Орос улс Украин руу довтолсонтой холбоотойгоор Япон хатуу хориг арга хэмжээ авсан. Тодруулбал, ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газар урьд өмнө байгаагүй хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Хоригийн тухайд "Их-7"-ийн түншүүдтэй бүрэн санал нэгдсэн. Энэ хүрээнд Оросын Төв банкны хөрөнгийг битүүмжилж, Владимир Путин болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн авч байсан хариу арга хэмжээнээс энэ удаагийнх эрс ялгаатай байв.
Жишээлбэл, Киевийн захад орших Буча хотод Оросын цэргүүд украин иргэдийг олноор хоморголон хөнөөсөн. Токио энэ аймшигтай аллагын хариу болгож 2022 оны дөрөвдүгээр сард Оросын есөн дипломатчийг эх орноосоо хөөжээ.
ХАМГИЙН СҮҮЛИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ
Япон улс өнгөрсөн сарын эхээр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан. Энэ хүрээнд олон хүний өмч хөрөнгийг царцааж, Оросын шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад орчин үеийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Хориг арга хэмжээнд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин болон Украины зүүн нутгийн Донецк, Луганск муж дахь Оросыг дэмжигч бүлэглэлтэй холбоотой 141 хүний хөрөнгийг битүүмжлэх зэрэг багтаж байна.
Түүнчлэн, Оросын усан онгоцны үйлдвэрлэл, судалгааны байгууламж зэрэг цэргийн холбоотой 71 аж ахуйн нэгжид бараа экспортлохыг хориглосон. Үүнд, квант компьютер, 3D принтер болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүн багтжээ.
Кишидагийн засгийн газрын энэ мэт хэд хэдэн хатуу арга хэмжээ нь япончууд битгий хэл Америк, европчуудыг ч гайхшруулжээ. Орос ч үүнийг урьдчилан тооцоолоогүй бололтой.
Кишида ийн хүчтэй хариу үйлдэл үзүүлж буй дөрвөн үндсэн шалтгаан бий.
ОРОСТ ХАТУУРХАХ БОЛСОН ШАЛТГААНУУД
Нэгдүгээрт, Оросын үйл ажиллагааны асар том цар хүрээг нэрлэж байна. Украины хотууд сүйрч, үй олон энгийн иргэн амь үрэгдэж, улс даяар дайны гэмт хэргийн нотлох баримтууд нэмэгдсээр байна. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэсэн эхний хүчин зүйл юм. Оросын түрэмгийллийн тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр мэдээлж буй. Кишида ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын түрэмгийллийг "олон улсын дэг журмын үндэс суурийг эвдэж байна" гэж удаа дараа шүүмжилсэн. Тэгэхээр энэ удаад Москвагийн байгаа байдлыг зөвтгөх орон зай эгэл жирийн Оросыг дэмжигчдэд хүртэл олдсонгүй. Оросын арми Украинд юу хийж байгааг хараад энх тайван сэтгэлгээтэй, эгэл жирийн япончууд тун их цочирдсон аж.
Хоёрдугаарт, Европ болон Зүүн Азийн орнуудын хоорондын уялдаа холбоо Японы бодлого боловсруулагчдын анхаарлын төвд байна. Тиймээс өөрсдийнхөө тухай таагүй бөгөөд буруу мессежийг олон улсын хамтын нийгэмлэгт хүргэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж Кишида үзжээ. Кишида тавдугаар сард Лондон хотноо болсон "Guildhall" арга хэмжээнд үг хэлэхдээ энэ талаар дурдсан.
"Оросын түрэмгийлэл нь Европоор хязгаарлагдахгүй сорилт бөгөөд дэлхий дахинд, тэр дундаа Азид ч хамаатай асуудал юм. Япон улс бусад орнуудтай хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгт буруу ойлголт өгөхгүйн тулд тууштай шийдвэр гаргах болно. Ингэж чадвал аливаа улсын статусыг өөрчлөхийн тулд хүч хэрэглэх явдал дахин хэзээ ч давтагдахгүй" гэж тэр хэлжээ.
Энэ үеэрээ тэр Хятадыг нэр цохон дурдаагүй ч Бээжин болон Тайванийн болзошгүй нөхцөл байдлыг бодож байсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Орос, Украины дайн нь Хятад улсад Тайванийг хүчээр булаан авах оролдлого хийхэд нь түлхэц болно гэж Японд сүүлийн үед яригдах болсон нь нууц биш юм. Хятадууд үүнээс ч илүү төвөгтэй тооцоолол гаргах нь ойлгомжтой гэж үзэж байна.
Ши Жиньпин энэ жил засгийн газрын бүрэн эрхээ хадгалж үлдэхийн тулд маш болгоомжтой ажиллах шаардлагатай болоод буй. Хэрвээ энэ жил бүрэн эрхээ хадгалж чадвал засаглалын гурав дахь эриндээ орох юм. Украин дахь Оросын цэргийн түрэмгийлэл нь ийм томоохон ажиллагаа амаргүй гэдгийг Хятадад харууллаа. Түүнчлэн юу юунаас илүү Европ, АНУ, Япон улсууд эв санаа нэгтэйгээр хариу арга хэмжээ авч буй нь Бээжингийн санааг зовоож байгаа нь дамжиггүй.
Япон барууныхантай нэгдэж, Оросын эсрэг хатуурхах болсон шалтгаан нь тодорхой гэж "The diplomat" хуудас онцлов. Учир нь ирээдүйд Зүүн Азид ямар нэгэн мөргөлдөөн гарсан тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Европ, АНУ өөрсөдтэй нь хамт гэж Япон найдаж байгаа гэлээ. Тиймдээ ч Япончууд Оросын эсрэг дахин олон улсыг эгнээндээ нэгтгэхийн тулд Азийн бусад орнуудтай холбоо барьсаар байна.
Гуравдугаарт, Кишидагийн хариу үйлдэл нь Абэгийн Оростой эвлэрсэн арга барилын эсрэг үйлдэл гэж үзэж болно. Абэ 2014, 2015 онд Оросын түрэмгийллийн хариуд хатуу арга хэмжээ авахаас хэд хэдэн удаа зайлсхийсэн. Тухайн үед Орос улс Крымийг өөртөө нэгтгэсэн, Новичок хэмээх зэвсгийн зориулалттай мэдрэлд нөлөөлөх бодисыг Их Британид байсан тагнуулчийг хөнөөхөд ашигласан зэрэг асуудлуудтай байв. Хатуу арга хэмжээний оронд Абэ ОХУ-ын ерөнхийлөгчтэй харилцах харилцаагаа тууштай чухалчилсаар ирсэн. Тиймээс Япон улс Орост Крымийг өөртөө нэгтгэснийх нь төлөө нэрийн төдий л хориг арга хэмжээ авчээ. Новичокийг ашигласных нь төлөө бол бүр ямар ч арга хэмжээ аваагүй аж. Энгийнээр хэлэхэд, Абэ Путины дэлхийн бусад орнуудад хийж буй үйлдлээс болж Оростой эвдрэлцэхийг хүсээгүй.
Абэ одоо ч Японы улс төрд идэвхтэй хэвээр байна. Тиймээс Абэ болон түүний ойрын холбоотнууд эрх баригч Либерал ардчилсан нам доторх Кишидагийн эрх мэдэлд сорилт болж буй нь гарцаагүй.
Дөрөвдүгээрт, олон нийтийн дэмжлэг нь Кишидад хатуу байр суурьтай байх боломжийг олгодог. Киодо агентлагаас дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар япончуудын 73.7 хувь нь Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг дэмжсэн. Энэ нь Японд эдийн засгийн хохирол учруулах эрсдэлтэй ч олон нийт ингэж шийджээ. Түүнчлэн өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Японы засгийн газрын нийт үнэлгээ ч өссөн байна.
КИШИДАГИЙН СОРИЛТ
Цаашид Кишидагийн засгийн газар хатуу байр сууриа хадгалахад хүндрэл учруулж болзошгүй хоёр сорилт бий. Нэгдүгээрт, цаг хугацааны явцад Украины дайныг олон нийт сонирхох нь буурч магадгүй юм. Үнэхээр ч олон нийтийн анхаарал буурах шинж тэмдэг аль хэдийнэ илрээд эхэлжээ. Хоёрдугаарт, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний эдийн засгийн хохирол ирэх саруудад олон нийтэд улам бүр мэдрэгдэх болно. Тэр дундаа зуны халуун улиралд эрчим хүчний үнэ нэмэгдэж, хангамжийн талаарх түгшүүр улам нэмэгдэнэ. Олон нийтийн санаа бодол гэдэг яаж ч өөрчлөгдөж болно.
Тиймээс олны байр суурийг тогтвортой байлгахын тулд Кишида ойрын саруудад хатуу хориг арга хэмжээ нь Украины ард түмний төлөө бус, Японы өөрийн ашиг сонирхолд нийцэж буйг тайлбарлах учиртай болох нь.
Эх сурвалж: THE DIPLOMAT, NHK
Холбоотой мэдээ