Б.Мөнхжин: Монгол Улс заримдаа хэгжүүн байх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Б.Мөнхжин: Монгол Улс заримдаа хэгжүүн байх ёстой

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Узбекистан улсад өнгөрөгч долоо хоногт ажлын айлчлал хийж, төрийн болон бизнесийн түншлэлийн уулзалт зохион байгуулсан. ЗХУ задран унаснаас хойш чөлөөт эдийн засгийн хөгжил өөд, ижил гараанаас мацсан манай хоёр улсад ижил төстэй зүйл цөөнгүй. Тиймээс олон улсын харилцаа тогтвортой бус байгаа энэ цаг үед Монголын эдийн засгийн нэгэн түшиц бус нутаг нь Төв Ази гэж  харж байгаагаа Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин илэрхийлсэн юм. Ингээд түүнтэй товч ярилцсанаа хүргэе.


-Узбекстан руу явсан ажил хэрэг хэр бүтэмжтэй байв. Яагаад Төв Азийг онилох болов?

-Монгол Улсын гадаад харилцаа биднээс шалтгаалсан болон үл шалтгаалсан амаргүй нөхцөлд байна. Гадаад худалдааны эргэлт тасалдах, саарах, цар тахлаас үүдэн хилийн боомтуудад бараа бүтээгдэхүүнүүд хязгаарлалттайгаар гарах болсон. Түүнчлэн Орос, Украины асуудлаас үүдсэн хүнсний хомсдол дэлхийд нүүрлэж байна. Энэхүү сорилтууд биднийг тойрохгүй, дайрна. Сүүлийн судалгаагаар дэлхий дахинаа 1.9 тэрбум хүний хүнсний аюулгүй байдалд эрсдэл учрах тооцоо байна.

Тиймээс сорилт хэзээ ирэхийг нь хүлээж, тулгарсан хойно нь “учрыг олно” гэж суухаас илүү урьдчилан оролдлого хийх, санаачлагатай ажиллах шаардлагатай болсон.

Өнгөрсөн хугацаанд  манай олон тулгуурт гадаад бодлогын нэгэн чухал тулгуур болох дэд бүс нутгийг орхигдуулж иржээ. Энэ нь Төв Азийн бүс нутаг. Тэд өөрсдийн хөгжлийн замналаа олсон байна. Ялангуяа Узбекистан сүүлийн таван жилийн хугацаанд эдийн засгийн реформуудыг амжилттай хийж байна. Түүхий эдээ шууд экспортолдог байсан энэ улс өдгөө жимс, хүнсний ногооны болоод арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн томоохон үйлдвэрлэгч улс болжээ. Тиймээс хүнсний хомсдолын асуудлыг Узбекстантай хамтын ажиллагааг хөгжүүлснээр давж болох юм гэж итгэл үнэмшил төрж, айлчлал хийхээр болсон.

Энэхүү айлчлалаар хоёр талын бизнес эрхлэгчдийг холбож, тэднийг үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Зорьсон зорилтууд  маань тодорхой хэмжээнд хангагдаж буйд сэтгэл хангалуун байна. Тэдний органик, өндөр чанартай жимс, хүнсний ногоог импортлох боломж бүрдлээ. Нөгөөтэйгүүр манай компаниуд мах, махан бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортлох үүд хаалга ч нээгдэж байна.  Харин манай бизнесийн салбарынхан үүсэж буй энэ шинэ гарцыг ашиглаж , хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлээсэй.

-Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд хүлээж суух биш сэдэж санаачлах идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх ёстой гэлээ. Идэвхтэй гадаад бодлого явуулахын тулд мэдээж тодорхой хэмжээний айлчлал, томилолтуудыг зохион байгуулахаас өөр аргагүй байх. Гэтэл манай улс төсвийн хэмнэлтийн бодлого барьж байгаа шүү дээ?

-Монгол Улс гадаад худалдааны тухайд дэд бүтцийн, далайд гарцгүй гээд сул талууд ихтэй. “Бидэн дээр хэн ирж худалдаа хийх бол” хэмээх хүлээх нь учир дутагдалтай. Дэлхийн улсууд өөр хоорондоо худалдаа хийхийн тулд таатай нөхцлөөр бусдыг татаж, түрүүлж хөрөнгө оруулалт олж авах, худалдааны түншээ татах гэж өрсөлдөж байна. Узбекистан улс л гэхэд 24 эдийн засгийн чөлөөт бүстэй байх жишээтэй. Ийм хурдтай өөрчлөгдөж буй өрсөлдөөнт орчинд бид идэвхтэй, санаачилгатай бодлого баримталмаар байна. Энэ чиглэлд мөнгө ч зарах хэрэгтэй. Нэг талдаа “Хэмнэж байна” гээд ажиглаж, хойш суугаад байвал амжилт олохгүй. Олон боломжоос хоцорно. Тиймд яг энэ цаг хугацаанд эрчтэй, прагматик, идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Айлын тал манай хүсэлт, саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Уулзаж, ярилцаж байхад тэд бидэнтэй ямар төрлийн худалдаа хийх сонирхолтой байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд бид хоёр цахимаар гурван удаа уулзсан. Тэр уулзалтаар хүнсний аюулгүй байдал, хомсдолын асуудлыг голчлон ярьж байсан. Өдгөө цар тахлын нөхцөл байдал сайжирсан учир нүүр тулан уулзах боломж тохиолоо. Айлчлалын хүрээнд мөн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн болоод Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайдтай уулзлаа.

Би уулзах нэг хэрэг. Харин бизнес хийе гэж зориг гарган, эрсдэл хүлээж байгаа бизнесийнхнээ дэмжих, хурал уулзалтуудад бодит оролцоотой байлгах, мэдээллээр хангахыг зорьсон. Тэд итгэл үнэмшил дүүрэн, сэтгэл хангалуун үлдсэнээ илэрхийлсэн.

-Ямар ч байсан эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахын тулд Монгол Улс бүх арга чаргаа ашиглаж байх шиг. Энэ хүрээнд Төв Азитай цаашдаа хамтрахаар боллоо. Гэхдээ энэ зөвхөн эхлэл төдий. Цаашдаа  эдийн засгийн бодит үр өгөөжүүд бий болж эхэлтэл ямар хүчин чармайлт хэрэгтэй вэ?

-Эхлэлийг нь тавьсан энэхүү харилцаа хөгжиж, худалдаа тогтвортой хэмнэлд шилжтэл хугацаа хэрэгтэй. Тэр хүртэл анхаарал, ач холбогдлоо сулруулахгүй ажиллахад ГХЯ дэмжлэг болж ажиллах шаардлагатай. Тийм ч учраас ирэх есдүгээр сард Узбекистаны жимс, хүнсний ногооны үзэсгэлэн яармагийг худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.

Бид 2021 онд 3.8 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн байна, Узбекистан улстай. Энэ бага тоо. Нэмэгдэх бололцоотой оловч боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Энэ чиглэлд дүгнэлт хийж, зорилтууд тодорхойлохоор болсон. Үүний дагуу төлөвлөгөө гарган, хоёр талаасаа ажиллахаар тохироод байна.

-Бусад яамд, төрийн байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд ямар үүрэг хариуцлагатай оролцох шаардлагатай вэ. Жишээ нь, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ямар байр суурьтай байгаа бол?

-Узбекистан дахь айлчлалын бүрэлдэхүүнд гурван бүлэг  хүмүүсийг багтааж, хэрэгцээт харилцаа холбоо тогтооход нь тусалъя гэж зорьсон. Эхнийх нь төрийн байгууллагууд. Энэ нь зам тээврийн салбар байлаа.  Хоёрт, бизнесийн салбар. Гуравт, худалдаа, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг нь холбож өглөө. Өмнө дурдсанчлан, цаашид төлөвлөгөө боловсруулан ажиллана. Үүний тулд Засгийн газар хоорондын комисс байгуулах бөгөөд үүнд монгол талыг ХХААХҮ-ийн сайд төлөөлбөл тохиромжтой гэж үзэж байгаа. Энэ саналаа засгийн газрын хуралдаанд танилцуулах болно.

-Узбекистан улс аялал жуулчлалын салбарыг  хөгжүүлэхэд нэлээд анхаарал тавьж байгаа нь ажиглагдлаа. Монголчууд ч аялал жуучлалыг хөгжүүлэх сонирхолтой, тэднээс суралцах зүйл юу байна?

-Хоёр улсын иргэд визгүй зорчдог болох, шууд нислэг үйлддэг болох эрх зүйн орчныг айлчлалын хүрээнд бий болгосон нь үүнтэй холбогдож буй. Монголчууд Самарканд руу, Төв Азийн улсууд руу аялах боломж бүрдэж байна. Эргээд Узбекистаны 33 сая хүн ам ч Монгол руу аялал жуулчлалын зорилгоор явах бүрэн боломжтой болж байна.

Ер аялал жуулчал хөгжүүлэхэд юун түрүүнд тохирох чиглэлийн шууд нислэгтэй байх чухал. Мөн тэнд 21-р зууны тав тух буюу суурь хэрэгцээ хангагдсан байх ёстой. Самарканд гэхэд л жилд 3 сая жуулчин хүлээж авч байна. Тэр хэрээр багтаамж нь байна гэсэн үг. Манай аялал жуулчлалын кэмпүүд, ресортууд энэ стандартаа хангаж чадсан уу. Өөрөөр хэлбэл дотооддоо “гэрийн даалгавар”-аа хийх шаардлага байна л даа. Нөгөөтэйгээр нислэгийн болоод визний таатай нөхцөл нь бүрдээд ирэхээр бизнесүүд зах зээлийнхээ жамаар тухтай кемп, ресорт, буудлууд шинээр барьж байгуулахад хөрөнгө оруулаад эхэлдэг тал бий.

-Хоёр орон түүхэн хөгжлийн ижил замаар явж буй онцлогтой шиг. Ер адил болон ондоо талуудыг нь хэрхэн харж байна вэ?

-Узбекистан болон Монгол Улс 1990-ээд оноос ижилхэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас шилжиж шинэ сорилтын өмнө, ойролцоо гараанаас л эхэлсэн. Гайхшрал төрүүлж буй нь, тэд таван жилийн өмнөөс эдийн засгийн реформоо хийж, маш богино хугацаанд амжилт үзүүлжээ. Манайх шиг түүхий эдээ шууд экспортолдог байсан энэ улс таван жилийн дотор дотоодын олон хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэж 100 хувь хангаж чаддаг болсон. Бидэнд яг ижил бололцоо бий. Харин бид шийдэмгий, тууштай, тодорхой бодлого хэрэгжүүлэх ёстой. Өм цөм бодлого хэрэгжүүлэхэд зорьсон бодит үр дүн  маань төдийлөн гарахгүй байна.

-Том хоёр гүрний дунд оршдог Монгол улсын гадаад бодлого Орос, Украины дайнтай холбоотойгоор олон нийтийн дунд нэг том маргааны сэдэв болсон. Ийм цаг үед Төв Азийн орнууд руу түрүүлж нүүдэл хийх нь эргээд гал үүрэх ямар нэг эрсдэлтэй юу?

– Үгүй дээ. Манай улс олон тулгуурт, бие даасан гадаад бодлоготой. Энэ зарчим хэвээр үргэлжлэх ёстой. Тэр ч утгаараа Төв Азийн болон ер ямар ч улстай энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо баримталж, чөлөөтэй харилцаж чаддаг, мөн энэ бодлогоо хараат бусаар явуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, заримдаа Монгол Улс тодорхой хэмжээнд хэгжүүн байх ёстой л гэж боддог.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж