УБТЗ өөрсдөөс шалтгаалах ажлынхаа "тааз"-нд тулсан

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

УБТЗ өөрсдөөс шалтгаалах ажлынхаа "тааз"-нд тулсан

УБТЗ өөрсдөөс шалтгаалах ажлынхаа "тааз"-нд тулсан

Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөрт

Амь насаа бүү эрсдэлд оруул!

Саяхан УБТЗ-ын Тээврийн хяналтын албанаас “Гармын аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулж, холбогдох албаныхныг оролцууллаа. Зорилго нь тодорхой. Төмөр замын гарам дээрх осол зөрчлийн тоог бууруулах, түүнээс болж галт тэрэг яаралтай тоормос хийх, цаашлаад хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх байв. Хамгийн чухал нь хотын хөл хөдөлгөөн, ачаалал ихтэй гармуудыг авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах шаардлага тулгарсныг Нийслэлийнхэнд дуулгах байсан. Энэ л гол зорилго. Угтаа УБТЗ Олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон 2013 оноос эхлэн “Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, төмөр замын гарам дээр гарч буй осол, зөрчлийг бууруулах, энэ чиглэлээр тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигчдод хандсан сурталчилгаа зохион байгуулсаар ирсэн. Мөн гармыг иж бүрэн тоноглож, тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, гэрлэн дохио, зарлан мэдээлэх, хаалт, хориглолын системүүдийг шинээр суурилуулан орчин үеийн стандартад нийцсэн гармуудыг аль хэдийнэ УБТЗ-ын хэмжээнд ашиглаад удлаа. "УБТЗ өөрсдөөс шалтгаалах ажлынхаа “тааз”-нд тулсан. Гармын ийм тоноглолыг барагтаа Японд л харах боломжтой” гэж албаны хүний хэлсэн санаанд буув. Магадгүй юм. Үүний үр дүнд 2013 онд төмөр замын гарам дээр гарсан зам тээврийн 21 осол 2014 онд 12 болж 43 хувиар, 2015 онд мөн 12, 2016 онд гурав, 2019 онд зургаа, 2020, 2021 онд ес гэх мэтээр нэг орон тоо руу орж буурсан үзүүлэлт гарсныг та мэдэх үү.

Осол, зөрчлийн тоо буурсан ч…

“Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж буй улс орнуудын жишээг харахад гармын аюулгүй байдлыг хангахын тулд техник технологийг нь сайжруулах, эрсдлийг бууруулах, иргэдэд мэдээлэл өгөх  зэргээр аюулыг бууруулж ирсэн байдаг юм билээ. Ингэснээр төмөр замын аюултай бүсэд гарах иргэдийн нас баралтын тоо эрс буурсан байх жишээтэй. Тухайлбал, АНУ-д 1972 оноос хойш энэ төрлийн осол аваар 84, Канадад 1980 оноос хойш 75, Франц улсад 2000 оноос хойш 50 хувь тус тус буурсан байна. Харин манай улсын хувьд хоёр оронтой тооноос нэг оронтой руу буурсныг дээрх судалгаанаас бид харж болно. Гэвч эрсдэл байсаар л байна. Он гарснаас хойш төмөр зам авто замтай огтлолцсон хэсэгт эрдэнэт хүний амь нас эрсэдсэн нэг тохиолдол гарсан бол 20 зөрчил бүртгэжээ. Тоон үзүүлэлтээр осол, зөрчлийн тоо хэдий буурч байгаа ч төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа саатах тохиолдол гарсаар байгаа нь иргэн таны амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засгийн утгаараа төмөр замын байгууллагад маш их хор хохирол учруулдаг юм. Тэр ч үүднээс хүн бүрийн анхаарал хандуулах ёстой зүй ёсны асуудлын нэг гармын аюулгүй байдал мөнөөсөө мөн.

Яаралтай тоормос хийсэн тохиолдол бүрийн цаана…

УБТЗ-ын хэмжээнд яаралтай тоормос хийсэн судалгааг сүүлийн гурван жилээр харвал,  2020 онд галт тэрэг 183 удаа яаралтай тоормос хийж, нийт 31 цаг 15 минут, 2021 онд 176 удаа яаралтай тоормос хийж нийт 37 цаг 36 минут, 2022 оны эхний таван сард 53 удаа яаралтай тоормос хийж, нийт 10 цаг 23 мин зогсжээ. Эдийн засагчдын гаргасан тооцоогоор бүрэн жинтэй галт тэрэг шаардлагагүй газар зогсоод, ахин хөдөлхөд 40 литр түлш буюу 92601 төгрөгийн үргүй зардал гаргадаг. 2020 онд түлшний дундаж үнэ 1270, 2021 онд 1829, 2022 оны дундаж үнэ 2756 төгрөг байж. Түлш нь УБТЗ-ын хэмжээний зардлын талаас илүү хувийг эзэлдэг гэдгийг машинч байтугай төмөр замын бусад салбарынхан ч андахгүй. УБТЗ-ын ачаа эргэлт нэмэгдэх үед буюу Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй галт тэрэгний тоо нэмэгдэхийн хэрээр дээрх тоо улам өсөх магадлалтай. Магадгүй галт тэргийг авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах нь эрсдлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл байж мэднэ. Энэ талаар ч УБТЗ-ынхан Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, асуудлаас яаралтай гарахаар тохиролцсон байдаг. 2016 онд зохион байгуулсан “Төмөр замын гарам-Аюултай бүс” зөвлөгөөнөөс гарсан шийдвэрээр авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудад төмөр замын гармууд дээр Замын цагдаагийн зохицуулагч ажиллуулж эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон шийдэл болсон. Гэхдээ л энэ бүхэн "гал унтраах" л маягтай. Төдийлөн урт хугацаанд үр дүнгээ өгөх нь юу бол. Хичээл, сургууль эхэлсэн, баярын өдрүүдэд Замын цагдаагаас зохицуулагч гарч ажиллаад ч гарам дээрх хөдөлгөөнийг зохицуулах бэрхтэй өдрүүд цаана нь олон бий. Ямартаа л "Богд уулын урдуур төмөр замаа тойруулж холбох нь одоогийн авто замын хөдөлгөөн, хот дундуур дайран өнгөрөх галт тэрэгний тоог бууруулахад багахан ч атугай нөлөөтэй" гэж ярих нэгэнтээ та таарна. Үгүйдээ л "Дан зорчигчийн галт тэрэг нь яваад эхэлбэл бодитой үр дүн үзүүлэх нь дамжиггүй биз" гэж тэд хэлж магадгүй юм.

Асуудал та бидэнд байна

Гарам дээр гарсан нийт ослыг судлан бүртгэвэл 98 хувь нь, хувь хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарсан гэх судалгаа гарч. Үүнийг хүний ухамсартай холбон тайлбарлахаас өөр ямар ч арга байхгүй. Тээврийн цагдаа, прокурор гээд албаны хүмүүс ч үүнийг нотолдог. Галт тэрэг хэдийнэ ойртон ирж, дохио өгсөн байхад л гармаар амжиж гарах гэж зүтгэдэг, бүр нэвтрэхийг хориглосон гармын жижүүрийг хүртэл үл тоон үгээр дайрч давшлах, бага хазаар түрэх, түлхэх, гэмтэл учруулах, хаалт хориглолыг дайрч зогсох гээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын наад захын соёл зарим жолоочид үнэхээр дутагдалтай байгааг та яг одоо гарч очоод аль ч гармаас харж болно. Төмөр зам дахь Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр, он гарсаар гэрлэн дохио зөрчиж, хаалт сүлжсэн, мөргөж эвдсэн, овор гаргаагүйгээс галт тэргэнд шүргүүлсэн хэд хэдэн хэрэг гарсан гэнэ. Дийлэнх хувийг галт тэргэнд явган хүн дайруулах, тээврийн хэрэгсэл галт тэрэгтэй мөргөлдөх тохиолдол эзэлсэн аж.

Хурдаа авсан автомашин яаралтай зогсох үед тодорхой хэмжээнд зам туулж байж зогсдог гэдгийг хүн бүр мэднэ. Яг үүний нэгэн адил 6000 тонн жинтэй 100 вагон чирсэн зүтгүүр 80-100 км/цагийн хурдтай аялж байх үед өмнөө тулсан саадыг аюулгүй өнгөрүүлэхийн тулд 1000 метр буюу нэг км замыг туулж байж зогсдог. Үүнээс богино зайд зогсох ямар ч боломжгүй. Иймд иргэд та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хэдхэн хоромд галт тэргийг өнгөрөөгөөд хөдөлгөөнд оролцох нь зүйтэй юм. Асуудал та бидэнд л байна.

Жолооч таны соёл чухал

Хуучин Замын цагдаагийн уулзвар буюу 406 дугаар км-ийн гарам дээр ажиллаж байсан Т.Пүрэвсүрэн гэх эмэгтэйн яриагаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын соёл туйлын хангалтгүй гэнэ. Гармын жижүүрийг жолооч нар хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, бүр биед нь хүртэл гар хүрч гэмтэл учруулсан тохиолдол олонтаа гарчээ. Тэр бүү хэл гарам дээр хүртэл авто машин мөргөлдөөд хөдлөхгүй таг зогсчихдог учир түгжрэл үүсгэж, галт тэрэг барих нь цөөнгүй аж. Энэ явдал өдөртөө хэд хэд тохиолдоно гээд бодохоор гармын жижүүрүүд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Ганцхан гармын жишээ ийм. Гармын жижүүр хүн авто замын хөдөлгөөн хүртэл зохицуулж, бусдыг гарч болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлснийхээ төлөө муу, муухайгаар хараалгаад зогсох харамсалтай хэрэг биш үү. Т.Пүрэвсүрэнгийн хэлж буйгаар Замын захиргаанаас гаргасан ачаалал ихтэй тодорхой цагуудад замын цагдаагийн зохицуулагч гарган ажиллуулах болсон шийдвэрийг "Үнэхээр зөв" гэсэн. Жолооч нарт гармын жижүүр шаардлага тавих, замын цагдаагийн зохицуулагч шаардлага тавих гэдэг адилтгаж болохооргүй зүйл гэдгийг гарам дээрх нөхцөл байдал өнөөдөр ч бидэнд харуулсаар байна.

Шаардлагатай цэгүүдэд яаралтай хоёр түвшний огтлолцол хийх хэрэгтэй

Таван шар буюу 396, Дүнжингарав захын гэх 407 дугаар км-ийн гармууд нь ачааллын хувьд төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан “Гарам ашиглалтын журам”-ын зэрэглэлд огт тохирохгүй байгаа гэх. Учир нь, галт тэрэгний хөдөлгөөнөөс хамаарахгүйгээр өдөрт 7000 буюу түүнээс дээш тээврийн хэрэгсэл нэвтрүүлж буй гарам нь нэгдүгээр зэрэглэлийн гарам байх ёстой юм. Гэтэл тус гармуудаар өдөртөө 100 орчим мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 510 мянга  гаруй тээврийн хэрэгсэл тогтмол замын хөдөлгөөнд оролцдог. Эдгээрээс 200 орчим мянга нь төмөр зам хөндлөн гарч байдаг. Дээр нь, Улаанбаатар хотын авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас үүдэлтэй энэ их тээврийн хэрэгслийн түгжрэл байсаар байгаа цагт гармын аюулгүй байдлын наад захын дүрэм, журам хангагдахгүй байх нь тун энгийн бөгөөд ойлгомжтой зүйл. Ядаад жил бүр 4000-10000 гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэж байна шүү дээ. Энэ нь, биднийг шаардлагатай цэгүүдэд яаралтай хоёр түвшний огтлолцол хийх ёстойг сануулсаар байгаа билээ.

Зогс, хар, сонс

УБТЗ-ын хэмжээнд 280 гарам байдаг. Үүнээс 202 нь салбар замд байдаг бол гол замдаа 78 гарамтай. Гол замд байх эдгээр 78 гармын 51 нь автомат хаалт, хамгаалалт, дохиоллоор тоноглодогдсон. Үлдсэн нь ердийн тэмдэг, тэмдэглэгээгээр зохицуулагддаг. Тэгвэл нийслэлд гол болон салбар замд гээд нийт 172 гарам ашигладаг бөгөөд энэхүү төмөр замын аюултай бүсээр хоногт 1400, хоёр эгнээ төмөр зам бүхий хэсэгт 2500 хүн, 200000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Хэдий УБТЗ гармын дохио, тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг тогтмол сайжруулан иргэд, авто тээврийн хэрэгслийн жолооч нарт сургалт, сурталчилгаа зохион байгуулж ирсэн ч осол, зөрчил тасрахгүй байгаа нь тун харамсалтай. Төмөр замын гарам эзэлгээтэй байх хугацаа уртассан, төмөр зам дээрх осол, зөрчил байсаар байгаа цагт төмөр замын гармыг хонгилон болон гүүрэн гарцтай болгох, төмөр зам авто замтай огтлолцож буй хэсгийг ижил бус түвшинд огтлолцуулах хэрэгцээ шаардлага өндөр болж. Энэ нь, нэг талаас нийслэлийн нийтийн тээврийн түгжрэлийг багасгах. Нөгөө талаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх маш чухал асуудал. Хамгийн чухал нь, дээр дурдснаар ослын 98 хувь нь дан ганц та биднээс шалтгаалж байгаа тул та төмөр замын аюултай бүсээр нэвтрэн өнгөрөхдөө "ЗОГС, ХАР, СОНС" гурван дүрмийг ягштал баримтлахыг уриалж байна.

Б.Мөрөн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж