Тэмдэглэл: Төв Азийг онилсон ГАДААД БОДЛОГО

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Тэмдэглэл: Төв Азийг онилсон ГАДААД БОДЛОГО

Тэмдэглэл: Төв Азийг онилсон ГАДААД БОДЛОГО

Алма-Атагаас хоёр цаг нисээд Узбекистаны нийслэл Ташкентад  буув. Буудлын цагийг харвал Улаанбаатараас гурван цагийн зөрүүтэй ажээ. Төв Азийн төв цэг болох Узбекистан нь Казахстан, Киргиз, Тажикистан, Афганистан, Туркменистан таван улсаар хүрээлүүлдэг. Төв нийслэл нь Ташкент. Монгол шиг далайд гарцгүй эх газрын орон, 90 хувь нь цөл, 10 хувь нь үржил шимтэй хөндий. Атал жилдээ 25 сая тонн жимс, жимсгэнэ үйлдвэрлэдэг байна.

Улаанбаатарт улаан махны хэрүүл ид бүүм болох зуур Узбекистанд мах, махан бүтээгдэхүүн Монголоос экспортлох, тэндээс нарийн ногоо, жимс, жимсгэнэ импортлох гэрээ хэлэлцээ хийхээр явсан Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжингийн ажил хэрэг амжилттай бүтэв. Тэрбээр “Бид тэднийг хүлээгээд суух биш өөрсдөө хүлээх хүрэлцэн очих ёстой” гэсэн нь гадаад бодлогын хувьд зөв нүүдэл байлаа.

Узбекистан нь Монголтой олон зүйлээрээ ойролцоо аж. Махны хэрэглээ ихтэй, мөн далайд гарцгүйн хувьд бидэнтэй зовлон нэгтэй гэсэн үг.

Монгол өнөөдрийг хүртэл Зүүн Азитай гадаад бодлогын хувьд түлхүү харилцаатай явж, Төв Азийг орхигдуулж ирсэн. Харин өдгөө гадаад бодлогоо Төв Ази руу чиглүүлсэн нь нэг талаар хөгжиж буй улсуудын хувьд эдийн засгийн хамтын ажиллаагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилготой.

Нөгөө талаар дэлхийд нүүрлэж буй хүнсний хомсдлыг  хохирол багатай даван туулахын тулд нийлүүлэгчийнхээ тоог нэмэх үүднээс Ташкент хотод хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгууллаа. Энэ форумын үеэр Монголын бизнес эрхлэгчид Төв Азид мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнээс Монголд импортлох зорилгоо танилцуулсан. Ямартай ч, Монголоос мах худалдан авах сонирхлоо Узбикистанууд илэрхийлсэн. Ташкентад нэг килограмм мах 8 ам.доллар. Монгол төгрөгөөр бодвол 24 мянган төгрөг болно.

Иймийн учир Монголчууд юун түрүүнд малаа эмчлэх, эрүүл мах экспортод гаргахад анхаарах ёстой болж байна. Үүний тулд малын эмч нарыг бэлтгэх шаардлага ч гарч буй юм.

2021 оны арваннэгдүгээр сард Хятадын Эрээн боомт хаагдсанаар Монгол Улс экспорт, импортын хязгаарлалтад орсон билээ.  Өмнө нь Москва ханиах төдийд Монгол хатгаа тусдаг байсан бол өдгөө Эрээнд найтаах төдийд Монголд хямрал нүүрлэсэн. Өөрөөр хэлбэл, урдаа цар тахалтай, хойноо дайн байлдаантай, ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг болчхоод байгаа Монгол Улсын хувьд өөрсдөө явж, гадаад бодлого, хөрөнгө оруулалтынхаа боломж бололцоог бусдад сурталчлахгүй бол “хөмөрсөн тогоон дотроо” үлдэж мэднэ. Тиймээс монголчууд “суусан цэцнээс явсан тэнэг” гэж ярьдаг. Энэ сайхан яриад хөлөө жийгээд суух биш явж очоод ажил хэргээ бүтээ гэсэн нь агуулгатай зүйрлэл юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин  Узбекистаны  Гадаад харилцааны дэд сайд болон Хөрөнгө оруулалтын, Хүнс хөдөө аж ахуйн  дэд сайд  нартай уулзаж, Монгол ба Төв Азийн хооронд шинэ зам эхлүүлэв. Эрт дээр үеийн “Торгоны зам” энэ удаад хурганы болон хүнсний зам болох дэг.

ХОЁР УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Монгол Улсын иргэд Төв Ази руу визгүй зорчдог байсан бол тэд Монголд зорчихын тулд нэлээд шалгалтыг давдаг аж. Узбекууд ихэнх нь исламын шашинтай болохоор Монгол Улсын хувьд болгоомжлолтой ханддаг байсан аж. Тэгвэл Узбекистаны иргэд Монголд визгүй зорчсоноор, жимс, жимсгэний импорт саадгүй явагдах боломжтой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жимс, жимсгэний тээвэрлэлт эрхлэж буй жолооч нар виз авах гэж хугацаа алдах шаардлагагүй болчихож байгаа юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ф.Сидиков нарын уулзалтаар хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан.

  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны хөтөлбөр,
  • Хоёр улсын иргэдийг богино хугацааны визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг,
  • Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хоорондын протокол зэрэгт гарын үсэг зурсан юм.

Узбекистан улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтэй, тиймээс уулзалтын үеэр энэхүү хүслийг нь Монгол Улс дэмжиж байгаагаа Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ф.Сидиковт илэрхийлэв.

УЗБЕКИСТАНД  МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАЙ 4 КОМПАНИ БАЙДАГ

Узбекистан нь ДНБ-ийн хэмжээгээр дэлхийн 194 улсаас 69, нэг хүнд ноогдох дүнгээр 135-р байр хавьд бичигддэг аж. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийнх нь зүгээс эдийн засгийн нээлттэй, шинэ бодлого хэрэгжүүлж байгаа тухайгаа БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ф.Сидиков танилцууллаа.  Тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани таван жилийн өмнө 5.5 мянга байсан бол өдгөө 13 мянга болж өсчээ. Монголын хөрөнгө оруулалттай дөрвөн компани байгаа мэдээллийг ч өгөв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд А.Тураевтай уулзаж, Узбекистанаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, манай улсаас тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татварын болон бусад саад тотгорыг хамтран арилгах асуудлаар санал солилцсон юм. Узбекистан нь татвар өндөртэй, гэхдээ тоглоомын дүрэм нь тодорхой. Эсрэгээрээ Монгол татварын таатай орчныг бүрдүүлсэн, даанч улстөрчдийнх нь тодорхойгүй байдал, тоглоомын дүрэм ойлгомжгүйгээс хөрөнгө оруулагчдыг үргээдэг тал бий.

Энэхүү уулзалтаар ирэх есдүгээр сард Монголд Узбекистаны жимс, нарийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг  зохион байгуулахаар товлов.

Ингээд Узбек жимс, жимсгэнийг монголчууд амтлах цаг айсуй иржээ. Монгол Улс Хятадаас жимс, жимсгэнэ импортолж, дотоодын хэрэгцээгээ хангадаг. Алийн болгон химийн бордоогоор бордсон Эрээний жимс, жимсгэнэ идэх вэ, эрүүл хүнс хэрэглэх цаг болсон  гэж эдийн засагч Д.Ангар энэхүү айлчлалыг товчхон дүгнэнэ лээ.

МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХУДАЛДАА 3.6 САЯ АМ.ДОЛЛАР

Монгол, Узбекистан хоёр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх  2022 онд тохионо. Атал гадаад худалдаа нь ердөө 3.6 сая ам.доллар гэхээр худалч хүнд бид хоорондоо бараг наймаа хийдэггүй шахуу л гэсэн үг. Төв Азийн бүс нутагтаа тус улс нь хүнс, хөнгөн үйлдвэрлэлээ тэргүүлдэг. Аялал жуулчлалын салбар нь маш сайн хөгжиж байгаа, зөвхөн Самарканд хотод гэхэд жилдээ 3 сая жуулчин очдог болохыг хөтөч залуу маань тайлбарлав. Самарканд хотод ирэх намар ШХАБ-ын уулзалт болохоор товлогдсон, цаашдаа бизнесийн том форум зохион байгуулдаг албаны болон аялал жуучлалын гол бүс болохоор төлөвлөж байгаа гэх.

Узбекистан нь хүлэмжийн үйлдвэрлэл сайтай аж. Монголд өвлийн хүлэмжийг хөгжүүлэх нь нэн чухал шаардлага бий болсон. Энэ тал дээр туслах боломжтойгоо ч узбек бизнес эрхлэгчид дуулгасан.

Зөвхөн газраар гэлтгүй агаарын тээврээр агаарын тээврээр карго хийх хүслээ Монголын гурван авиа компани илэрхийлжээ. "Хүннү эйр" компанийн зүгээс  нисэх буудал, газрын хураамж, татварын асуудалд анхаарал тавьж өгөхийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд ноён  Ф.Сидиковт уламжлав. Одоогоор тус компани Киргизийн Бишкек рүү, мөн Казакстан руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байгаа аж.

Ийнхүү Монгол Улс хүнсний үйлдвэрлэлээ сайжруулах, импортоо өргөжүүлэх, махны экспортоо нэмэгдүүлэх үүднээс Төв Ази тийш жингийн цуваа эхлүүллээ.

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж