Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

Шүүх: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов

НЭМЭЛТ: 13.57

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох ялын тогтоолыг танилцуулж байна.

Шүүхээс, Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцлоо. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзсэн. Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв. Шүүхээс талуудаас гаргасан саналыг үндэслэж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Шүүхийн шийдвэр:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна. “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн хохирогч болох “Хангай констракшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь тавилга, эд зүйлсийг бүрэн засварласан шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаарх тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг шүүгдэгч Н.Түвшинбаяр нь төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

ПРОКУРОРООС Н.ТҮВШИНБАЯРТ 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ САНАЛ ГАРГАВ

НЭМЭЛТ: 12.50

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж дууссан байна. Прокурор саналаа танилцууллаа.

Улсын яллагч, прокурор Б.Хурц "Шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэнээр гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх заалтуудын дагуу 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэл санал байна. 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" гэлээ.


Н.ТҮВШИНБАЯР: НАЙЗЫНХАА ААВ ЭЭЖ, ГЭР БҮЛЭЭС НЬ УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА

НЭМЭЛТ: 11.55

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч зэрэг талууд саналаа илэрхийлж, шүүгдэгч Н.Түвшинбаярыг үг хэлэхийг шүүгч хүссэн юм. Тэрбээр "Би хүний хийж боломжгүй зүйлийг хийсэн. Найзынхаа ар гэр, ах дүү хамаатан садан, аав ээж гэр бүлийнхнээс нь уучлалт хүсч байна. Миний найз хамгийн сайн найз минь байсан. Өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз холбоотой байсан. Боломж олдвол найзынхаа гэр бүлд тусалж дэмжинэ. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Хуулийн өмнө хариуцлагаа хүлээхээ ойлгож байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг бүх хүнээс уучлал хүсч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа" гэсэн юм.

Ингээд шүүх бүрэлдэхүүн одоо зөвлөлдөж байгаа бөгөөд Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах юм байна.


ШҮҮХ ХУРАЛ: УЛСЫН ЯЛЛАГЧ, ӨМГӨӨЛӨГЧ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

НЭМЭЛТ:

Шүүх хуралдаанд талууд саналаа хэлж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч уг хэргийн зүйлчлэлийг өөрчлөх саналтай байгаагаа хэлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров үгнийхээ эхэнд талийгаачийн ар гэрээс уучлал гуйж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Манай үйлчлүүлэгч буруугаа ойлгож байгаа. Цаашид үр хүүхдийнх нь амьдралд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Хоёр үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдсан. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Н.Түвшинбаярын үйлдэлд онц харгис хэрцгий үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 10.1.2 дах хэсгийн зүйлчлэлийг 11.1.2.5 дах хэсэгт зааснаар хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэдэг зүйлчлэл рүү оруулж өгөхийг хүсч байна гэв. Улсын яллагч яг одоо дүгнэлтээ уншиж байна. Тэрбээр зодоон найман минут үргэлжилсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр хаалган дээр ирэхэд зодоон болж буй чимээ сонсогдсон. Найман минутыг урт хугацаа гэж үзэж байна гэв.


НЭМЭЛТ: 09.45

Н.Түвшинбаярт холбогдох шүүх өнөөдөр 09.30 цагаас эхэлж, үргэлжилж байна. Шүүх хуралдаанд Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.24-т зааснаар улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль:  35.24 дүгээр зүйл.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулах

  • 1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Дүгнэлтээ шүүхэд бичгээр өгч болно.
  • 2.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлэхийн өмнө шүүхэд хандан завсарлага авч болно. Завсарлах хугацааг шүүх тогтооно.
  • 3.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар харилцан тус бүр нэг удаа тайлбар хэлж болно.
  • 4.Дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй.
  • 5.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно.
  • 6.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй.
  • 7.Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлана.

Сануулахад, Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.1, 17.8.1-дэх зүйчилж байгаа юм.

Эрүүгийн хууль:  10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  • 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг:
  • 2.1.онц харгис хэрцгийгээр

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Н.ТҮВШИНБАЯР ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖЭЭ

Прокурорын байгууллагаас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хурал өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан оройн 20.15 цаг хүртэл үргэлжилсэн. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна” гэв.

Өчигдөр оройны  байдлаар нийт 8 гэрчээс тайлбар авч дууссан ба нотлох баримт шинжлэн, судлах шатанд завсарлага авсан юм.

Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.

Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж