Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлаар хэд хэдэн холбогдох мэдэгдлийг гаргаж байна. Тухайлбал, баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Тэрбээр, үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Үүнээс гадна тэгш ой тохиож байгаа таван аймаг болох Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь тэргүүтэй аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулах хуваарийг гаргасан байгаа. Эдгээр аймгууд ирэх сарын 22-31 хооронд тэгш ойгоо тэмдэглэх хуваарь гаргасан. Удахгүй Соёлын яамнаас баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулна.
7-8 дугаар сард аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх, соёлын өвийг танилцуулах ажлуудыг төлөвлөсөн байгаа.
Хөтөлбөрийн тухайд Улаанбаатарын үдэш арга хэмжээ хүй долоон худагт зохион байгуулна. Харин баяр наадмын нээлт, хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнө бөх дуусаад наадамчид тардаг байсан бол энэ жил хаалтын үйл ажиллагааг тэмдэглэхээр болсон.
Мөн одоо Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах ажил УИХ дээр хэлэлцүүлж байгаа. Ойрын хугацаанд яаралтай батлахаар ажиллаж байна.
Наадмын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөөд байсан бол тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон. Энэ жилийн наадмын нэг онцлог бол бүх гудамж, талбайд шаардлага хангасан үйлчилгээний цэгүүдийг бий болгоно. Мөн наадмын тасалбарыг цахимжуулах ажил Цахим хөгжлийн яам дээр явж байгаа.
Холбоотой мэдээ