчдад эрх барих завшаан олдсон үүлэн чөлөөний нарыг ашиглалгүй эв түнжин хагарч гурван ч Засгийн газраараа туг тахин нэр нүүрээ барж, сүүлдээ хоёр намаараа салан бүрэн эрх нь дуусаагүй байхад эвслээ цуцалсан юм. Олонхийн бүлэг нэртэй бүлгээ нам тус бүрийн дэд бүлэг болгон салгаж, хамтарч хуралдахаа болиод “Мандухай бид хоёр энэ мэт байхаа болиод удлаа” гэгчээр “хөнжил тусгаарласан”. Сонгуулийн хамтарсан мөрийн хөтөлбөрөө ч нулимж орхисон. Шанд нь 2000 оны сонгуулиар “үсгүй хусуулна” гэгчээр парламентын тогооноос бүрмөсөн арчигдаж, ганцхан Ж.Наранцацралт агсан УИХ-д сонгогдсон юм. Үүнээс хаширсандаа тэд 2000 оны арванхоёрдугаар сард нэгдэн нэг нам болсон түүхтэй. Гагцхүү угийн таарамж муутай хоёр болохоор өнгөрсөн есөн жилд эвлэж чадалгүй өдийг хүрчээ. УИХ-ын 2004 оны сонгуульд бас л Эх орон нам, ИЗН-тай эвсч орсон ч хэдхэн сарын дараа эвслээ задалж нэг их удалгүй Их эвслийн Засгийн газраа тонгорсон. Бүлэг байгуулах эрхгүй хоцорчихоод МАХН-ын бүлэгтэй нэгдэж бүдүүн бүлэг үүсгэсэн, тэндээсээ хөөгдсөн. УИХ-ын 2008 оны сонгуулиар луйвардуулсан ч бай цөөнх болчихоод МАХН-тай Хамтарсан Засгийн газар байгуулсан гээд Ардчилсан намынхан өрсөлдөгчийнхөө “өвөрт” орсон нь нэг бус.

Харин МАХН-ынхан Ардчилсан намынхныг баахан эдэлчихээд хэргээ гүйцэхээр өврөөсөө гаргаад шидчихдэг нь гэм биш, үүнд нь ч ардчилагчид хашралгүй гэнэдсээр лавтай арваад жилийг үдэв. Ингэж МАХН-д өөрөө өгөөш бэлдэж, өөрийн ухсан нүхэнд тээгэлж унасаар яваа Ардчилсан нам энэ чигээрээ удвал улс төрийн “орхидос” болоход дөхжээ. Хэдэн жилийн өмнө нэрт нийтлэлч Баабар “Ардчилсан нам нас барав, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе” гэж бичиж билээ. Тэр байдал өнөө ч хэвээр байна.

Ардчилсан намын удирдлагад өнгө мөнгө, зузаан хэтэвч л байвал жирийн гишүүдийн хүсэл тэмүүлэл, ашиг сонирхол, ардчиллын ирээдүй огт хамаагүй болжээ. Үүний төлөө тэд МАХН-ын  хөнжилд хэдэнтээ шургаж өдгөө өнгө зүс нь ялгарахаа болиод байна. Гэм нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН тэднийг хамтарсан гэрээсээ хөөж хамаг буруугаа тохоод хэн ч биш болгох вий дээ.
Нэгэнт ротацийн сонгуулиа ч хийж чадахгүйд хүрч экс намаараа талцах болсон Ардчилсан намынхан ардчиллаа манаж чадахгүй бол Ардчилсан нам, Соцдекээрээ салж дахин хоёр нам болбол яасан юм бэ. Н.Алтанхуяг дарга аа, Ардчилсан нам өнөөдөр байхгүй боллоо. Гишүүд тань ханиа хадарч, ижлээ идээд дууслаа. Арай хамтарч ажиллаад байгаа МАХН тань Ардчилсан намыг булшлах үүргийг та нарт өгсөн юм биш биз?

Эрүүл саруул хэсгийнхээ хэлсэн үгийг анзаарч шилэн байраараа нэг шагайж орон гэрээ эргэнэ байгаа. Ардчиллын өргөө барина гээд байгаа тэр буурин дээр танай гэр байна уу, үгүй юү, хэдэн гишүүн тань хаана юу хийж таваргаж явна вэ. Их эрх мэдлийн цаанаас түр өндийж нам руугаа өнгийхгүй бол тэнд нэг л биш болжээ. Нэгдэж нийлсэн экс намууд удахгүй оёосоороо задарч хадаасаараа ханзрах гээд тэлчилж байх шиг зураг ротацийн сонгуулиар харагдаж байна. Ардчилсан нам гэж одоо ер нь байна уу?

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж