ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ НОЦТОЙ АСУУДАЛ ИЛРЭЭГҮЙ ГЭВ
“Эрдэнэ Mонгол” компани хууль зөрчиж байна. Ёстой л газар гишгэх, гал үлээхээс бусад нь бүгд худлаа. Уул уурхайн олборлолт хийхээр авсан зөвшөөрлүүд нь бүгд худлаа. Дандаа хууль зөрчсөн байгаа. Үүнийг шалгах ёстой. Энэ компанийг Шинэжинст төдийгүй Монголоос үтэр түргэн зайлуул. Говийг тэр чигт нь эрэмдэг зэрэмдэг болгох гэж байна” гээд л хэсэг бүлэг хүн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхлээд дайрч давшлаад эхэлсэн. Телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж, бүр хэлэлцүүлэг өрнүүлж, яамдын үүдэнд жагсаж, Уул уурхайн яамнаас эхлээд Байгаль орчин аялал жуучлалын яам, АТГ-т хандаж, “Эрдэнэ Монгол” компанийнхныг шалгуулж байна. Ингээд зогсохгүй шүүхэд хүртэл хууль зөрчсөн гээд гомдол гаргаад өгчихөж ээ. Дээр дурдсан хоёр яамныхан сандралдаж, нутгийн малчдыг өмөөрөөд ар араасаа нь хяналт шалгалтыг сэхээ завдал өгөхгүй оруулсан байна. Ингээд Уул уурхайн яам, Байгаль орчин аялал жуучлалын яамны ажлын хэсгийнхэн “Эрдэнэ Монгол” компанийн ашиглалтын лиценз бүхий талбайд үзлэг, шалгалтуудыг идэвхийлэн хийсэн байна.
СЭГС ЦАГААН БОГДЫГ УХААГҮЙ, ЗАГАН ОЙГ СҮЙТГЭЭГҮЙ, ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХУВЬД “НО” АЛГА
Өнгөрсөн өвлөөс эхлээд Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар хотын нэр бүхий 30 орчим иргэн нэгдэн, зохион байгуулалтад орж, малчид, нутгийн жинхэнэ эздийн нэрийг барин “Алтан нутгаа хамгаалъя” ТББ, “Сэгс цагаан богд-Нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага байгуулан байсхийгээд “Уул уурхайгаас болж Шинэжинст сумын ургамал, ан амьтад устаж үгүй боллоо.Үүнд Канадын хөрөнгө оруулалттай Эрдэнэ Монгол компани буруутай”, “Эрдэнэ Монголын удирдлагууд бидэнтэй уулзахгүй байна”, “Сэгс цагаан богдыг юу ч үгүй болтол нь ухаад эхэллээ”, “Алдарт Сэгс цагаан богд баруун, зүүн хормойгоосоо сэндийчүүллээ. Эрдэнэ Монголын тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч” гэх мэтээр уриа лоозон барин, хэвлэлд ярилцлага өгч, жагсаал, цуглаан зохион байгуулсан. Удаа дараа, холбогдох байгууллагуудаас жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг нь цуцалтгүй гүйж, олж аван байж жагсаал хийж буй иргэдийн дуу хоолойг Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхайн сайд, АМГТГ тэргүүтэй холбогдох газруудын дарга, мэргэжилтнүүд сонсож, тэдний өргөх бичиг, хэлэх үгийг нь хүлээн авч, уулзсаар ирсэн. Тэгээд зогсохгүй хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, өнгөрсөн хавраас хойш “Эрдэнэ Монгол” ХХК-ийн ашиглалтын талбайд байгаль орчинд нөлөөлөх болон бусад бүх төрлийн шаардлагатай үзлэг, шалгалтыг удаа дараа хийсэн байдаг. Тэр бүрдээ байгаль орчин, ан амьтад, ундны ус, хүн, малд сөрөг нөлөө үзүүлэхгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулах бүх төрлийн шаардлагыг хангаж байна гэсэн албан ёсны дүгнэлтүүдийг гаргасаар ирсэн байдаг. Хамгийн чухал нь, Улаанбаатар хотод “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж жагсаад байгаа хүмүүсийн хэлж, ярьж байгаа “Байгаль орчин сүйтгэж, уул, ус, ургамал, амьтан, малчин, малд сөрөг нөлөө үзүүлээд, сүйрүүлээд байна” гэх мэдээлэл, гомдлын мөрөөр шалгах гэхээр тус компани олборлолтоо огт эхлээгүй байдаг. Алтны үндсэн ордоос алт олборлох техникийн болоод бусад бүх үйл ажиллагаа нь эхлээгүй, хэдэн харуул лицензийн эзэмшлийн талбайгаа сахиад байж байдаг. Өөрөөр хэлбэл, эвлэлдэн нэгдсэн хэсэг бүлэг “эх оронч” нэртэй бусдын гар хөл бологсдын худал эсэргүүцэл шантааж хийх зорилготой нь ийнхүү удаа дараа илчлэгдсэн учир хууль хяналтынхан, төрийн албаныхан асуудалд илүү бодитой ханддаг болжээ.
ОРОН НУТГИЙН ИРГЭД, УДИРДЛАГУУДЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭДГИЙГ ШАЛГАЛТААР ТОГТООЖЭЭ
Сүүлийн 20 жилд геологи хайгуулын чиглэлээр 60 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татан төвлөрүүлсэн Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн “Баянхөндий” төсөл нь улс, орон нутгийн төсөвт 218.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ТЭЗҮ-дээ тусгажээ. Үүнээс 9.01 тэрбум төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулах юм. Гол нь энэ компанийн олборлох алт бүтээгдэхүүн нь гадагш экспортлогдохгүй бөгөөд Монголбанканд алтны нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь болно. Үүнийг нь орон нутгийн иргэд, удирдлагуудын төлөөлөл оролцсон хурлаар сайтар хэлэлцэж, үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 27-нд тус сумын II багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, хуулийн дагуу “Эрдэнэ Монгол” компанийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г хэлэлцжээ. Тус хуралд II багийн 289 өрхөөс 100 өрхийн 189 иргэн оролцож, дийлэнх нь “Эрдэнэ Монгол” компанийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжсэн аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ Монгол” компанитай ойр нутагладаг иргэд эсэргүүцэх нь бүү хэл дэмжсэн байдаг.
Гэтэл “Алтан нутгаа хамгаалъя” ТББ, “Сэгс цагаан богд-Нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөн” зэрэг хөдөлгөөнийхөн уг шийдвэрийг олон нийтэд “Хүчин төгөлдөр бус” хэмээн удаа дараа мэдээлэл хийж, нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэдийг үгүйсгээд зогсохгүй худал гүтгэсээр байгаа билээ. “Эрдэнэ Монгол” компани Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт 2007 оноос хойш хайгуул хийж, хөрөнгө оруулалтын тал дээр цөөнгүй удаа хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, Баян-Өндөр суманд 2011-2021 оны хооронд 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сумын иргэдийг ажлын байраар хангах, малчдын амьжиргааг дэмжих, залуучуудын мэргэшүүлэх, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн байдаг. Ийм байтал зорилготой жагсагчид “Эрдэнэ Монгол” ХХК-ийг гэнэт гараад ирсэн мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдсоор, жүжигчилсэн тоглолтуудаа тавьсаар байгаа билээ.
Төгсгөлд нь, уншигч та анзаарсан бол “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хэрэгжүүлэхээр эхлүүлсэн “Баянхөндий” төслийг уул уурхайн компани бүрийг эсэргүүцэж байгаа нэрээр нөлөө бүхий хүмүүсээс санхүүждэг нэр бүхий хэдхэн хүн байнга зохион байгуулж, жагсаж, хэвлэлийнхнийг цуглуулан ярилцлага, мэдээллээ төлбөртэйгөөр цацуулан, нийтлүүлж байгааг энд дурдах нь илүүдэхгүй биз ээ.
Холбоотой мэдээ