Брент маркийн нефтийн фьючерс өсөж, $119.91 баррель болсон байна. /2022.06.07 /
АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн түүхий нефтийн үнэ мөн өссөн, баррель нь 118.98 ам.доллар болжээ. Даваа гарагт жишиг үзүүлэлт 120.99 ам.долларт хүрч, гурван сарын дээд цэгтээ хүрсэн байна.
Бээжин болон Шанхай хотууд Omicron хувилбарын дэгдэлтийг зогсоохын тулд хоёр сарын турш хөл хоригт орсны дараа сүүлийн өдрүүдэд хэвийн байдалдаа орж байна. Даваа гарагт Бээжингийн ихэнх хэсэгт замын хөдөлгөөний хоригийг цуцалж, ресторан, зоогийн газар зэргийг нээжээ.
Томоохон хотуудын тээврийн хэрэгслүүд эргэн хөдөлгөөнд оролцож, Хятад дахь боомтууд аажмаар хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж байгаа тул шатахууны эрэлт огцом нэмэгдэх магадлалтай" гэж CMC Markets-ийн шинжээч Тина Тенг дурджээ.
Газрын тосны томоохон экспортлогч Саудын Араб нь Арабын хөнгөн түүхий газрын тосны /light crude/ Ази руу гаргах 7-р сарын албан ёсны борлуулалтын үнийг (OSP) 6-р сараас 2.10 ам.доллараар өсгөж, Оман/Дубайгийн үнийн дүнгээс 6.50 ам.доллараар давуулав. Энэ нь тавдугаар сард дээд цэгтээ хүрч байсан бүх цаг үеийн дээд үнийг давсан байна.
Өнгөрсөн долоо хоногт газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК+ гишүүн орнууд хамтран долоо, наймдугаар сард олборлолтоо өдөрт 648,000 баррелиар буюу өмнө нь төлөвлөж байснаас 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
"Шинээр төлөвлөсөн сарын зорилтууд нь бүх оролцогчдын (Оросыг оролцуулан) хувь тэнцүүлэн оруулсан хувь нэмрээс шалтгаалж байгаа боловч төлөвлөсөн үзүүлэлттэй ойролцоо өсөлтийг хүлээх нь бодит бус юм" гэж SPI Asset Management-ийн удирдах түнш Стивен Иннес тэмдэглэлдээ хэлэв.