"Кадавр донороос 2 бөөр, 1 элэг авч, шилжүүлэн суулгаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Live"Кадавр донороос 2 бөөр, 1 элэг авч, шилжүүлэн суулгаж байна"

17 : 45
2022-6-9

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн төслийг хэлэлцэж эхлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж, төслийг хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүсэв.

Төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан, санхүүгийн үр ашигтай байх, улс, төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил тод байх, компани төрийн, эсхүл орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Харин төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх, удирдахад үр ашиггүй зардал гаргахгүй байх, мэргэжлийн байх, санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах, хариуцлага эрх үүргийн хувьд бие даасан байх зарчмыг хэрэгжүүлэхээр мөн төсөлд тусгасан аж.

Түүнчлэн хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахаас бусад салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахгүй байх зохицуулалт оруулсан байна.

Хуулийн төслийн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг Баасан гаригт үргэлжлүүлэхээр болсноор УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 33
2022-6-9

"600 хүн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр хүлээж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар · Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Бейсен уншиж танилцуулав. Энэхүү хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид буцаан татсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. 

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-тэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: 

-Донорын насны талаар тодруулж асууя. Донорын эд эрхтэний тоо цөөхөн байна. Хичнээн донороос эд эрхтэн авахаар хуулийн төсөлд тусгаад байна вэ? 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: 

-Насны тоо 25 гээд ороод ирсэн. АНУ, Энэтхэг зэрэг оронд 18 наснаас донор болдог. Манайд 25 гээд насны босгыг хэт өндөр тогтоогоод өгсөн. Донорын тухай хуульд оруулж буй хоёр гол өөрчлөлтийн нэг нь донорын насыг 25-аас 21 болгон бууруулж оруулж ирж байгаа юм. Эмч нарын багт ажилласан хэмжээгээр цалин нэмэлт хөлс өгөх асуудал хаягдаад байна. Хийсэн, бүтээмжээр нь хөлс олгох хуулийн тодорхой заалт бий ч хагас хэрэгжиж байгааг хэлье. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.БАТЧУЛУУН: 

-Нийт 3800 гаруй тархины үхэлтэй буюу амьгүй донорыг илрүүлэх ажиллагаа хийсэн. Өнөөдрийн байдлаар бодит донор болсон 24 тохиолдол байна. Энэ хугацаанд бид 31 амьгүй донороос бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар бид нэг кадавр донороос хоёр бөөр, нэг элэг, шөрмөс авч шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Монгол Улсын иргэнд амь бэлэглэж, амьдрах боломжийг нээж байгаа чухал хууль. Хоёр ч удаа өөрчлөлт орж ирсэн, цаашаа сайжраад явах байх. Дэлхийн хэдэн оронд ийм үйл ажиллагаа эхэлсэн бэ? Үйл ажиллагаа зохион байгуулдаг хариуцлага, хяналт, бүртгэл мэдээллийн тогтолцоо нь ямар байна вэ? Гол асуудал хариуцлагын тухай асуудал. Өнгөрсөн хугацаанд хариуцлагын тухай асуудал гарав уу? Анхнаасаа яагаад 25 нас гэж тавьсан юм бэ? 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: 

-Сарангэрэл гишүүн ярьж байсан. 21 насаар шийдэхгүй бол секундээр амь нас нь хэмжигдэж байгаа олон хүн байна шүү дээ гэж асуудал тавьж байхад нэг хүний зөрүүтэй саналаар 25 нас дэмжигдээд явчихсан юм билээ. Энэ удаа буцаад засагдаж орж ирж байгааг хэлье. Эрүүл мэндийн салбар хөгжсөн бүх улс оронд хийгдэж байна. Бид амьд донороос гадна амьгүй донорын асуудал дээр нухацтай, мэргэжлийн түвшинд хандах мэргэжлийн ёс зүйн хороотой байх асуудлыг цогцоор нь шийдэх нэмэлт заалт орж ирж байна. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хяналтын тогтолцоо нь ямар байна вэ? 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.БАТЧУЛУУН: 

-Анх 1954 онд хоёр ихрээс бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. 1963 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал АНУ-д хийгдсэн. 1968 оноос тархины үхэлтэй донор гэсэн ухагдахуун гарч ирж, Харвардын их сургуулиас тархины үхэлтэй донорын шалгуур үзүүлэлтүүдийг баталж өгснөөр өнөөдөр дэлхий даяар амьгүй донороос эс, эд эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 93 улс эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Гэхдээ энэ ажиллагаанд ДЭМБ-аас гаргасан 11 үндсэн зарчмыг мөрдлөг болгодог. Манай улс ч энэ зарчмуудыг үндэслэн ёс зүйн удирдамжийг гаргасан. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар гарсан бүх гомдол мэдээллийг хүлээн авдаг. Эрүүл мэндийн яаманд бид энэ талаар байнга мэдээлэл өгч, эасуудлуудыг шийдэж явдаг. Ер нь Ёс зүйн хороо байгуулах нь зүйтэй гэсэн асуудал 2018 оны хуулийг хэлэлцэх үеэр гарсан боловч одоо болтол бид хороогоо байгуулж амжаагүй, энэ хороог байгуулах нь чухал асуудал болоод байгаа юм. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураав. 

УИХ-ын гишүүд үг, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Гүйцээн боловсруулах чиглэл өгмөөр байгаа юм. Зөвшөөрөл олгох гэдэг чиг үүрэг Ёс зүйн хороонд байхааргүй юм шиг байгаа юм. Зөвшөөрөл олгох гэдгийг хасчихгүй бол болохгүй асуудал үүсч болзошгүй байгаа юм. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.НАРАНГЭРЭЛ:

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тохироо тааруулах буюу зөвшөөрөл олгох гэдэг хоёр янзын ойлголт бий. Нэгдүгээрх нь, мэргэжлийн түвшинд буюу эмч нар, эмнэлгийн байгууллагууд хийх боломжтой. Сая Батчулуун эмч эрхтэн шилжүүлэн суулгах жагсаалтад 600 хүн бий, хүлээж байна гэж хэлсэн. Хэрвээ кадавр юм уу, амьд донор гараад ирэв аяндаа зөвшөөрлийн процесс явдаг. Хоёр дахь нь, хоёр эмнэлэг дээр эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Тэнд эрүүл мэндийн байгууллага, эмч нар хийж чадахгүй өөр зөвшөөрлийн процессууд байгаад байна. Дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх асуудал гараад байна. Өчигдөр байнгын хорооны хурал дээр бөөрний багийн ахлагч ярьж байсан. Гадаадын иргэнтэй монгол хүн гэр бүл болсон. Тэгээд тэр хүндээ эрхтэн шилжүүлэн суулгах гэж байгаа тухай. Яагаад гэвэл хуулиндаа гэр бүл гээд оруулсан байдаг. Үүнийг эрүүл мэндийн байгууллага, эмч нар шийдвэрлэх боломжгүй. Эс, эд эрхтэний тохироог л тааруулах үүрэг бүхий хүмүүс учраас. Тиймээс цаана нь энэ асуудлыг шийдэр зөвлөл комисс байх шаардлагатай байна гэдэг утгаар энэ зөвлөлийг оруулж ирж байгаа юм. 

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

15 : 12
2022-6-9

"Төрийн албыг завхруулдаг 'том акулууд' Улаанбаатарт л бий"

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Удаан яригдаж байна. Бид ёс суртахуунтай, төрийн үйлчилгээг ард түмэндээ хүргэхдээ иргэнээ хүндэтгэж харьцдаг төрийн албан хаагчтай байх гарцаагүй шаардлагатай. Бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй нь мэдээж. Гэхдээ ийм хууль орж ирж байгаад баяртай байна. Төрийн албыг завхруулдаг том акулууд Улаанбаатарт л байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, асуудлыг нь шийддэг зүйл оруулж ирмээр санагдаж байна. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах тодорхой зүйл заалт тусгагдсан. Гомдол гаргагч, зөрчилд холбогдсон төрийн албан хаагч дээд шатандаа давж асуудлаа тавих боломжийг нээж өгсөн. Үүний зэрэгцээ гомдол гаргах асуудлуудад тодорхой шаардлага тавигдсан. Ёс зүйн зөрчлийн хариуцлага тооцох асуудал ямар байдлаар шийдэхийг нэлээн нарийвчилж, хариуцлагад хэн нэгний үзэмжээр хандах байдлыг арилгахыг зааж өгсөн. Төрийн албан хаагчдын цалин, ханагмжийн асуудлыг төр бодплогоор анхаарч авч үзэхгүй бол гомдол, санал их байна. Төр байгалийн баялгаас орж ирж буй сул мөнгөөр төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг хангаад яваад байхаар хувийн хэвшлийнхэн ямар хэмжээнд хүрэх билээ. Эдийн засгийн ачааны 80 хувийг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч яваа. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын асуудлыг энэ хуулинд оруулж ирж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА

-Доод шатандаа хариуцлага тооцдог байдал бий болчих вий гэж болгоомжлол төрж байна. Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн хэм хэмжээнд "соёл, дэг журам" гэж тусгажээ. Байгууллагууд соёл, дэг журам гээд байдгийг санахгүй юм байна. Төрийн албанд ажиллана гэдэг мөн адил хөдөлмөрийн харилцаа үүснэ гэсэн үг. Хөдөлмөрийн хуульд орсон зүйл заалтыг энэ хуульд дахин оруулах шаардлага байсан юм уу?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Албан тушаалтан өөрөө хариуцлаг хүлээх соёл түгээх, уучлалт гуйх боломжийг нээж өгч байгаа юм. Ёс зүйн хариуцлага хүлээхээс гадна урьдчилан сэргийлэх байдлыг тусгаж өгсөн. Бид өөрөөсөө эхлэх ёстой. Ялангуяа дээрээс буюу төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх ёстой. Энэ зарчимд нийцүүлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжүүлж байна. Энэ хуульд эрх бүхий албан тушаалтнуудын эрхийг хамгаалсан, харъяанд ажилладаг албан хаагчдаа шавхуурддаг, ажлаас халдаг, санаа нийлээгүй хүмүүсээ ажлаас зайлуулдаг байдлаас сэргийлсэн тодорхой хамгаалалтын зохицуулалт оруулж өгсөн.  

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Хүний эрхийг дээдэлдэг орнуудад ёс зүй гэдэг зүйлийг яаж тооцож, хуулиар яаж зохицуулж байна вэ? Субъектив хэмжиж болдоггүй асуудал. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг. Ёс зүй бол хүний биеэ авч явах мөн чанартай нягт холбоотой ухагдахуун. Төр, иргэний харилцааны амин чухал зүйл нь төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн байдалтай зайлшгүй холбоотой. Хөгжиж буй, хөгжингүй орнууд, олон улсын байгууллагуудын туршлагыг үзсэн. Дэлгэрэнгүй материал бий. Нийтлэг чиг хандлага нь ёс зүйн хэм хэмжээг кодолсон, хуулиар тогтоосон нь ч байна. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.ИДЭРЧУЛУУН:

-Олон улсад хууль тогтоомж, ёс зүй зан үйл, зааварчилгаа зөвлөмж өгөх гэсэн гурван байдлаар хуульчилж байна. Дэлхий нийт төрийн албан хаагчийн ёс зүйг яриад байна. Ашиг сонирхол өндөр, хүн нь хөгжөөгүй орнууд хуульчилж байна. Хуулийг засч залруулж явах боломжтой.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ё.ЦЭДЭНДАМБАА: 

-Төрийн албаны зөвлөл Засгийн газрын буюу гүйцэтгэх засаглалын байгууллагын дотоод ажиллагаанд оролцохгүй. Сонгон шалгаруулж өгөөч ээ гэдэг захиалгыг биелүүлж байна. Хуульд заасан стандартыг тогтоож өгөх үүрэгтэй. Ямар мэдлэг, боловсролтой хүн байх вэ гэдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН: 

-Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ мөрдөж байна. Энэ асуудал хууль болон орж ирж байгааг дэмжиж байна. Дэлхий нийтээр анхаарал хандуулаад явж байна гэдгийг хэлмээр байна. Энэ хууль батлагдсан тохиолдолд бид төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг ярихгүй болболохгүй. Сум, орон нутагт шалгалтаас болоод ажиллах хүн олдохгүй байна. Зөвхөн нэг аймагт 280 төрийн албан хаагч дутуу байна. Ангиллаа ялгаж салгаач ээ гэж хэлмээр байна. Төрд ажиллаж байгаа мөртлөө улс төрийн нөлөөлөөд томилогдсон нөхөд байгаа учраас төрийн албаны нэр хүнд унаад байна. Цагдаа, эрүүл мэнд гээд салбарын ёс зүйн бий. Нэгтгээд нэг том хууль болгох боломж байна. Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөлд иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажиллах уу?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн албан хаагчдын цалин хангамж, нийгмийн баталгаа ялгамжтай байхыг харж үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Ёс зүйн хэм хэмжээ шаардлагыг тавьж ажиллах үндсэн суурь зарчим энд бий гэдгийг хэлье. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.АМАРТӨГС: 

-Төрийн захиргааны, ялангуяа сум орон нутагт буй албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаар ХНХЯ-тай хамтран ажиллаж байна. Эрх мэдэл, үүрэг хариуцлагатай уялдуулан судлах ажил хийгдэж байна. Орон нутгийн байгууллагуудын ялгаа, ялгамж ямар байх вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-Хуулийг дэмжиж байна. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хурал дээр ярилцсан. Нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Аливаа хөгжил хүний хөгжил байдаг. Мэдлэгтэй байх гээд 200 гаруй дээд байгууллага байгуулах зөвшөөрөл олгосон байдаг. Ядуурлыг дэвэргэж байгаа нь чанаргүй хувийн дээд сургуулиудтай холбоотой. Төрийн албаны нэр хүнд маш их унасан. Мэдлэг чадвар туршлага дутуу, ёс зүй муутай байна. Энэ бүгд гологдож байна. Төрийн алба тогтворгүй байна гэж бид ярьж байна. 30 жилийн хугацаанд Засгийн газар 18 удаа солигдсон, тэр хэмжээгээр төрийн албаны нэр хүндэд нөлөөлсөн. Төрийн алба танил талаар бүхнийг шийддэг. Тодорхой стандартууд тогтоогоод өгчихвөл яасан юм бэ? Тухайлбал, төрийн ямар албанд ямар мэдлэг,ч адвартай хүн байх вэ гээд тогтоож болохгүй юм уу? Хоёрт, үйлчилгээний стандарт байна. Японд маш тодорхой байдаг. Хувцаслалтаас эхлээд, бүх зүйл нь стандарттай. Албан тушаал ахихыг хуульчлаад өгч болдоггүй юм уу. Хариуцлага гэхээр шүүх, хуулийн байгууллага гэлгүй өөрөө өрогөдлөө өгөөд гараад явчихдаг байж болохгүй юу? Монголын төр "тоглоомын дүрэм"-ээ тогтоочихвол асуудал үүсэхгүй

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.ИДЭРЧУЛУУН: 

-Энэ хууль хэрэгтэй юу, үгүй юү гэж ярьж байна. Ёс зүйтэй төрийн албан хаагч байх асуудал төрд орж буй сонгон шалгаруулалтад хамаатай асуудал. Хоёрт, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудалд чиглэгдсэн хууль. Улс төрийн хамгаалалттай, намын гишүүнчлэлтэй хүмүүс л ёс зүйн зөрчил голдуу гаргадаг. Төрийн албанд бор зүрхээрээ шатлал дэвшиж ажилладаг хүмүүсээс ёс зүйн зөрчил гарах нь бага. Бусад оронд улстөрчид нь манлайлж байж албан хаагчид нь ёс зүйтэй байдаг. Төрийг сайн зүгт явуулах нэг л суурь ойлголтыг оруулж ирж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Хоёр хуультай давхацсан зохицуулалт оруулж ирэх шаардлага юу байна вэ? Өнөөдөр хороодод ТЗ-3-аар ажиллах албан тушаалтан олдохоо больсон. Бид төрийн албан хаагчдынхаа цалин, хангамжийг эхэлж ярьж байж дараа нь хариуцлага ёс зүйн асуудал яривал яасан юм бэ. Хуулийн давхардал гаргахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Дутуу дулимаг хууль байна гэдгийг давхар хэлье. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Засгийн газраас хуулийн дагуу санал авахаар хүргүүлсэн. Хэд хэдэн асуудалд анхаарах, татгалзах санал ирсэн. Бид түүнийг авч үзээд, зарим саналыг авсан, өөрчилсөн. Хэлэлцэх асуудлыг шийдчихвэл хэлэлцүүлгийн явцад таны хэлж буй давхардал, шийдэлтэй холбоотой асуудлыг авч үзэх бололцоо бий. Төрийн албан хаагчдын ёс зүйтэй  холбоотой асуудал тулгамдаж буй юу гэвэл тулгамдаж байна. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой ёс зүйн асуудал их бий. Даргалах бүрэлдэхүүний ёс зүйтэй асуудал л бидэнд тулгамдаад байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.  

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: 

-25 жилийн өмнө анх хуулийн төслийг боловсруулж байсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээний тухай гэж гарчиглаад асуудал үүсч байсан. Этика зан суртахууны тухай тул хуульчилж болохгүй гэж ярьж байсан. Хуулийн зохицуулалт дээр уянгын халилтай заалтуудыг хасах ёстой. Ёс зүйн хороо байгуулж, ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөл гэдгийг сахилгын хороо,  сахилгын зөвлөл гэж ойлговол зүйтэй болов уу. 25 жилийн өмнө хийж байсан хуулийн төслийн суурин дээр явж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР:

-Энэ хуулийг дэмжихгүй санал хэлэх гэж байна. Монгол Улсад хэрэгжиж буй 400 гаруй хуулийн бүх л зүйл заалт энд байна. Энд юу нэмсэн юм бэ гээд тулгаад харлаа. Төрийн албаны хуульд ард түмэндээ үйлчилнэ гэж заасан. Энэ хууль дээр ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилнэ гэж байна. Энэ парламентад зарчмын асуудал дээр хэвийн бус уур амьсгалтай байх ёстой. Зодолдсон ч яадаг юм бэ. Ийм юм хуульчлагддаггүй байхгүй юу. 

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад 27 гишүүн дэмжиж, 57.4 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. 

14 : 19
2022-6-9

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар · Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:

-Хууль батлагдсанаар тогтвортой, хариуцлагатай, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэжээ. Хуулийн төсөл дагуу хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж чадсан уу? Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, иргэнтэй гэрээ байгуулахдаа ёс зүйн талаар тусгагдсан уу? 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.АМАРТӨГС:

-Ёс зүйн асуудлаар гаргаж буй зөрчилтэй холбоотой ялгамжийг гаргаж, хариуцлага тооцсон тухай мэдээллийг ил тод мэдээлэх, хариуцлага тооцох байдал илүү сайжирна. Хууль батлагдсанаар бидний хүлээж буй үр дүн нь ёс зүйн хэм хэмжээг илүү нарийвчлан зааж өгч, түүнээс гарч буй сөрөг үр дагаврыг бууруулах, хариуцлагыг ил тод байлгах юм. Ёс зүйн зөвлөл харъяаллыг тодорхой болгож тусгасан.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:  

-Төрийн албан хаагч бага цалинтай, асар өндөр хариуцлагатай албан хаагч болчихоод байгаа юм. Төрийн албанд ёс зүйтэй хүн авах тухай яриад байна уу, төрийн албанд орсон хүнийг ёс зүйтэй байлгах тухай яриад байна уу? Ёс зүйн асуудал хүний хүмүүжил төлөвшлийн асуудал. Төрийн албанд оруут нь хүмүүжүүлж, ёс зүйтэй байлгах гээд байвал өрөөсгөл асуудал. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын хууль дүрэм, журмаа өөрчлөх болжээ. 30 тест бөглөж буй, түүнд тухайн хүний хэн бэ, ямар ёс зүйтэй вэ гэдгийг төрийн албаны шалгалтаар нотолж чадахгүй байна. Өөрчлөх асуудал хуулийн төсөлд туссан уу? Төрийн албан хаагчид төрийн албыг данхар бүтэцтэй болгоогүй. УИХ, Засгийн газар бүтцийг баталж байгаа шүү дээ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн албаны шалгуур өндөр, цалин нийгмийн баталгаа бага байна гэдэгтэй санал нэг байна. Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Хууль тогтоогч нар авч хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хөндөж ярьж буй нь чухал. Төрийн албанд ажиллахаар шийдсэн бол төрийн албаны үнэт зүйлс гэж юу вэ, цаашилбал тавигдаж буй нийтлэг хэм хэмжээ, шаарлгауудад нийцэж ажиллах ёстой. Өмнө яригдсан, гаргасан тодорхой санал, санаачлагуудыг авч хэлэлцээд, хуулиа улам боловсронгуй болгоод явах нь зүйтэй гэж бодож байна. Төрийн алба данхар байгаа юм. Улс төрийн намуудын тухай хуульд ч анхаарч үзэх асуудал.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Ёс зүйгүй хүмүүсийг улстөрчдийн болон ямар нэгэн шахаагаар авчихаад байна. Тийм учраас тухайн хүний ёс зүйтэйг нотлох асуудлыг яаж шийдэх вэ? 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БААТАРЗОРИГ:

-Төрийн албанд томилогдох асуудал тавигдаж байна. Бусад орны арга туршлагыг өөрийн оронд турших ажил хийгдэх нь зүйтэй. Яаж хүний дотоод итгэл үнэмшлийг илрүүлэх вэ гэдэг дээр анхаарч байна.  

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Орж ирэх цаг хугацаа нь болсон. Манай ард түмэн төрөө дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Гэхдээ харьцангуй багасаад байна. Төрд зүтгэдэг ноён нуруутай төрийн "хар" хүн цөөдлөө. Ихэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэр зүүснээс болоод төрийн албаны нэр хүнд шалан дээр унаад байна. Төрийн албан хаагчид ёс зүй муутай, ажлын ур чадвар асар муутай, мэдлэг муутай, их зантай. Ямар ямар хүн ёс зүйн зөвлөлд орох вэ гэдэг эхэнд яригдах байх. Өөрөө уучлал гуйгаад хариуцлагаа хүлээж буй хүн харагдахгүй байна. Төрийн албаны зөвлөл дээр намчирхал, улс төржилт замаа алдсан. Намын харъяаллаар ажлаас халсан чөлөөлсөн асар их асуудал гарсан. Төрийн алба хаах хүн олдохоо болилоо. Авч буй цалинг нь ам.долларт шилжүүлээд үзэхээр ямар ч цалин аваад байгаа юм бэ. Энэ мэт асуудлууд байна. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-Төрийн албаны зөвлөлд тусдаа бие даасан зөвлөлтэй тэнцэхүйц хэмжээний хороо байгуулагдахаар яригдаж байсан. Явцын дунд ТАЗ-ийн дэргэд, бие даасан хараат бус байдлаар ажиллах эрх хэмжээг нь олгож өгье гэж шийдсэн. Өмнөх практикаас үзвэл төрийн бүх шатанд алба хааж буй ажилтантай гэхээс албан тушаалтантай ямар хариуцлага тооцох вэ гэдгийг энэ хуулийн төсөлд тусгасан. 25-аас дээш хүнтэй байгууллага Ёс зүйн зөвлөлтэй байна. Ёс зүйн зөрчилд хариуцлагаас мултрах зүйл үлдээхгүй байхыг зорьсон. Мэдлэг ур чадварын зэрэгцээгээр ёс зүй, хариуцлагын асуудлыг давхар авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Улс орнуудын жишгийг харвал төрийн албанд хулгай хийх, худал хэлэхгүй, хууран мэхлэхгүй гэсэн зарчим байна. Бидний дунд ийм үйлдэл хэрхэвч гаргаж болохгүй гэсэн соёл тогтоллцоо бий болгох ёстой. Соён гэгээрүүлэх чиглэлийн ажил хийх зүйл заалт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. Цөөхөн улсад ёс зүйн хууль батлагдсан байдаг юм билээ. Азийн цалин хангамж өндөр, ёс суртахуун сайн улсуудад. Энэ хуулиар төрийн алба хаах хүн олдохгүй болох вий. Хариуцлага хүлээж, уучлал гуйдаг болж байж ёс зүйн асуудлыг яригдах биз ээ. Төрийн албан хаагчдыг тогтвор суурьтшилтай ажиллуулах маш сайн хуулиуд гарсан. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.АМАРТӨГС: 

-Энэ хуулийн концепцэд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, нэмэр болох, хариуцлага тооцдог механизм бий болгох багц хуулийн нэг хэсэг гэж ойлгож байна. Хууль эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээдэг зохицуулалт бий болно. Нийт 78 байгууллагаас 800 гаруй санал авч, хууль тогтоомжид оруулж зохицуулж өгөөч ээ гэсэн 37 саналыг багцалж хүргүүлсэн. 

12 : 21
2022-6-9

Covid-ийн хууль далимдуулж томилогдсон 326 албан тушаалтан байна

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР: 

-Ёс зүйн хуультай байхыг дэмжиж байна. Харин хэрэгжилт нь ямар байх вэ гэдэг дээр санаа зовж байна. Сүүлийн үед УИХ-д дэмжмээргүй хуулиуд орж ирж байгаа юм. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль. Тогтвортой, мэргэшсэн, шатлан дэвших зарчмуудыг байхгүй болгоод орж ирсэн. Тендерийн тухай хууль байна. Энэ бүхний үр дүнд болохгүй бүтэхгүй асуудлууд үүсч, төрийн албан хаагчдын чадвар, төрийн чадамж буурна. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, цалин хангамж ямар байна вэ гэдгийг анхаарах цаг болсон. 500, 600-хан мянган төгрөгийн цалинтай, тэр хэмжээний хүмүүс орж ирэх нь ойлгомжтой. Тиймээс хуулиа батлаад, хэрэгжилтийг хангаад явах нь чухал байна. Иргэд төрийн албан хаагч, дарга удирдлагын ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг хаана гаргаад явах вэ? Улс төрийн албан тушаалтнууд хамгийн их алдаа дутагдал гаргадаг. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Энэ хуулиар нэлээн тодорхой асуудлуудыг зохицуулах агуулгатай зүйл заалтуудыг ажлын хэсэг дээр ярьж байгаад оруулсан. Зарим төрийн өндөр албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага тооцох тухай асуудал орхигдсон. Санал, гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг хамгийн гол нь аль аль талд нь хэлмэгдэл гаргахгүй байхаар хязгаарлаж өгөх хэрэгтэй байдаг. Хуульд заасан шаардлагын дагуу гомдол, мэдээллийг бид хүлээж авна.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР: 

-Улс төрийн албан хаагч хамгийн их ёс зүйн зөрчил гаргаж, хүнийг дарамталдаг, ажлаа таслаад явдаг. Ямар ч шалгалтгүй орж ирсэн хүн мэргэшсэн хүмүүсийг удирдах гээд ирдэг. Томилгооны асуудал шударга, хариуцлагатай байх ёстой шүү гэдгийг хэлье. 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: 

-Бид зөндөө хууль гаргадаг. Төрийн алба данхайсан, төрийн албан хаагч ёс зүйгүй гээд ярьдаг. Данхайсан нь дарга нар дээрээ бий. Төрийн албан хаагчид цалин хөлс муу, өдөр шөнөгүй ажиллаж байна. Төрийн алба данхайсан, нэр төр нь унасан гээд бүр төрийн албан хаагчгүй болох гээд байгаа юм уу? Төрийн албан дээр нэгд, төрийн албан хаагчид ажил хийхгүй сургалтад хамрагдаж байна гээд өдөржин ажиллахгүй байна. Тэд яагаад хурал цуглаанд хамаг цагаа бараад байна вэ? Жендэрийн баланс яагаад алдагдаад байна вэ? 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ё.ЦЭДЭНДАМБАА:

-Төрийн албаны ёс зүй бүтээмж, соёл болох үүднээс энэ хуулийг дэмжиж байна. Ёс зүйн асуудал зөвхөн төрийн алба биш нийгмийн асуудал. Боловсролын анхан шатны бүтцээс эхлэх асуудал. Төрийн албанаас эхлээд ёс зүйн хэмж хэмжээг сайжруулъя гэсэн үүднээс энэ хуулийн төслийг ТАЗ дэмжиж байна. Сургалт их байна гэж ярьж байна. Энэ дээр анхаарах зүйл бий. ТАЗ-ийн хуульд шат шатны сургалт, төлөвлөгөөт сургалтууд хийхээр заагдсан. Салбарын сургалтууд явж байна. Богино хугацааны сургалтууд бий. Цаашдаа ажил, сургалтын харьцааг зохицуулахад анхаарч ажиллая. Жендэрийн баланс гэдэг ерөнхий утгаараа төрийн албан хаагчдын 63 хувь нь эмэгтэй, 37 хувь нь эрэгтэй. Яг томилогдох, сонгогдох, улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ баланс хуульд заасан квотдоо хүрэхгүй байгаа юм. Энэ талаар холбогдох санал, зөвлөмжийг ТАЗ-ийн тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хүргэж ажиллаад байна. 2023 онд Жендэрийн талаарх мэдээллийг УИХ-д тусгайлан тайлан гаргаж, танилцуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-Төрийн албыг төрлийн алба болгодог. Үе үеийн парламентын гишүүд томилгоонд нөлөөлж, ах дүү, амраг саднаа томилуулахыг хичээдэг. Үүнийг болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд зааж өгсөн.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж чадаж байна уу? Төрийн албан хаагч шатлан дэвших зарчмаар ажил, албан тушаал хашна гэж Төрийн албаны тухай хууль хийгдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх дээр ТАЗ хангалтгүй ажиллаж байна гэж бодож байна. ТАЗ-ийн орон тоог нэлээн нэмсэн, Төрийн албан хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор ТАЗ-ийн эрх хэмжээг нэлээн нэмэгдүүлж өгсөн. Төрийн албанд улс төрөөс ангид байж үйл ажиллагаа явуулах чадамж суухгүй байна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БААТАРЗОРИГ: 

-Тусгай шалгалтгүй орсон 1069 нөхдөөс нээлттэй сонгон шалгаруулалт аваад зарим нь сонгогдсон. 1072 албан хаагчид тусгай даалгавар өгсөн. 1085 гүйцэтгэх албан тушаалтан томилсон шийдвэрийг хүчингүй болгосон. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.ИДЭРЧУЛУУН: 

-Яамдын Төрийн нарийн бичгийн даргын 73, агентлагийн даргын 187 тушаалыг хүчингүй болгосон байна. Covid-19-ийн хууль далимдуулж томилогдсон 326 албан тушаалтан ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:

-Төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхдаг, намын харъяаллаар халдаг. Энэ байдлыг зохицуулж чадаж байна уу? Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм ерөөсөө хэрэгжихгүй байна. Сургууль, цэцэрлэгт ямар ч боловсролгүй, манлайлах чадваргүй хүмүүс томилогдоод байна. Төрийн албаны шалгалтад тэнцсэн хүмүүс орж чадахгүй байна. Тухайн салбарт мэргэжил, мэдлэгтэй хүмүүс тавих хэрэгтэй. Намын харъяаллаар ямар ч чадваргүй хүн томилогдоод байна. Үүнийг шийдвэрлэх зүйл, заалт орж байгаа юу? 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ё.ИДЭРЧУЛУУН: 

-Таны ярьж буйтай санал нэг байна. Бид бүх асуудлыг энэ хуулиар зохицуулах боломжгүй. Хуульд төрийн албан хаагчид тавигдах шалгуур хариуцлагын тухай суурь зарчмыг заасан. Ёс зүйн зөрчлийн талаар гомдол мэдээлэл их ирж байна. Шүүх хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлсэн, шалгагдаж буй асуудлууд бий. Төрийн албаны томилгоонд нам, улстөрчдийн нөлөөлөл буураагүй байна. Ёс зүйн дүрэм хэрэгжихгүй байгаа нь тухайн байгууллагатай холбоотой учраас нийтээр нь харлуулж болохгүй. Бид гарч буй алдаа, хүндрэлүүдийг засч залруулахын тулд хуулийн төсөл дэмжигдвэл, ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орж ажиллан, санал дүгнэлтийг нэмээд явах боломжтой. 

Төрийн албаны тухай хуулийн дагуу нийт 64 төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалж үлдсэн байна. Дураар авирладаг албан тушаалтнуудын төрд үлдээж буй хохирол 738.7 сая төгрөг. Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөл, ШШГЕГ-аас авч буй тоо. Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой төрд учирсан хохирлын тоо. Үүнээс Төрийн албаны зөвлөл бүртгэл хөтлөөд, хяналт тавиад, 331.7 сая төгрөгийг шүүхэд нэхэмжлээд, төлөгдөх шатандаа 150.3 сая төгрөг байна.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

11 : 43
2022-6-9

"Нийт 2524 хууль бус томилгоо байснаас 326 нь үүрэг гүйцэтгэгч"

Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэж байна. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталж, 2002, 2017 онд тус тус шинэчлэн найруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, сахилгын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт төрийн улс төрийн болон төрийн тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албанд ёс зүйн хариуцлагыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог 12 байгууллага, 10 яам, 11 агентлаг, 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд зэрэг нийт 558 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн тусгай 213 байгууллага, төрийн үйлчилгээний 417 байгууллага, 6 төрийн өмчит үйлдвэрийн газар, нийт 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа аж.

Хуулийн төслийн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүн уншиж танилцуулав.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Чухал асуудал. Ёс зүй, төрийн бүтээмж, төрийн түгжрэлийн асуудал. Анх сонгогдохдоо ард түмнийхээ төлөө хичээн зүтгэнэ гэдэг. Томилогдсон хойноо дарамталдаг, авлига хээл хахууль авдаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихоод байгаа юм. Төрийн бүтээмж гэдэг асуудал байхгүй болсон. Данхар төртэй болсон. Цагаа бүртгүүлээд, цалин авдаг болсон. Энэ хууль батлагдсанаар энэ бүх асуудал шийдэгдэх үү? Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад, гараас нь гардаггүй хүмүүс байдаг. Шударга ёсны, зарчимч, үнэнч шударга хүмүүс байдаг. Юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг. Энийг хэрхэн шийдэх вэ? Аль нь ёс зүйтэй хүн бэ? 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Таны асууж байгаатай санал нэг байна. Үнэхээр төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайгаад, бүтэц нь нэмэгдээд байгаатай санал нэг байна. Энийг Төрийн албан хаагчийн Ёс зүйн хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэх боломжгүй. Суурь томоохон хууль болно гэж бодож байна. Төрийн албанд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх бодлого шийдвэр гарах байх. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БААТАРЗОРИГ: 

-Зарим төрийн албан хаагчид итгэдэд хүнд суртал үүсгэдэг, хүлээлгэн чирэгдүүлдэг, бухимдуулдаг, тэгээд ч зогсохгүй эгдүүг нь хүргэдэг байдал бий. Соён гэгээрүүлэх үйл ажиллагаанууд явагдсан. Танилцуулга дээр тоо баримт зөрүүтэй байна. Өнөөдрийн байдлаар 2710 Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. 2021 онд 419 ёс зүйн зөрчил гарсан. Харьцангуй буурч байна. Олон удаагийн давтамжтай судалгаагаар 2017 оны зөвшилцөх судалгаанаас хойш төрийн албан хаагчийн хариуцлага ёс зүйтэй холбоотой асуудал холбогддог. Төрийн албан хаагчдынхаа ёс зүй, хариуцлага сахилга батыг сайжруулахад энэ хуулийн төсөл чиглэж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйд зарим ахиц дэвшлүүд гарч байна. Ёс зүйн харилцааг зохицуулахад дээд тал нь 9 асуудлыг гол болгон авч үздэг юм билээ. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.ИДЭРЧУЛУУН: 

-Эрхэм гишүүний тодруулаад байгаа зүйл бодитоор бий. Ажлын бүтээмжгүй, цагаа бүртгүүлээд, цалингаа аваад яваад байдаг байдалд өөрчлөлт орох уу гэж асууж байна. Японы баримталдаг ёс зүйтэй хүнд албан тушаал өг гэдэг философи хэрэгжээд явах юм болов уу гэж харж байна. 

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Энэ хуулийн төсөл орж ирж байгаад баяртай байна. Төрийн алба 100 хүнтэй, хувийн хэвшил 10 хүнтэй ажиллаад байгаа нь харагддаг. Өмнөх хуулиар бид ажилгүйчүүдийнхээ эгнээг бид нэмсэн. Төрийн албаны шалгалтад ёс зүйтэй байх хэчнээн шалгуур байдаг вэ? Төрийн албан хаагчдаас хэд нь үүрэг гүйцэтгэгч байна вэ? Ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдын сан бүрдүүлж, олон нийтэд мэдээлнэ гэж заасан байна. Зөрчил гаргаад байвал төрийн албандаа байгаад байна гэсэн үг үү? Иргэнтэйгээ зөв харьцаж чадахгүй хүмүүс төрд байгаад байна гэсэн үг үү? Бид яаж ёс зүйтэй хүн байх вэ гэдгийг би дандаа ярьдаг. Бид хүнээ дээдэлж чадах уу? 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ

-УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл гишүүд ажлын хэсэгт ороод, сайжруулах боломж нээлттэй байна. Бид төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуучин Ёс зүйн зөвлөлийг томилж байгуулж байсан бол одоо албан хаагчдын хурлаас ахлагчаа сонгоод явна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БААТАРЗОРИГ: 

-Гараас нь юм гардаггүй төрийн албан хаагчид бий. Албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулна гэсэн заалтаар энэ асуудал зохицуулагдана. Төрийн албаны зөвлөлд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2524 хууль бус томилгоо байсан. Нийт 326 хүн үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангагдаагүй анхааруулга аваад ажиллаж байна. Хууль бус зүйлтэй бид эвлэрэхгүй. 

11 : 07
2022-6-9

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. 

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд тус хуулийг шинэчлэн найруулах гэж зөвлөмж гарсан бөгөөд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь заалтыг үндэслэн боловсруулжээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар захиалагчийн урьдчилж тогтоосон тохируулгын нөхцөлөөс бусад үед гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглодог. Гэвч урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг хуулийн төслөөр бий болгожээ.

Захиалагч төсвийн жил бүр байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг худалдан авах талаар тендер шалгаруулалт зохион байгуулах нь шаардлагагүйгээр цаг хугацаа алдах, түүнчлэн дараагийн гэрээ байгуулагдах хүртэл бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх боломжгүй болох зэрэг хүндрэлтэй асуудал бий болдог тул захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой талаар хуулийн төсөлд тусгасан байна.

Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэнээс гадна худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулсан үзүүлэлт 2020 онд 99 хувьд хүрчээ. Иймд энэхүү дэвшилтэт талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргах талаар хуулийн төсөлд тусгажээ.

Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулахаар тусгасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт тендерийн баталгааны хувь хэмжээг 1-2 хувь байхаар заасныг багасгаж төсөвт өртгийн 0.5 хувь болгож, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувь байхаар заасныг 3 хувь байхаар тус тус бууруулан өөрчилжээ.

Түүнчлэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор чанарын баталгаат болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагчид барьцаа болгон үлдээдэг. Хуулийн төсөлд уг барьцааны хувь хэмжээг 5 хувиар тогтоохоор хуулийн төсөлд тусган боловсруулсан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Улмаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

08 : 09
2022-6-9

Чуулган: Донорын тухай хуулийг хэлэлцэнэ

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.06.09-2022.06.10/ хуралдах УИХ-ын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.


ЦАГЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
10.00

 · “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариу сонсох

1.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариу

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад “Төрийн өмчийн талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариу

· Бусад

“Их хуралдай”
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж