Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цагаар өнөөдөр /2022.06.09/ Сонгуулийн ерөнхий хорооны буруутай үйл ажиллагаанаас болж Завхан, Булган аймгуудад нөхөн сонгууль явах боломжгүй болсон талаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Улсын их хуралд төрийн өмчит компаниудыг хэрхэх талаар ярьж байна. Эрх баригчид энэ асуудлыг өнөөдөр олж харж байгаа нь харамсалтай. Төрийн өмчит компаниудад авлига, ялзрал гээд бүхий хар бараан зүйлс өрнөж байна. Мөн үүнээс гадна хувийн хэвшлийн ашигтай байгаа бизнес рүү дайрч орж байгаа нь утгагүй. Төр хэзээ ч иргэдийнхээ идэх хоол руу дайрах ёсгүй. Гэтэл Монголд энэ зарчим алдагдаад удаж байна. Нэг дарга гарч ирээд халамжийн тогтолцоог лавшруулж, иргэн бүрд мөнгө тараана гэвэл хэн ч чадна. Эрх баригчид үндсэн ажлаа хийж чадахгүй байна.
Хууль батлахдаа хүртэл өмчийн эзэмшигч, зах зээлийн эргэлтэд хэрхэн оруулах, менежментийн хувьд яах талаар оруулж чадахгүй байна.
Төрийн өмчит компанийн удирдлагад хурган дарга нар цавчаа хийж, авлига авч байгааг зогсоох болсон. Энэ асуудлыг яагаад цогцоор нь ярихгүй байгаад гайхаж байна. Өргөс аваад асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт, Монгол төрийн бодлого харалган болжээ. Бодлого боловсруулах ёстой сайд, дарга нар лабораторийн ажил хийгээд сууж байна. Монгол төр толгойноосоо эхэлж өтөж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар бүх асуудал дээр очиж, нүүрийг нь таглах боллоо. Ерөнхий сайд бусад сайд нар нь ажлаа хийхгүй бол чөлөөлөх ёстой. Иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй бол суудлаа өгөх нь зөв. Гуравдугаарт, улс төрийн намын тухай асуудал. Намууд нь орон байраар уралдаж, бодлогын асуудлаа хол хаясан тогтолцоотой, зарчимтай улс хаана ч байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай яригдаж байгаа энэ үед ардчилсан тогтолцоог гээж болохгүй. Тиймээс бодлогын асуудлыг цогцоор нь харж байж шийдлийг олох хэрэгтэй. Монгол Улсын бүх ачаа эрх мэдлийг бүрэн авсан МАН-ын толгой дээр байгаа. Тиймээс сайд дарга нар нь хариуцсан ажлаа хийхийг шаардаж байна.
СЕХ МАН-ТАЙ ХУЙВАЛДАЖ БАЙНА
АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр:
-Ардчилсан намд хоёр төрлийн маргаан байсан. Тухайлбал, намын дарга болоод тамга тэмдэгтэй холбоотой. Үүнийг нам дотроо хагаралдсан мэт ташаа мэдээллийг сөрөг хүчнээс их цацсан. АН-ын даргын тухай асуудал тавдугаар сарын 21-нд эцэслэн шийдвэрлэгдсэн. Харин тамгатай холбоотой асуудал 2022 оны зургадугаар сард захиргааны хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэдэг үндэслэлээр хаагдсан. Ингээд жил үргэлжилсэн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн гэсэн үг. Одоо үүсээд байгаа нэг зүйл бол нөхөн сонгуултай холбоотой.
Завхан, Булган аймгуудад нөхөн сонгууль явах боломжгүйд хүрээд байна. МАН-ын зүгээс СЕХ-той хамтарч өрсөлдөгчгүй эрх барих оролдлого хийж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо Эрүүгийн хуулийг 11.4-д заасан эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй, зөрчиж, нөхөн сонгуулийг хууль бусаар зохион байгуулахыг оролдож байгаа учир ТЕГ-т өргөдөл гаргасан. Орон нутгаас гурван аймагт НИТХ-ын төлөөлөгч сонгож чадахгүй байгаа СЕХ ирэх жил яаж сонгууль явуулах вэ? Тиймээс хууль зөрчиж буй тус хороог шалгах нь зүйтэй. Намын гол үйл ажиллагаа бол сонгууль. Тэгэхлээр энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
ҮБХ АН-ЫН БОДЛОГО, ШИЙДВЭРТ САНАЛ ӨГДӨГ БОЛНО
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд:
-Ардчилсан намын дүрэм журмыг шинэчлэн батлах тухай ажлууд хийгдээд явж байна. Намын ҮБХ-ны хурлаар танилцуулсан. Зургадугаар сарын 2-нд болсон ээлжит бус хурлаар үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. АН-ын бүлгийн гишүүдийн дүрэм журмыг төлөөллийн төв байгууллага баталдаг болж байгаа. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31.1.4-д заасан хуулийн зохицуулалттай нийцүүлж ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс бүлгийн бодлого, шийдвэр бүрд ҮБХ-ны гишүүдийн саналыг тусгах зарчмын өөрчлөлт хийсэн.
Түүнчлэн, АН-ын бүлгийн дарга, дэд дарга, хүний нөөцийг бодлогын хорооны гишүүдийн саналаар шийдвэрлэнэ.
АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бүтцийг өөрчилж байгаа гэсэн үг. Тэгэхлээр цаашдын бүх үйл хэрэгт ҮБХ-ны гишүүд гар бие оролцоод явна.
Холбоотой мэдээ