Монполимет групп түүхэн 30 жилийнхээ ойн хүрээнд өрнүүлэх үйл ажиллагаагаа уламжлалт “Нэг мод – Нэг амь” аянаар эхлүүлж байна. Энэхүү аян нь дэлхийн шим мандлын салшгүй хэсэг, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч мод тарьж ургуулахад хувь нэмрээ оруулж буй хувь хүн, гэр бүл, байгууллагыг урамшуулан дэмжих, тэдний туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх мод, бут тарьж ургуулахын ач тусыг нийтэд ойлгуулах зорилготой билээ.
Энэ удаа бид “Цэнхэр дэлхийдээ “Нэг мод–Нэг амь” бэлэглэе” уриа дэвшүүллээ. Нийтийн эзэмшлийн талбай болон өөрийн хашаандаа мод, бут тарьж ургуулан, хүрээлэн буй орчиндоо хүчилтөрөгч бэлэглэж, байгаль дэлхийдээ “Нэг мод – Нэг амь”-иар хувь нэмэр оруулж буй хэн бүхэн эл аянд оролцох боломжтой.
Аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг энд дарж авна уу.
Монполимет групп 30 жилийн хугацаанд хариуцлагатай бөгөөд мэргэжлийн уул уурхайг хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй нөхөн сэргээлтийн арга туршлагыг бодитойгоор хэрэгжүүлж “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж”-ээр 20 удаа шалгарсан. Бид энэ хугацаанд 300 мянга гаруй мод тарьж, долоон төгөл байгуулан, цэнгэг уст “Тосон нуур”-ыг хүний гараар бүтээж Монгол Улсын усны тооллогод хамруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. “Тосон нуур”-т одоо зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйлийн загас амьдарч, хун, алаг нугас, цахлай, дэглий, бор галуу, хар галуу зэрэг усны шувууд зуссан үзэсгэлэнт газар болж, жилээс жилд байгалийн унаган төрхөө олсоор байна.