ЁНДОНЖАМЦ ОВОГТОЙ МӨНХБААТАР
/1953.09.01-2022.06.06/
Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ёндонжамцын МӨНХБААТАР нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларсанд бид гүнээ харамсан эмгэнэж байна.
Ё.МӨНХБААТАР нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлын Тамгын газарт 20 гаруй жил тогтвортой ажилласан улсын төсөв, санхүү, татвар, банк, бүртгэл тооцоо, аудитын талаар мэргэшсэн өндөр мэдлэг, туршлагатай тэргүүлэх боловсон хүчин-төрийн жинхэнэ албан хаагч байлаа.
Тэрбээр 1953 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрж, 1971 онд Улаанбаатар хотын 10 жилийн 17 дугаар сургуулийг, 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 1975-1976 онд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт эдийн засагч, 1976-1994 онд Хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 1994 оноос 2014 он хүртэл Улсын Их Хурлын Тамгын газарт зохион байгуулагч, ахлах зохион байгуулагч, референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр, 2018 оноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Монгол Улсын төсөв, санхүү, татвар, банк, бүртгэл тооцоо, аудитын салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан чадварлаг санхүүч, эдийн засагч байлаа.
Ё.МӨНХБААТАР нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллах хугацаандаа Монгол Улсын 22 жилийн төсвийн тухай хууль, дагалдан гарсан 220 гаруй хууль, тогтоол, төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, улсын төсөв, санхүү, зээл, татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын талаарх Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах ажилд оролцсон юм.
Тэрбээр төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, төрийн албан хаагчийн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг чандлан сахиж, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байсан билээ.
Ё.Мөнхбаатарын хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1986 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 2003 онд Алтан гадас одон, 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль, Төрийн албаны тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Тэргүүний эдийн засагч, Төрийн хяналтын тэргүүний ажилтан цол, тэмдгүүдээр шагнаж байжээ.
Монголын төсөв, санхүүгийн салбар, түүний дотор Улсын Их Хурлын Тамгын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн нийт ажилтан, ажиллагсдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Таны өргөн мэдлэг, үнэ цэнтэй чадвар туршлага, авьяас билиг, ажилч хичээнгүй, нийтэч, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР,
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ