ЗГ: "Эрдэнэс Монгол" компанийг баялгийн сан болгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

ЗГ: "Эрдэнэс Монгол" компанийг баялгийн сан болгоно

ЗГ: "Эрдэнэс Монгол" компанийг баялгийн сан болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.06.08/ хэлэлцүүлсэн асуудлыг танилцуулж байна.


НЭМЭЛТ:

Эрдэнэс монгол ХХК-ийн шинэчлэлтийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаарх мэдээллийг салбарын сайд өглөө.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцэд томоохон шинэчлэлт хийхээр боллоо. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барих шийдвэр гарсан. Тус хуульд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтэц, удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг  тодорхой тусгаж өгсөн. Нэг ёсондоо "Эрдэнэс Монгол" ХХК үндэсний баялгийн сан болж байгаа гэсэн үг. Баялгийн сангийн хамгийн том жишээ бол Норвегийн тэтгэврийн сангийн жишээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл ч энэ жишгийн дагуу судалгаанд суурилж бичигдсэн. Тэгэхлээр корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлд 200 гаруй хүн ажилладаг бүрэлдэхүүнийг хасч 27 хүн болгож бууруулах шийдвэр гаргасан. Газрын дарга, хэлтсийн дарга гэх мэтчилэн уялдаа холбоогүй албан тушаалтнууд их бий. Тэгэхлээр хуулийн дагуу бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх шаардлага үүссэн.

Төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд "Эрдэнэс Монгол"-д нэгдэл болж байгаа учир зэс, металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж дотроо хоёр хуваагдаж байгаа.

Ингэснээр ТУЗ-үүдийг нэг төлөөлөлтэй болгох юм. Үндсэндээ 27 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл тус үйлдвэрийг удирдана гэсэн үг. Нэг талаар үйл ажиллагааг уялдаатай болгож, нэгдсэн нэг бодлогоор явуулах, зардал хэмнэх зэрэг давуу талтай.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах асуудлыг хэлэлцүүллээ. Ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд хүнсний үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл, иргэдтэй уулзахаас гадна, үйлдвэрлэл явуулж буй бодит нөхцөл байдалтай танилцсан. Урт хугацаанд хяналт сул байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг цаашид цэгцэлж, нарийн зохицуулалттай болгоно. Бүх түвшинд буюу мал төхөөрөхөөс эхлээд үйлдвэрлэлийн шат хүртэлх дамжлагын стандартыг шинэчлэн баталлаа. Энэ зөвхөн Эмээлтийн үйлдвэрүүдэд хамаатай асуудал биш. Дэнжийн мянга, бусад зах, сургууль, цэцэрлэг зэрэгт хэрэглэх, зарах маханд ч хяналт тавина.

Дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжийн 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Нийлүүлэлт, экспортын тухайд 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоож байна.

Мөн хүнсний хууль тогтоомжийн стандартыг хуульчлах зохицуулалтыг нэн даруй хийнэ. Гуравдугаарт, нийслэлд дулааны аргаар мах бэлтгэж буй үйлдвэрүүдийг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. ХХААХҮЯ болон Хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг өгсөн байгаа. Дараагийн асуудал бол хариуцлагын тухай.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчлэх, МХЕГ, НМХГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгсөн.

Мэргэжилтнүүдээс гадна лабораторийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бүх шатанд нэгдсэн шинэ стандартыг баталсан. Стандарт шаардлагыг хангаж ажилладаг аж ахуй нэгжүүд бий. Гэхдээ чадахгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа компаниудыг олон нийтэд зарлаж, хаахаас өөр аргагүй. Мэргэжлийн байгууллага хяналт тавьж эрүүл ахуй, технологийн дамжлагад үндэслэж Засгийн газар шийдвэр гаргаж байгаа. Цаашид зөвхөн мах бус хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт тогтоож ажиллах болно.

МАХНЫ ЭКСПОРТЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД Ч ХАРИУЦЛАГА ТООЦНО

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Эмээлтэд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд бий. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрүүдээс болж тэдэнд иргэд эргэлзэж байна. Тиймээс үе шаттай зохицуулалт хийхээр болсон. Алба хаагчдын ажил үүрэг болоод ашиг сонирхлын зөрчлийн асуудлын тухайд хуулийн дагуу хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас гадна экспортын зөвшөөрөл олгодог дүгнэлт гаргадаг мэргэжилтнүүдэд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө.

Мах экспортын зөвшөөрлийг Монгол талаас өгдөггүй. Хятадтай хийсэн хэлэлцээрийн дагуу тусгай зөвшөөрлийг олгодог. Нийт мах бэлтгэх 32 үйлдвэрийн 17 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Эдгээрийн 16 нь стандартыг мөрдөж ажиллаагүй нь шалгалтаар тогтоогдсон. Махны задгай худалдааны эрүүл ахуйн нэгдсэн стандартыг батласнаар бүх асуудал цэгцэрч эхэлнэ. Мал эмнэлгийн мөшгих системийг ирэх оноос эхлэн нэвтрүүлнэ. Тэгэхлээр мах бэлтгэх ажилд замбараагүй байдал дахин үүсэхгүй гэсэн үг.

Монгол Улс зөвхөн хоёр хөрш рүү мах экспортолдоггүй. Бусад орон руу гаргадаг. Тиймээс ГХЯ болон холбогдох яам хамтран экспортын махны эрүүл ахуйд шаардлага тавина.Хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Иймд нэгдсэн стандарт шаардлагыг заавал биелүүлэх хэрэгтэй. Гол нь үүнийг хянах механизмыг мөн чангатгах нь шаардлага үүсээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж