АНУ-ын иргэн Сири дэх Исламын улс гэгдэх бүлэглэлийн бүх эмэгтэйчүүдээс бүрдсэн эскадрилийг удирдаж, Америкийн нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрөв.
Эллисон Флюк-Экрен тус бүлэглэлд дэмжлэг үзүүлсэн мөн 100 гаруй охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд сургасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Ээж, багш, "IS"-ын удирдагч болсон тэрбээр 2011 онд АНУ-ыг орхиж, Сириэс өмнө Ливид орших террорист бүлэглэлтэй хамтран ажиллаж байжээ. Эллисон Флюк-Экрен цагдан хоригдож байгаа ба аравдугаар сард нэгдсэн шүүх хурал болно. Тус шүүх хурлаар Исламын бүлэглэлийг удирдаж байсан Эллисонд ихдээ 20 жилийн хорих ял оноох юм.
Эллисон Флюк-Экрен Исламын улс бүлэглэлд байх хугацаандаа Хатиба Нусайба хэмээх эмэгтэй батальоныг удирдаж байжээ. Түүний гол үүрэг бол эмэгтэйчүүд, хүүхдүүдэд АК-47 буу, гранатаас эхлээд амиа золиослогч хантааз хүртэл зэвсэг хэрэглэхийг заах явдал байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Виржиниагийн шүүх дээр тэрбээр бүх эмэгтэйчүүдээс бүрдсэн бүлгийг сургаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч хэзээ ч хүүхэд элсүүлэх гэж оролдоогүй гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн АНУ-ын нутаг дэвсгэрт, тэр дундаа их сургууль, худалдааны төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрсөн. Чухам яагаад халдлага үйлдэхээр санаархаж байсныг асуухад "Олон тооны хүний аминд хүрээгүй аливаа халдлагыг нөөц дэмий үрсэн хэрэг гэж үзсэн" гэж мэдэгджээ. Эллисон ганцаараа "IS"-ын гишүүн байгаагүй аж. Түүний хоёр дахь нөхөр нь 2012 онд Ливийн Бенгази дахь АНУ-ын байр руу халдлага үйлдсэн “Ансар Аль-Шариа” зэвсэгт бүлэглэлийн гишүүн болохыг баримт бичигт харуулсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ