Сурвалжлага: Гар утсанд бус хөлбөмбөгт хорхойссон бяцхан бөмбөгчид

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гар утсанд бус хөлбөмбөгт хорхойссон бяцхан бөмбөгчид

Сурвалжлага: Гар утсанд бус хөлбөмбөгт хорхойссон бяцхан бөмбөгчид

Ээж ааваасаа салдаггүй, байнга хамт байж, бүх юмаа хамт хийдэг байсан охин маань одоо бага багаар биеэ дааж байна гэж нэгэн ээж баяртай нь аргагүй ярина. Тэрбээр амралтын нэг өдрийг гэртээ зурагт үзээд өнгөрүүлэх биш, хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байв.

Орчин цагт гар утас, таблет, компьютероос хамааралтай хүүхдүүд дэндүү их. Эцэг эх нь ч үр хүүхдэдээ цаг зав гаргах нь багасч, тэдний заах ёстой зүйлс, хүмүүжүүлэх үүргийг “Facebook”, “Youtube” гүйцэтгэж байна гэхэд хилсдэхгүй.

Дөрвөн хананы дунд бага насаа өнгөрүүлж буй хүүхдүүд багаасаа харааны шил зүүх, илүүдэл жинтэй болох, дархлаа нь сулрах зэрэг сөрөг үр дагавартай. Харин дээрх охины ээж хүүхдээ “Little Kickers” хөтөлбөрт хамруулжээ. Дэлхийн 33 оронд хэрэгждэг энэхүү хөтөлбөр нь хөлбөмбөгийн спортоор дамжуулан 1.5-7 насны сургуулийн өмнөх насныханд биеийн хөгжил, танин мэдэхүй, нийгмийн хөгжлийн ур чадваруудыг хөгжилтэй байдлаар, тоглоомын аргаар эзэмшүүлдэг.

Одоогоор тус хөтөлбөр нь үндсэн гурван салбартай бөгөөд “Нарны хороолол”-ын салбараар нь зочлов. Биднийг очиход “Mighty Kickers” буюу 3.5-5 насны анги нь хичээллэж байлаа. Хүүхдүүд нь талбай дээр анхааралтай гэгч нь багшийгаа сонсоно. Анх харахад хөлбөмбөг биш хөгжөөнт тоглоом, буухиа тэмцээн гэлтэй. Гэтэл үгүй байж. Тоглоомын аргаар бөмбөгтэй харьцаж, анхан шатны мэдэгдэхүйнтэй болж байгаа нь энэ гэнэ. Учир зүггүй бөмбөг өшиглүүлж, гүйлгэж, хүч шаардсангүй. Бяцхан хөлбөмбөгчид ч хийж байгаа дасгалдаа дуртай байгааг тэдний инээмсэглэл дүүрэн царайнаас харж болно.Талбайн хажууд эцэг эхчүүд нь хүүхдээ харан зогсоно. Зарим дасгалаа ээж, аавтайгаа ч хамтдаа гүйцэтгэх аж.

Хичээл завсарлах үеэр “Little Kickers” олон улсын хөтөлбөрийн ахлах дасгалжуулагч Э.Сарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2018 оноос хойш тус хөтөлбөрийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Э.Сарангэрэл байгаа бөгөөд энэ хугацаандаа нийт 600 гаруй хүүхэдтэй ажиллаад байгаа гэнэ.

Багш ярихдаа “Манай сургалт үндсэн гурван хэсэгтэй байдаг. Танин мэдэхүй, хөлбөмбөг, биеийн хөгжил гэсэн. 45 минутын хугацаанд гурвууланг нь цогцлоосон хөтөлбөр. Хөлбөмбөг гэлтгүй хүүхэд багаасаа спортоор хичээлвэл олон давуу талтай. Хүүхэд, эцэг эх хоёрын хоорондох харилцааг бэхжүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг сайн мэдэх хэрэгтэй. Таван нас хүртэл хүүхдийн бүхий л үндсэн чадварууд хөгжиж байдаг. Тэгэхээр багаасаа суралцах нь том хүн болоод төлөвшихөд нь давуу тал болдог. Хөлбөмбөг бол мэдээж дэлхийн спорт. Шийдвэр гаргах, сонголт хийх зэрэг олон талын чадваруудыг эзэмшинэ” гэв.

Э.Сарангэрэл багшид анхандаа хүнд санагддаг байсан гэнэ. Тэрбээр энэ талаараа “Анх яаж хүүхдүүдтэй ажиллана, миний ярьж байгааг ойлгох болов уу, тоглоомын утга санааг ойлгох болов уу гэж их эргэлзэж байсан. Харин яваандаа хүүхдүүд энийг ойлгодог юм байна, тууштай хичээлсэнээр үр дүн гардаг юм байна, би өөрөө хүүхдүүдээс давхар суралцдаг юм байна гэдгийг ойлгосон” гэв.

Түүний хэлснээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бага наснаас нь ойр байж, ярилцдаггүй учир бие биетэйгээ ойлголцдоггүй, хөндийрдөг гэнэ.

Хичээл ч дуусч, эцэг эхчүүд талбай дээр хүүхэдтэйгээ чөлөөтэй бөмбөг өшиглөж, баяр хөөртэй хөөцөлдөн гүйнэ. Саяхан л багшийн өгсөн үүрэг даалгаврын тун чадамгай гүйцэтгэж, алтан таван хошуугаар шагнуулсан өнөөх бяцхан бөмбөгчид маань ээж аавыгаа хараад нялхарчихав. Багшийнхаа нүдэнд мундаг хөлбөмбөгчид харагддаг ч ээж аавынхаа хувьд мяндас цагаан үр нь юм шүү дээ.

Талбай дээр охинтойгоо бөмбөг өшиглөн гүйх ээжтэй хором ярилцлаа. Тэрбээр "Манай охин энэхүү хөтөлбөрт хоёр сарын өмнөөс хамрагдаж эхэлсэн. Анхандаа хөлбөмбөгийн хөтөлбөр, охин хүүхэд болохоор яах бол гэж их санаа зовж байсан. Ээж ааваасаа салдаггүй, байнга хамт байж, бүх юмаа хамт хийдэг байсан охин маань одоо бага багаар биеэ дааж байна. Багшийнхаа үгийг сонсч байна, дараалал гэдгийг ойлгосон. Хичээл дээр ч гэлтгүй тоглоомын талбай дээр тоглож байхдаа хүүхдүүдийг тоглосоны дараа би гэдэг болсон. Мөн өнгө цээжилж сурсан. Хүүхдүүд одоо ихэвчлэн л утас үзээд гэртээ суудаг ш дээ. Тийм биш болсон. Илүү хөдөлгөөнтэй болсон. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энд цаг завыг хамтдаа өнгөрүүлж байна. Амралтын нэг өдрийг гэртээ зурагт үзээд өнгөрүүлэх биш, хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Эхний ангийн хичээл ч дуусч, дараагийн ангийн хүүхдүүд хэдийнэ талбай дээр ирчихсэн хүлээж сууна. н.Болорчимэгийн хүү Ням гаригийг бүр хүлээдэг гэнэ. Түүний хувьд "Little Kickers" хөтөлбөрийг интернетээс харж, хөлбөмбөгт сонирхолтой хүүгээ дэмжиж, уг хөтөлбөрт хамруулах болжээ.

Тэрбээр "Манай хоёр дахь бага хүү хоёр ой найман сартайгаасаа хойш энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Бараг хоёр жил болох гэж байна. Манай гэрт хөлбөмбөг сонирхдог хүн байхгүй. Гэтэл манай хүү өөрөө багаасаа хөлбөмбөг их сонирхдог байсан. Машинаар биш бөмбөгөөр л тоглодог байсан. Харин бага насны хүүхдэд зориулсан хөлбөмбөгийн хөтөлбөр байна уу гэж интернетээр хайж байгаад энэ хөтөлбөрийг олсон. Их таалагдаж байгаа. Дуртай явдаг. Ням гаригийг л хүлээдэг ш дээ" гэлээ.

Долоо хоногт нэг цаг хөдөлгөөнтэй байхаар өвчин тусах нь бага болсон юм шиг санагдаж байгаа. Ханиад хүрэх нь багассан.

Хичээлийн төгсгөлд “Little Kickers” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Kids Soccer” компанийн гүйцэтгэх захирал Г.Буян-Арвижихтай ярилцлаа. Тэрбээр өөрөө хөлбөмбөг тоглох гэж оролдож байсан ч түүнд мэргэжлийн багш, дасгалжуулагч байгаагүй аж. Ингээд Монголд хөлбөмбөг хөгжүүлье гэвэл бага наснаас нь бэлдэх хэрэгтэй юм гэж бодон үүнийгээ ажил хэрэг болгожээ. Түүний хэлснээр дэлхийн аль ч улсын "Little kickers" хөтөлбөр манай улстай ижил нэг стандарттай. Өөрөөр хэлбэл, Английн Лондон, Бирмингемд ч, Эквадорын Киттод ч яг манай хөтөлбөртэй ижил зүйлийг заана. Дэлхийн хүүхдүүдтэй, манай хүүхдүүд хөл нийлүүлэн алхаж байна л гэсэн үг.

Г.Буян-Арвижих "Би орон нутагт хөлбөмбөг сурсан. Гэхдээ мэргэжлийн багш, дасгалжуулагчтай байгаагүй. Хөлбөмбөгийн боловсрол гэдгийг эзэмшиж чадаагүй тоглогч болох гэж оролдсон. Энэ нь надад техникийн тал дээрээ ч бэрхшээл болсон. Ер нь Монголд хөлбөмбөгийг хөгжүүлье гэвэл бага наснаас нь хөгжилтэй аргаар дамжуулан боловсролыг нь нийтэд нь олгъё л гэсэн хүсэлтэй. Манай хөтөлбөр энэ жилээс эхлэн өргөн цар хүрээтэй болж байна. Өмнө нь цар тахлын улмаас анги дүүргэлт бага, салбар цөөн байлаа. Харин энэ жил дөрөв дэх салбараа хотын зүүн хэсэгт нээхээр зорьж байна. Манай зуны хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Хотхон, байгууллагууд манай хөтөлбөртэй хамтран ажиллах боломжтой" гэлээ.

"Little Kickers" хөтөлбөр нь "Хан хиллс" хотхон, "Нарны хороолол"-ын 141 дүгээр сургууль, Яармагийн "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль гэсэн гурван үндсэн салбартай. Мөн зуны хөтөлбөр нь Зайсангийн Белла Виста дээр хичээллэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж