Япон улс Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ-ын хоёр банк, Беларусийн нэг банкинд хориг тавьж, ОХУ-ын бараа, бүтээгдэхүүний экспортын хоригийг өргөтгөхөөр болжээ. Энэ талаар Мягмар гаригт Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Шинэ хоригийн хүрээнд ОХУ-ын Россельхозбанк, Москвагийн Кредит банк болон Беларусийн Сэргээн босголт, хөгжлийн банкны активыг царцаасан байна. Зөвхөн Японы эрх баригчдаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр эдгээр байгууллагуудтай төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой аж. Уг арга хэмжээ долдугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх юм байна. "Үйлдвэрлэлийн дэд бүтцийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах" бараа, бүтээгдэхүүнийг экспортыг хориглох мэдээлэл бий ч яг ямар бараа, бүтээгдэхүүн орох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс өмнө нь ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц арга хэмжээ авсан. Хоригийн жагсаалтад ОХУ, Беларусь, Луганск, Донецкийн 700 гаруй иргэн, мөн ОХУ-ын 200 гаруй компани болон байгууллага багтсан байна. Түүнээс гадна Япон улс ОХУ-ын "Открытие", Новикомбанк, Совкомбанк, ВТБ, "Россия" банк, Промсвязьбанк, ВЭБ, Сбербанк болон Альфа банкуудын активыг царцаажээ.
Экспортлохыг хориглосон бараа, технологийн жагсаалтад хагас дамжуулагч, далайн болон нисэхийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл, холбооны хэрэгсэл, цэргийн бүтээгдэхүүн, түүний дотор зэвсэг, программ хангамж, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж зэрэг 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн багтсан байна. Үүнээс гадна ОХУ-д тансаг хэрэглээний бараа, тэр дундаа 6 сая иен (49 мянга орчим ам.доллар)-ээс дээш үнэтэй автомашин нийлүүлэхийг хоригложээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ