Үндсэн хуулийг өөрчлөх нь МАН-ын хүсэл үү, нийгмийн захиалга уу!

Хуучирсан мэдээ: 2022.06.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөх нь МАН-ын хүсэл үү, нийгмийн захиалга уу!

Үндсэн хуулийг өөрчлөх нь МАН-ын хүсэл үү, нийгмийн захиалга уу!

Хэрэвзээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог хуульчилж, улс төрийн тоглоомын дүрмээ тодорхой болгож чадна гэвэл нийгмийн захиалга мөн. Харин зөвхөн давхар дээлтэй сайдын тоог нэмнэ гэвэл энэ нь зөвхөн МАН-ын хүсэл болно. Яаж өөрчлөх нь  МАН-аас, бүдүүн бүлгээс хамаарна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энд тэнд болж буй улс төрийн намуудын уулзалт, хэлэлцүүлгээс харвал Ардчилсан нам болон ХҮН-д сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар хуульчлах, гишүүдийн тоог нэмэх асар их сонирхол байна. Аргагүй ч байх л даа, өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН нийт сонгогчдын ердөө 42 хувиар 62 суудал авсан байдаг. Тиймээс мажоритори хувилбараас болж дунд нь гээгдсэн сонгогчдын саналыг тоолохын тулд сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах, үүнийг хуульчилж өгөхийг сөрөг хүчнүүд шаардах нь зөв ч байх. Авчиг Ардын намынхан наанаа сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар явуулах хүсэл байна уу гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг.

Учир нь, жижиг мажоритори тогтолцооны хүчинд МАН парламентын дараалсан хоёр сонгуульд МАН ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон. Үүнээс өмнө, 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны хүчинд АН засгийн эрх барих эрхтэй болж байв.

Даанч, фортуна Н.Батбаяр, З.Энхболд нараас болоод ухралт хийчихсэн болохоос. Тухайн үед Х.Тэмүүжингээс эхлээд пропорциональ тогтолцоог жижиг мажоритори хувилбараар солих нь буруу болохыг анхааруулж байсан ч “гөлөөг” гэж тоогоогүй, үүнийхээ гайгаар АН гудамжинд чулуу өшиглөөд зогсохгүй, өнөөдөр орох орон, оочих аягагүй дээрээ тулсан.  Нөгөөтэйгүүр хоёр сонгуульд үнэмлэхүй эрх мэдэл авахад нь нөлөөлсөн жижиг мажоритори хувилбараас татгалзах эрх зориг МАН-д бий болов уу.

МАН

Үндсэн хуулийг өөрчлөх тухай хэлэлцүүлэг явуулахаас өөрөөр ингэж өөрчилнө гэсэн төслөө МАН одоогоор өргөн бариагүй байгаа. Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үгнээс нь харвал сонгуулийн пропорциналь тогтолцоог Үндсэн хуульд оруулж өгөхийг дэмжих ч юм шиг үгүй ч юм шиг. Өөрийнх нь үг болох “МАН удаа дараагийн сонгуульд ялаад, эрх бариад байж болно. Гэтэл үүний цаана улс оронд маань хөгжил дэвшил, ард иргэдэд маань боломж бололцоо нь ирэх юмуу, үгүй юмуу гэдгийг бид нухацтай ярих ёстой. Аливаа өөрчлөлт, шинэчлэлийг улс төрийн намуудын хамтаар, ард иргэд нь дэмжье гэж үзэж байвал УИХ дээр бодлого гаргаад явахад МАН бэлэн байна” л гэснийг нь сонсохоор дэмжих ч юм шиг. Гэсэн мөртлөө энэ асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирвэл бүдүүн бүлэг дэмжих эсэхийг би мэдэхгүй гэхийг сонсвол бүдүүн бүлэг нь дэмжихгүй ч юм шиг.

 Үнэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс МАН-ын хүсч, хүлээж байгаа ганц  зүйл нь давхар дээл болчхоод байгаа. Үүний төлөө л өнөөдрийг хүртэл шинэ сайд нараа томилж чадахгүйд хүрсэн шүү дээ.

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлт ахиад МАН-ын үүрэх ачаа болж байна.

Өнгөрсөн 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа чөлөөлөх, огцруулах эрх мэдлийг нь олгож, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн ч тогтолцооны гажуудал нь хэвээрээ. УИХ-ынхаа барьцаанаас Засгийн газар нь гарч чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд дахин гарч дүрж байгаа бол МАН ядаж л өмнөх өөрчлөлтөөр хийж чадаагүй үлдээсэн бүхнээ гүйцээх нь зөв юм. Үгүй бол байсхийгээд л Үндсэн хуульдаа гар дүрдэг байж болохгүй. Тэгвэл жинхнээсээ Үндсэн хуулийн хямрал руу улсаа аваачина гэсэн үг.

Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаа бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг суулгаж өгөх хэрэгтэй. Үгүй бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зодоон үргэлжилсэн хэвээр, гол нь институци хоорондын зөрчлийг арилгахын тулд л Үндсэн хуулийг өөрчилж байгаа биш үү.

АН

Ардчилсан намынхны зүгээс сонгуулийн тогтолцоог холимог болгохын зуун хувь дэмжиж байгаа.  2016 оны сонгуулийг жижиг мажоритори биш холимог тогтолцоогоор явуулсан бол засгийн эрх авч чадахгүй гэхнээ хүчтэй цөөнх болж чадах байсан. Даанч, өөдөө шидсэн чулуу өөрсдийнх нь толгой дээр уначихсан болохоос. Сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар Үндсэн хуульд суулгаж өгөх нь АН-д ашигтай нүүдэл. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АН-ын байр суурийг төлөөлж “Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой.

Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай.

Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн бай. Парламентад 11 суудалтай АН сонгуулийн тогтолцооноос гадна Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахыг саналтай байгаа билээ.  Түүнчлэн гишүүдийг тоог нэмэх ёстой гэх байр суурийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр илэрхийлэх болсон билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал яригдаж байгаа. С.Одонтуяа гишүүний үгийг сонсвол АН эсрэг байр суурьтай байгаа аж. Гэхдээ Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог хэвээр байх юм бол Үндсэн хуулийн гажуудал хэвээрээ, тогтолцооны хямрал ч байсаар байна. Одоогоор У.Хүрэлсүх засгийн эрх мэдлийг Л.Оюун-Эрдэнэтэй булаацалдахгүй байгаа боловч, цаашдаа юу болохыг таашгүй.

ХҮН

УИХ-ын гишүүн, тус намын дарга Т.Доржханд сонгуулийн тогтолцоог холимог болгохоос гадна гишүүдийг тоог нэмэхийг дэмжиж байгаа. Тэрбээр “Бүх улс төрийн нам сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна” хэмээн эрх баригчдыг Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулахыг шавдуулах болсон.

Тус намынхны хувьд Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ ХҮН болгож өөрчилсөн нь улс төрийн нэг тактик нь байлаа. Өөрөөр хэлбэл, сонгогчдод илүү танигдсан нэр нь ХҮН болохоос Хөдөлмөрийн үндэсний нам биш.

Хэрэвзээ сонгуулийг холимог хувилбараар явуулбал иргэдийн толгойг эргүүлэхгүйн тулд намынхаа нэрийг солих шаардлага гарсан байх. Гэхдээ Улсын дээд шүүхийн жагсаалтад одоогоор Хөдөлмөрийн үндэсний нам нэрээрээ бүртгэгдсэн байгаа.

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойроод намуудын улс төрийн идэвх эрчимжиж байна. Гол  нь аливаа бүхний өөрчлөлт ард түмний л төлөө байгаасай билээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж