Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг шүүхийн Сахилгын хорооны хурлаар энэ сарын 08-ны өдрийн лхагва гаригт авч хэлэлцэхээр болжээ. Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нь шүүхийн маргаантай яваа нэгэн компанийн гаргасан хүсэлтэд хариу өгөхдөө илэрхий хууль зөрчсөн байдлаар нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж хардагдахаар хууль бус шийдвэр гаргасан үндэслэлээр шалгагдаж эхэллээ.
Анх “БЦ” ХХК /компанийн нэрний товчлол/ нь “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хууль тайлбарлахгүй” гэдэг саналыг танхимын шүүгчид дэмжсэн байна. Тэгтэл шүүгч П.Соёл-Эрдэнэ нь танхимын нийт шүүгчдийн гаргасан санал дээр дур мэдэн агуулга нэмж оруулсан байж болзошгүй байна.
Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нь 2021.01.07-ны өдрийн 4/83 тоот албан бичгийг “БЦ” ХХК-д гарган өгөхдөө “… Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол”-ыг адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэсэн утга бүхий хариу өгчээ. Энэ нь өмнө нь шийдэгдсэн өөр компанийн шийдвэрийг одоогийн компанийн асуудалд адилтган үзэж хэрэглэж болно гэсэн утга агуулчихаж байна. Монгол Улс нь эрх зүйн тогтолцооны хувьд эх газрын буюу Ром-Германы эрх зүйн бүлд хамаарах бөгөөд Англи-саксоны эрх зүйн бүлд хамаардаггүй. Гэтэл Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоог үгүйсгэж, өөр төрлийн шийдэгдсэн өмнөх хэргийн шийдвэрийг дараагийн хэрэг дээр адилтган хэрэглэх боломжтой гэж үзсэн нь өөрийн орны эрх зүйн тогтолцоог үгүйсгэсэн хэрэг юм.
Ийнхүү Монгол Улсын Дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага хэрнээ компанийн гаргасан хүсэлтэд хууль зөрчөөд ч хамаагүй нэг талд үйлчилсэн гэж хэлэгдэхээр хариу гаргасан нь эрх ашгийн ноцтой зөрчил байхыг үгүйсгэхгүй юм.
Учир нь шүүгч П.Соёл-Эрдэнийн гаргасан хуулийн олон зөрчилтэй хариу бичиг дээр үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байна гэж өнөөх бичгийг авч үзэж улмаар 2017 онд хэдийнэ шийдэгдсэн байсан захиргааны хэргийг 2021.10.22-ны өдрийн шийдвэрээр сэргээн шалгахаар болжээ. Энэ шийдвэрийг шүүхээс гаргахдаа тухайн шүүх хуралд холбогдогч бүх талуудыг оролцуулж байлцуулахгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн нь мөн л хууль зөрчсөн, нэг талд үйлчилсэн гэж үзэхээр байна.
Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэм гэх мэт олон хууль, дүрмийг ноцтойгоор зөрчсөн тухай гомдол гарсныг Сахилгын хорооноос шалгаж улмаар хариуцлага тооцох тухай яригдаж байна.
Холбоотой мэдээ