VS: Наадмаар эрлийз морийг уралдуулна, уралдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

VS

VS: Наадмаар эрлийз морийг уралдуулна, уралдуулахгүй

Баяр наадам ойртохын хэрээр үндэсний бөх, хурдан морины уралдааныг тойрсон маргаан олныг талцуулдаг. Монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдах ёстой гэж нэг хэсэг уяачид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байхад зарим нь үүлдэрлэг байдлаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.  Энэ долоо хоногийн VS буландаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболдын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


М.Ариунболд
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Гүйцэтгэх захирал

-Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сард Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. Бидний зүгээс Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулсан өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэж, анхаарч үзэхийг хүсч байна.

Хуульд Монгол адуу гэсэн тодорхойлолт байхгүй, зөвхөн сэрвээний өндрөөр хэмжинэ тухай яриад байгаа. Хурдны морьтой Хууль зүйн сайд өөрийн эрх ашгаас бусдын эрх ашгийг илүүд үзэх ёстой.

Үндэсний их наадамд зургаан насны монгол морьд уралдуулах хууль батлах саналыг хүргүүлсэн ч төрийн бодлого нэг чигт байхгүйгээс уяачид бид хохирч байна. Ерөнхийлөгч монгол морьдоо л урдуулах ёстой гэдэг саналаа илэрхийлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг нь дэмжихгүй байгаа бололтой. Мөн гадаадаас импортоор адуу оруулж ирэхийг хориглох, монгол адууны сэлдийг тайрч буй асуудлыг анхааралдаа авах цаг болсон. Ерөнхий сайд аа, Х.Нямбаатар сайдын өргөн барьж буй хуулийг эргэж нэг хараач ээ гэж хүсье.

Х.Нямбаатар
ХЗДХ-ийн сайд

-Хэдүүлээ хэрүүлгүй наадам хийе. Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Үндэсний баяр наадмыг зохицуулах хороо монгол морины өндрөөр нь Улсын их баяр наадамд уралдуулъя гэсэн стандарт тогтоосон. Уг стандартад даагыг 127 см-ээс илүүгүй, их морь, соёолонг 141 см-ээс илүүгүй байхаар тогтоосон.

Цусны геномын дарааллыг тогтоосон стандарт байхгүй. Энэ хуулиар цаашид Засгийн газар Монгол морины геномын дарааллын тогтоох замаар Монгол морины геномын дарааллыг тогтооно гэж үүрэгжүүлж байна. Энэ бүхэнд хугацаа шаардана. Бүх газар, орон нутгаас Монгол морины цусны дээжийг авч Монгол морины генийн дарааллыг тогтоож, генийн дарааллыг тогтоосны дараа шинжилдэг итгэмжлэгдсэн лаборатори бий болсны дараа хийх боломжтой. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж