Эрүүл мэндийн салбар цахимжаагүйгээс иргэдэд чирэгдэл учруулсаар

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбар цахимжаагүйгээс иргэдэд чирэгдэл учруулсаар

Эрүүл мэндийн салбар цахимжаагүйгээс иргэдэд чирэгдэл учруулсаар

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулаагүйгээс иргэд зузаан дэвтрээ тэвэрч, дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ дахин, дахин шинжилгээ өгөх нь Монголын эрүүл мэндийн салбарт хэвийн үзэгдэл болсон. Үүнийг халж, эмнэлгийн салбарыг цахимд шилжүүлнэ гэж ярьдаг ч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгааг иргэд хэлж байна. Харин бодлогын түвшинд Монгол Улс цахим шилжилтийг салбар бүрт хийж буй. Тиймээс энэ ажлын үр дүн эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэгжиж буйг энэ удаа сурвалжиллаа.

Иргэд дүүргийн эмнэлэгт цаасан карт дээр өвчний түүхээ бичүүлж дараагийн шатлалын тусламж авахдаа дахин цахим карт нээлгэдэг. Тэрхүү нээлгэсэн цахим мэдээллийн сан бүхий өвчний түүх нь өөр эмнэлэгт регистрийн дугаар эсвэл хурууны хээгээр гарч ирэх ямар ч боломжгүй.

Өөрөөр хэлбэл, эмнэлэг хоорондын уялдаа холбоо дутагдалтай байгаагаас цахим шилжилтийг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага бий болсныг иргэд хэлж байна.

ИРГЭД ЭМНЭЛЭГ БҮРТ ГЭРИЙН ХАЯГ, ӨВЧНИЙ ТҮҮХЭЭ БИЧҮҮЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

16:10 цаг. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр хүлээж буй 10 орчим хүн байв. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхдээ биеийн одоогийн зовуурь, шинж тэмдгээс гадна өмнө нь өвдөж байсан эсэхийг тодруулж цахим картыг нээж байлаа. Харин иргэдийг эмчид үзүүлэхээр явахад цахим бүртгэлээс гадна цаасан маягт бүхий өвчтөний түүхийг давхар өгч байсан юм. Асуумжаар карт нээхэд ойролцоогоор 10-15 минут. Өвдөж, шаналж яаралтай тусламж авахаар ирсэн иргэдэд энэ бол урт хугацаа. Угтаа бол цахим шилжилтийг бүрэн хийвэл улс дотор буюу орон нутгаас Улаанбаатарт ирж буй хүний өвчний оношийг ч зөвхөн регистр, хувийн мэдээллээр нь шүүн харах боломжтой. Гэтэл иргэд шатлалын эмнэлгүүдэд гэрийн хаяг, өвчний түүхээ бичүүлж байгаа нь хөгжил аль шатанд байгааг илтгэж байна

Тус эмнэлэгт үзүүлэхээр дугаарлах иргэн Н.Эрдэнэбат эрүүл мэндийн салбар хангалттай хэмжээнд цахимжаагүйгээс ээжийгээ үзүүлэхэд долоо хоног алдсан тухайгаа хэллээ.

Тэрбээр "Хөдөөнөөс ирсэн ээжийгээ үзүүлэхээр улсын I, II, III эмнэлэг дээр цаг авах гэсэн боловч цахим дугаар давхцаж, мэдээллийн бүртгэлээ алдаатай дутуу бөглөж дугаар нь цуцлагдсан" талаар ярив.

Хэрэв цахимд шилжсэн бол өвчний онош нь орон нутгийн эмнэлгээс шууд харж болно. Гэтэл цаг тулчихсан, өөрөө мэдээллээ хангалттай өгч чадах хэмжээнд биш байгаа хүнээс заавал асуумж авч карт нээнэ. Өвчний түүхээ заримыг нь мартаж, санаад л хүмүүс эмнэлгийн тусламж бүрэн авахад хүндрэл үүсч байна. Ядаж улсын том эмнэлгүүд энэ шилжилтийг хийж байгаа гэж мэдээлэл өгөөд байдаг хэрнээ бодит байдал дээр хангалтгүй дүнтэй. Үүнд салбар яам нь анхаарч иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахаа болих нь зөв. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэд эмнэлгийн тусламж авахдаа чирэгдэлгүй авахыг л хүсч байна" гэсэн юм.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЕРВЕРЭЭС ШАЛТГААЛЖ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖИХ БОЛОМЖГҮЙ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эмнэл зүйн албаны дарга Ш.Мягмарсүрэн:

-Мэдээж цахим мэдээллийн сан дэлхий нийтэд жил ирэх бүрд хөгжин сайжирч байна. Харин Монголын тухайд тэр дундаа эрүүл мэндийн салбарт энэ төрлийн шинэчлэлтийг хийгээд явж буй. Аливаа зүйлийг нэвтрүүлж, хөгжүүлж, таниулна гэдэг цаг хугацаа шаардсан ажил. Тухайлбал, өвчтөний түүхийг цахимд шилжүүлснээр уламжлалт буюу цаасны хэрэглээг бүрэн хасах боломжгүй. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд шүү дээ.

Иргэн дүүргийн рентгенд харуулж, зүрхний тасагт цахилгаан бичлэг хийлгэсэн байлаа гэж бодъё. Тухайн хүний мэдээллийг дараагийн шатлалын I эмнэлэгт үзүүлэхэд нь ухаалгаар дамжуулах систем байхгүй.

Өвчний түүх, онош зэрэг бичгэн мэдээлэл дундын серверт хадгалах боломжтой ч одоогоор технологи, тоног төхөөрөмж дутагдалтай. Сүүлийн 20 жилд эрүүл мэндийн салбарт тодорхой шинэчлэлийг хийж байгаа. Цахим дугаар олголт, бүртгэл мэдээлэл зэрэг. Харин дүрст оношилгоо зэрэг үзлэгийн мэдээллийг серверт байршуулах боломж одоогоор бий болоогүй. Улсын томоохон эмнэлгүүдэд сервер бий болсон ч орон нутгийн эмнэлгүүдэд өвчтөн буцаж очоод үзүүлэхэд тэр цахим мэдээллийг татаж харахад хэцүү. Учир нь сумын төвд тоног төхөөрөмж хангалттай биш. Тэгэхлээр цаасны хэрэглээ бол ойрын жилүүдэд байсаар байна гэсэн үг. Хэрэглэгч буюу үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн хувьд ч энэ хэлбэрт шилжихэд хангалттай мэдээлэл шаардлагатай зэрэг асуудал бий.

ЭМИЙН НЭРШИЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАЖ ДАТА САНГ ҮҮСГЭНЭ

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрүүл мэндийн яамны төслийн зохицуулагч Б.Амарсанаа:

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цахимжих шаардлага зайлшгүй хэрэгцээтэй тулгамдсан асуудал мөнөөс мөн. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг. Түүнийхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авах хэрэгтэй.

Цааснаас цахим руу шилжсэнээр заавал дэвтэр дүүрэн оношоо хадгалах шаардлагагүй. Зарим хүн цахимд шилжих нь өртөг зардал өндөр гэж ойлгодог. Гэхдээ төсвийн хувьд цахим илүү ашигтай төдийгүй зардал хэмнэнэ. Цаас ашигласнаас төлбөр тооцоог хөнгөлнө.

Яаж ч бодсон зузаан цаас ашигласнаас цахим үнэмлэх, хурууны хээ ашиглаж өөрийн өвчний түүхийг цахимжуулах нь ашигтай. Иргэдэд ч эмнэлгийн салбарынханд ч зайлшгүй хэрэгцээтэй ажил. Дэлхийн банкны салбарын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 онд нээлтээ хийж 2016-2021 оны хооронд төслийн хэрэгжилт явагдсан. Энэ төсөл ирэх намар буюу есдүгээр сарын 30-нд хаагдана. Монголын эрүүл мэндийн салбарыг цахимд шилжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал олон байна. Эхнийх нь олон улсын эмийн нэршил, стандарт. Үүний дараагаар тоног төхөөрөмжийн хоцрогдол. Тэгэхээр энэ бүгдийг сууриас нь өөрчлөх шаардлага үүссэн.

Өрхийн эмнэлгээс хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд дата мэдээллийн сан байхгүйгээс өвчтөний түүхийг дахин нэгэн системд үүсгэдэг. Энэ бүхнээс үүдэж “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд өвчтөний мэдээлэл солилцооны платформыг хийх нь хамгийн чухал гэж үзсэн.

Шинэчлэлийг хийхэд тулгамдаж байгаа асуудал их. Мэдээллийн асар том дата санг үүсгэхэд хадгалах серверээс эхлээд дутагдана. Хоёрдугаарт, дата санг бүрдүүлэгч эмч нарын тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, шат шатны эмнэлэгт нэвтрүүлсэн системийн компаниуд мэдээллээ солилцоход өрсөлдөөнөөс шалтгаалаад хугацаа алдаж, хойш суудаг. Тиймээс суурь дата сангаас эхэлж өөрчлөх нь зөв. Энэ ажлыг хийхэд салбар яамнаас бодлогын хувьд дэмжих шаардлага их үүсч байгаа.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4 дүгээр журамд тусгасан цахим мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах журмыг Засгийн газар батлуулахаар ажиллаж байгаа. Энэ журмыг яаралтай батласнаар ямар систем ашиглах, олон улсын стандартыг барих нь тодорхой болно гэсэн үг юм.

Мөн ЭМЯ-ны дэргэд цахим шилжилтийг хамтатгах нь зүйтэй. Тэгэхгүй бол Цахим хөгжлийн яамны харьяа болоод ирэхээр эрүүл мэндийн салбар гэж тусгайлан заасан нэршил биелэлээ олохгүй. Тэгэхлээр цахим шилжилтийг хийхэд хугацаа их шаардаж байгаа юм. Хэрэв Истоний жишгээр монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж чадвал аймаг, сумдаас эхлээд алслагдсан дүүрэг, улсын томоохон эмнэлгүүд дэлхийн стандартын дагуу тоног төхөөрөмжтэй болж өвчтөнүүд ч цаас ашиглах шаардлагагүй болно. Гагцхүү бодлого, хэрэгжилтийн хувьд бүхий л талаас энэ шинэчлэлт, хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгаа юм.

НОМ ШИГ ЗУЗААН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХИЙН ДЭВТРИЙГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСНА

Эрүүл мэндийн салбарт дутагдалтай олон зүйл бий ч жишиг болох тогтолцоог нэвтрүүлж, туршиж эхэлж байгааг иргэд сайшааж байв. Хавдар судлалын үндэсний төв, улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж буй хүмүүс цахим дугаар олголт болоод өвчтөний түүхийн дэвтрийг цаасан бус болгож байгааг дэмжиж байлаа. Гол нь хэрэглэгчдэд төвөг удахгүй, бүх шатны эмнэлэгт ашиглаж болох давуу талыг бий болгох нь чухал.

Хувь хүний өвчний түүх хаалттай өгөгдөл буюу эмзэг мэдээлэлд хамаардаг. Тэгэхээр Мэдээлэл хамгаалах тухай болон Нууцын тухай хуулиар зайлшгүй хамгаалах шаардлага үүснэ.

Үүнийг бодлогын хувьд дэмжиж чадвал цахимжих их ажлын хүрээнд орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж сайжирч өвчтөнийг тээвэрлэж авчрах шаардлагагүйгээр алсын зайн оношилгоо хийж, түүхд суурилж, зөвлөмж мэдээллийг дараагийн шатлалын эмнэлгээс өгөх боломж бүрдэнэ. Энэ мэт дурдаад байвал цахимжих хэрэгцээ шаардлага эрүүл мэндийн салбарын тулгамдсан гол асуудал. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ном шиг зузаан эрүүл мэндийн түүхийн дэвтрийг ойрын жилүүдэд хална гэдгийг онцолсон юм. Хэрэв энэ ажил амжилттай хэрэгжиж чадвал бид жинхэнэ утгаараа цахим үндэстэн болоход дөхнө гэсэн үг бизээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж