Их наядын алдагдалтай аяллын салбар үйлчилгээгээ өөрчилье!

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Их наядын алдагдалтай аяллын салбар үйлчилгээгээ өөрчилье!

Их наядын алдагдалтай аяллын салбар үйлчилгээгээ өөрчилье!

Хотынхон хоёр жил хуримтлагдсан стрессээс салж, хорионы дараах холын аялалд гарах төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулжээ. Тэр тусмаа энэ жилийн баяр наадмаар иргэд "урт" амарна. Иймээс гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөрөө хаашаа явж амрах вэ гэсэн хүмүүс цөөнгүй. Зарим нь гадагшаагаа аялал сонирхож, зарим нь дотоодод аялахаар төлөвлөнө.

Дотоодын аялал Монголын аялал жуучлалын орлогын чамгүй хэсгийг бүрдүүлдэг. Гэвч, аялал жуулчлалынхны үйлчилгээ, үнэ хөлс, тав тух, орчин нөхцөл өнөөдөр ч өөрчлөгдөөгүй, иргэдийн гомдол шүүмжлэл ч тасрахгүй үргэлжилсээр.  Дотоодын аялалд хамгийн тодоор үгүйлэгддэг зүйл бол дэд бүтэц. Зам харгуйгаас эхлээд отоглох орчин, хог хаягдал, бие засах газар, хүртээмжийн асуудал хөндөгддөг.  Онгон зэрлэг байгаль ганцхан Монголд ч байдаггүй. Харамсалтай нь, онгон зэрлэг байгальтайгаа хайр найргүй ханддаг хүмүүс нь монголчууд өөрсдөө юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлж, 400 сая жуулчин авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ ам алдаж байсан. Гэвч, Монголын нөхцөлд гаднаас 400 сая жуулчин авах бүү хэл дотоодынхоо амрагч, аялагчдын тав тухыг ч хангах үйлчилгээтэй газар ховор.  Хэтийдсэн зардал мөнгө, замбараагүй байдлаас нь шалтгаалан олон иргэд майхан савтай аялна. Үүнийг дагаад байгаль экологид сөрөг үр дагаварууд ч олон. Отоглосон газартаа хогоо хаяад явчихдгаас болж Монголын хөдөө хогийн сав болоод удаж байна. Нэн ялангуяа наадмын дараа хөдөө орон нутагт тэр чигтээ амрагч, аялагчдын хөлд дарагдаж, хог новшиндоо булагдах нь хэвийн үзэгдэл болсон.

Ядаж л хүн олноор очдог Хамрын хийд, Хустайн цогцолбор, Хөвсгөл, Буйр нуур, Улаан цутгалан, Өгий нуур зэргийн ойролцоох талбайд аялагчдад шаардлагатай тохижилтуудыг хийх зайлшгүй хэрэгтэй. Учир нь дээрх газруудад 2019-2020 онд дотоодын 250 мянга орчим жуулчин очсон статистик бий. Энэ жил үүнээс ч олон аялагч очих нь гарцаагүй.

2020 оны  улсын баяр наадмаар Улаанбаатараас 430  мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг.

Тодруулбал, 2019 онд Монголд 570.262 жуулчин хүлээж авч 607 сая ам.долларын ашиг олсон бол 2021 онд 38 мянган жуулчин ирж, 24,2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94  хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.

Тиймээс салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл гаргасан. Тэрбээр, сүүлийн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухайг хамтдаа хэлэлцэн таван асуудлыг гаргаж ирсэн. Тус асуудлуудыг Засгийн газрын гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэнээр аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч ирлээ гэсэн юм. Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн таван  шийдвэрт дараах зүйлс багтжээ.

Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн. Харин хүлээж авах хүмүүстээ тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн эсэх судалгаа мэдээлэл одоогоор гараагүй байна.

ГАДААДЫН ГЭЛТГҮЙ ДОТООДЫН АЯЛАГЧДАА ТОЙГЛОХ ХЭРЭГТЭЙ

2022 онд аялал жуулчлалын салбарыг сэргээх нь эдийн засагт хэд хэдэн чухал нөлөөтэй. Урьдчилсан судалгааны дүнгээс харвал 20-27 сая жуулчин гадаадын улс орон руу зорчдог Япон болон Өмнөд Солонгостой хамтран ажиллах төлөвлөгөөг салбар яамнаас гаргажээ. Энэ хүрээнд ирэх зургадугаар сарын 1-нээс Өмнөд Солонгосын иргэдийг жуулчлалаар визгүй зорчуулах боломжоор хангаж өгч буй аж. Цаашид бусад орны жуулчдыг татахад тодорхой төлөвлөгөөний дагуу шат дараатай зохицуулалт хийх юм байна. Аялал жуулчлалын салбар сэргэх нь нэг талаар эдийн засаг нөгөө талаар ажиллах хүний нөөцөд таатай мэдээ. Учир нь 2021 онд тус салбарт ажиллагсдын тоо 63 хувиар буурсан. Мэдээж цар тахлын хязгаарлалтын арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд нөлөөлсөн нь тодорхой. Тиймээс цаашид бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдэл, аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулахад зайлшгүй хэрэгтэй.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд үйлчилгээ, сэтгэл ханамж чухал учраас гадаадын гэлтгүй дотоодын жуулчдыг ч тав тухтай аялуулах боломжийг олгох нь анхаахах асуудал.

Монголын аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллагуудын зүгээс салбарын хөгжилд нэгдүгээрт, гадаад сурталчилгааг буюу жуулчдын эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрэлт нэмэгдсэнээр гадаад жуулчдыг авчрах тээврийн бодлогыг сайжруулах буюу агаарын болон төмөр зам. Гуравдугаарт, жуулчдыг Монголд ирсэн хойно нь хэрхэн тав тухтай, аюулгүй аялуулах талаар хөтөлбөр боловсруулах. Цаашлаад дотоодын аялал болон хүний нөөцийн асуудлыг шийдэх үндэсний томоохон цогц хөтөлбөр боловсруулж, танилцуулах нь зүйтэйг илэрхийлж буй.  Хэрэв агаарын тээврийн үйлчилгээнд ямар нэгэн хориг үүсэхгүй бол энэ онд хүлээн авах жуулчдын тоо 150 мянга бус 300 мянгад хүрэх боломжтой төдийгүй дотоодын нислэгийн үнийг буулгавал 1.5 сая монгол аялагчийн тоо ч нэмэгдэх аж. Дотоодын аялал хурдацтай сэргэвэл салбарын орлого алдагдлаа нөхөх боломжтой. Тиймээс аялал жуулчлалыг үйлчилгээнээс гадна үйлдвэрлэлийн салбар гэж харж, хүртээмжтэй соёлыг бий болгох шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, ашиг орлог муутай гэж ам уралдан зовлон тоочихоос илүү дотоодын аялалаа хөгжүүлж, үйлчилгээ хандлагаа өөрчилж мөнгө олох  боломж  аялал жуулчлалын салбарынханд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж