Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт өчигдөр /2022.06.07/ болов.
"Тамгагүй төр" тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдсан.
"Тамгагүй төр" жүжиг түр завсарлаж байгаад долдугаар сараас дахин тайзнаа тоглох гэнэ.
"ТАМГАГҮЙ ТӨР"-ИЙГ АНГЛИ, ХЯТАД ХЭЛ ГЭЖ ХЯЗГААРЛАХГҮЙГЭЭР ОРОС, ЯПОН, СОЛОНГОС ХЭЛНЭЭ ОРЧУУЛАХ ХЭРЭГТЭЙ"
Ингээд уг жүжгийг хятад хэлнээ орчуулах болсон талаар Хятад судлаач, Хэл шинжлэлийн ухааны доктор, орчуулагч Д.Болдбаатараас тодрууллаа.
-Миний бие Б.Баатар найруулагчтай уулзаж, энэ сайхан жүжгийг хятад хэл рүү орчуулахаар зарчмын тохиролцоонд хүрлээ. Орчуулагч хүн олон төрөл салбарт хүчээ сорьж байхад гэмгүй. Би уран зохиолын орчуулгад илүү элэгтэй дуртай гэдгийг уншигчид мэдэх байх. Өмнө нь энэ жүжгийг орчуулагч Э.Содонтогосыг англи хэл рүү орчуулсан гэдгийг дуулж байсан. Энэ том уран бүтээлийн орчуулгад өөрийгөө сориод үзчих юмсан гэдэг битүүхэн бодлыг өрц цээжиндээ тээж явсныг нуух юун.
-Энэ жүжгийг орчуулагч Э.Содонтогос англи хэлнээ орчуулж, гадаадын үзэгчдэд сонирхуулсан. Энэ удаа хятад хэлнээ орчуулахад англи хэлнээс ямар ялгаатай тал болон онцлог байж болох талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу. Ном болж хэвлэгдэх үү?
-Монгол Хятад хоёр орон хөрш зэргэлдээ Азийн улсууд болохоор уламжлал, соёл, сэтгэлгээний тал дээр ойр дөт зүйлс цөөнгүй байж таарна. Тэр утгаар авч үзвэл орчуулгын явцад илүү хялбар дөхөм байж болох талтай. Гэхдээ л уран сайхны орчуулга нь нэг соёлыг нөгөө соёлын хөрсөнд буулгах бүтээлч үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, уран зохиолын орчуулга бол зохиолчийн бүтээлийг дахин боловсруулах оюун санааны нарийн төвөгтэй үйл явц мөн гэх зэрэг орчуулгын онолд нэгэнт тов тодорхой өгүүлсэн байдаг болохоор амаргүй үүрэг хариуцлагатай тулгарснаа сайтар ухамсарлаж байна.
Тэр хэрээр өөрийн хамаг сурсан мэдсэн бүхнийг дайчлан ажиллах болно. Ер нь Монголын урлагийг дэлхий дахинаа тахлах энэ сонгодог бүтээлийг зөвхөн англи, хятад хэл гэж хязгаарлахгүй цаашид орос, япон, солонгос зэрэг бусад том хэл рүү орчуулж ном товхимол болгон гаргавал манай соёлыг гадаад ертөнцөд сурталчлах чухал арга хэрэгсэл төдийгүй гадаад хэл сонирхон судлагч хүмүүсийн хувьд ч нэн хэрэгцээтэй гарын авлага болж мэдэх юм шүү.
-Салбарын сайд энэ жүжгийг олон улсад гаргахаар судална гэж хэлсэн. Энэ хүрээнд орчуулагчидтай хамтран ажиллаж байна уу. Таны бодлоор олон улсад гаргах эхний алхам нь юу вэ?
-Та ер нь миний хариулах сэдвийг асуултаараа чиглүүлээд өгчихөв бололтой. Би өнөөдөр “Тамгагүй төр” жүжгийн хаалтын тоглолтыг үзэв. Нийт 70 гаруй удаа тоглогдоход үзэгчид дүүрэн байсан гэдгийг сонсоод гайхаж бахархах сэтгэл зэрэгцэв. Гайхдагийн учир гэвэл хөгжингүй улс орнуудад театр жүжгийн зах зээл хумигдаж, үзэгчдийн тоо эрс цөөрч байгаа нь нууц биш.
Гэтэл манай улсад хүн амын тоотой харьцуулахад эсрэг дүр зураг харагдаж байгаа нь манай үзэгчдийн сонгодог урлагийн боловсрол маш сайн болохыг харуулж байгаа хэрэг. Дотооддоо ийм сайн байгаа нь гадаад ертөнцөд гарах өргөн боломж байгааг илтгэн харуулж байна. Монголын хувьд илүү өвөрмөц давуу тал байдаг нь Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тува зэрэг үндэс язгуур, соёл уламжлал нэгтэй хөрш бүс нутгийн үзэгчдэд “Тамгагүй төр” мэт соёлын үйлдвэрлэлийн сайн бүтээгдэхүүнүүдийг толилуулах бүрэн боломжтой. Энэ гадаад ертөнцөд хөл тавих анхны алхам байх нь маргаангүй юм.
Холбоотой мэдээ