Төр бизнесийн үйл ажиллагаанд "оролцохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Төр бизнесийн үйл ажиллагаанд "оролцохгүй"

Төр бизнесийн үйл ажиллагаанд "оролцохгүй"

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын 2022 оны эхний улирлын мэдээллээр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 168, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 299 байгаа аж. Үүнээс төрийн өмчит хувьцаат компани 48, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 22, төрийн өмчийн оролцоотой компани 31, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 36 /23 нь ТӨБЗГ-ын төлөөлөл хэрэгжүүлж байгаа, 14 нь ЗГХЭГ, яамдын харъяа/ байна.

Төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар 28, мөн Монголбанк төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар хэлбэртэй, Хадгаламж, даатгалын корпораци сан хэлбэртэй, олон улсын гэрээгээр зохицуулж буй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг бий.

Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой нийт 299 хуулийн этгээд байгаагаас өрхийн эмнэлэг 164, эм эргэлтийн сан 33 байгаа аж. Өрхийн эмнэлгүүд хуулийн этгээдийн статусын хувьд Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл (БГБХН), Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл (ЗГБХН)-ийн хэлбэртэй ашгийн төлөө хуулийн этгээд буюу хуулийн этгээдийн өмчлөгч нь хувь хүн, иргэн байна. Гэвч санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө нь орон нутгийн өмчид бүртгэлтэй байдаг аж.

Эрүүл мэндийн байгууллагын хувьд төрөөс санхүүжин, үйл ажиллагаа явуулж буй. Эм эргэлтийн сангийн тухайд 29 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, зарим нь хувьцаат компани хэлбэртэй, зарим нь хуулийн этгээдийн гэрчилгээгүй байгаа ажээ.

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ САЛБАРТ ТӨРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

УИХ-аар хэлэлцэхээр болсон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслөөс онцлууштай нь, эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно гэсэн заалт. Тус хуулийн төсөлд эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харъяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулдаг. Улмаар зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж буйг онцолжээ. Төрийн оролцоотой бизнес алдагдалтай ажилладаг жишээ манайд олон бий. Гэхдээ стратегийн ач холбогдолтой салбарт төрийн оролцоо чухлыг мартаж болохгүй юм. Жишээлбэл, эрчим хүчний салбарт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ салбараас улс орны суурь эдийн засаг шууд хамаарна. Иймд тодорхой хэсгийг хувийн хэвшилд хамааруулж, дийлэнхийг нь төр хариуцах хэрэгтэй. Бодлого боловсруулагчид төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг анхааралдаа авч, хэрхэн ажиллуулахаа тодорхойлох ёстойг эдийн засагчид хэлж байна.

Дээрх хуулийн төсөл батлагдсанаар төр бодлогоор дэмжиж байна гээд бизнесийн үйл ажиллагаанд “ханцуй шамлан хутгалддаг” байдлыг халах боломж бүрдэнэ гэсэн найдлага төрүүлж эхэллээ.

Төсөл санаачлагчид стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг УИХ дөрвөн жил тутамд, харин Засгийн газар нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчид урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж үзжээ.

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ 0 ХУВЬ

Төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцож, хөндлөнгөөс нөлөөлдөг. Мөн удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж буй. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 2021 оны байдлаар 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажиллажээ. Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банк “Монголын төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай” гэж үнэлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК тус тус бүрдүүлсэн байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийт орлого 2019 онд 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 орчим их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байжээ. 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс нийт зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна.

Нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлжээ. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал өндөр, нийт орлогын 90-95 хувийг зардал бүрдүүлж буй аж. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нэг ажилтанд оногдох дундаж цалин тухайн байгууллагаас шалтгаалж харилцан адилгүй, хамгийн бага нь 517.0 мянган төгрөг, хамгийн их нь 4,352.0 сая төгрөг байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ
ИХ ХОЛБОГДОЖ БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байгаа ажээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар төрийн болон орон нутгийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын удирдлагууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хувь өндөр байгаа талаар мэдээлж байсныг энд сануулъя. Монгол Улсад төрийн эрх мэдэл бүхий, албан тушаалтнууд хамгийн их “дураараа аашилдаг” нь хавтаст хэргийн тоон мэдээллээс тодорхой харагддаг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний улиралд авлигын 124 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 35-аар буюу 39.3 хувиар өссөн дүн юм.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 28-аар буюу 39.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн авлигын 124 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад хамгийн их буюу 99 (75.6 хувь) эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байсан бол 17 (13.0 хувь) нь хахууль авах гэмт хэрэг, 7 (5.3 хувь) нь хахууль өгөх гэмт хэрэг аж.

Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйл, 236.1-дДураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж