Оросын “дайны машин”-ы санхүүжилтийн эх үүсвэрийг таслах төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Оросын “дайны машин”-ы санхүүжилтийн эх үүсвэрийг таслах төлөвлөгөө

Оросын “дайны машин”-ы санхүүжилтийн эх үүсвэрийг таслах төлөвлөгөө

Украины дайн болон Европын Оросоос хараат байдлыг бууруулах хориг арга хэмжээний улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр, эрэлт нэмэгдсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хойш нэг торх газрын тосны үнэ 120 ам.доллар даваад буй юм.

Улс орнуудын инфляцийн түвшин өндөр байгаад газрын тосны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байна. Украины дайны хажуугаар долдугаар сараас эхлэн газрын тосны томоохон үйлдвэрлэгч болох Саудын Араб зарах үнээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараа Brent төрлийн газрын тосны үнэ өссөөр буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа газрын тосны зах зээлд өрнөж буй үйл явдлыг онцоллоо.


Brent төрлийн газрын тосны наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ өчигдөр (2022.06.06)-ийн байдлаар торх нь 0.61 хувиар өсч, 120.25 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ торх нь 0.67 хувиар нэмэгдэж, 119.31 ам.доллар болсныг “Oilprice”-т мэдээлэв.

Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид Оросын далайгаар тээвэрлэх газрын тосны экспортод хориг тавих тохиролцоонд хүрсэн. Европын холбоо зургаа дахь багц хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-аас авах газрын тосны импортын 75 хувьд нэн даруй хориг тавих, аажмаар оны эцэст уг үзүүлэлтийг 90 хувьд хүргэх шийдвэр гаргаад буй юм.

Европын холбооны энэ удаагийн хоригт хоолойгоор нийлүүлдэг газрын тосны экспорт ороогүй. Өөрөөр хэлбэл, Унгар, Чех, Словак зэрэг орны ОХУ-аас “Дружба” хоолойгоор дамжуулан авдаг газрын тосны худалдаа орохгүй, зөвхөн далайн тээврээр дамждаг газрын тосны импортыг хамруулах нөхцөл тусгагджээ.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн хэлснээр, энэхүү тохиролцоо нь ОХУ-аас импортлох газрын тосны гуравны хоёр хувь гаруйг хамрах тул “дайны машин”-ы санхүүжилтийн томоохон эх үүсвэрийг тасална гэж үзсэн байна.

Унгар улс Оросын газрын тосыг бүрэн хориглохыг эрс эсэргүүцсэн хэвээр байгаа бөгөөд “Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна” гэж мэдэгджээ. Унгар улс Оросын газрын тосыг хоолойгоор нийлүүлэн авдаг.  Словак улсын хувьд Оросын газрын тосноос хараат бус болоход хэдэн жилийн хугацаа шаардлагатайг мэдэгдэв.

Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Унгар улс өнгөрсөн онд хэрэглэсэн түүхий газрын тосны 96 хувийг ОХУ-аас импортолсон бол Словак улс 58 хувийг импортолжээ. Европын холбоо газрын тосны хэрэгцээнийхээ 26 хувийг, байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг ОХУ-аас импортолдог.

Европын холбооны шийдвэр газрын тосны ханш өсөх нөхцөлийг нэмэгдүүлэв. АНУ-ын газрын тосны агуулах дахь нөөц таамагласнаас илүү буурчээ. Хятадын цар тахлын хөл хорионы дараах сэргэлт зэрэг цаашид Брент төрлийн газрын тосны ханшийг нэмэгдүүлж болзошгүйг шинжээчид онцлов.

Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэл улсын хувьд ирэх сараас эхлэн Европын зах зээлд газрын тос нийлүүлэхээр болжээ. Тодруулбал, Италийн “Eni”, Испанийн “Repsol” компаниуд Венесуэлээс түүхий газрын тос импортолж эхлэхээр болсныг Европын албаны хэд хэдэн эх сурвалж "Reuters" агентлагт мэдээлсэн байна.

Тус улс АНУ-ын засаг захиргаанаас тавьсан эдийн засгийн хоригийн улмаас 2019 оноос хойш газрын тосоо Европын зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон билээ. Энэ удаа Венесуэлийн засгийн газрын өрийг газрын тосоор солилцох тохиролцоонд хүрсэн тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Европын орнууд Оросын газрын тосны импортыг өөр эх үүсвэрээр орлуулах боломжийг хайсаар байгаа юм. Тухайлбал, Францын Сангийн сайд Бруно Ле Майр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, тус улсын засгийн газар энэ асуудлаар Арабын Нэгдсэн Эмират улстай ярилцаж буй талаар ярьжээ.

Мөн АНУ-ын засаг захиргаа Иранаас газрын тос авах боломжийг судалж буй тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

ОПЕК: ДОЛДУГААР САРД ӨДӨРТ ОЛБОРЛОХ ГАЗРЫН ТОСНЫ ХЭМЖЭЭГЭЭ 648 МЯНГАН
ТОРХООР НЭМЭГДҮҮЛНЭ

“Их-7”-ийн Эрчим хүчний сайд нар өнгөрсөн сард олон улсын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариу арга хэмжээ авахыг газрын тос, байгалийн хий олборлогч орнуудад уриалаад, үүнд “ОПЕК” чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэсэн билээ.

Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнууд /ОПЕК+/-ын сайд нар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт цахимаар хуралдаж, долдугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ.

Энэ нь өдөрт олборлох газрын тосны хэмжээг өмнөх төлөвлөгөөнөөс ойролцоогоор 200 мянган торхоор нэмэгдүүлж буй дүн юм. Өмнөх хэлэлцээрийн хувьд сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь өдөрт 432 мянган торхоор илэрхийлэгдэж байв.

“ОПЕК+”-ийн мэдээлснээр, гишүүн орнууд шинэ зорилтод хүрэхийн тулд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлэх аж.

Шинжээчид, өдөрт олборлох газрын тосны хэмжээг нэмэгдүүлсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй. Учир нь ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ хоёрдугаар сараас хойш өдөрт нэг сая торхоор буурсан бөгөөд уг хэмжээг нөхөхийн тулд бусад орны олборлолт илүү их хэмжээгээр нэмэгдэх шаардлагатай. Улмаар тус байгууллагын гишүүн орнуудын олборлолт зорилтот хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай аж.

ОХУ-ын газрын тосны төрийн өмчийн “Роснефть” компани олборлолтоо энэ сараас эхлэн нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ компанийн түүхэн дэх хамгийн өндөрт тооцогдох ногдол ашиг хуваарилахаа зарласан. Хэдийгээр Европын холбооны орнууд ОХУ-аас авах газрын тосны импортоо бууруулж буй ч Энэтхэг, Хятадын худалдан авалт нэмэгдсээр байна.

Японы NHK телевизийн мэдээлснээр, Японы засгийн газар ОПЕК+-ийн долоо, наймдугаар сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрийг сайшаан хүлээн авчээ.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛОХ МАГАДЛАЛТАЙ 

Covid-19 цар тахлын улмаас хил хаагдсантай холбоотойгоор манай улсын газрын тосны экспорт 2021 оны арваннэгдүгээр сараас зогссон. Энэ хугацаанд 9.5 сая тонн газрын тос олборложээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалын мэдээлснээр, 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар боловсруулаагүй газрын тос экспортлоогүй байна.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны геологийн баталгаат нөөц 333 сая тонн байгаагаас 34 сая тонн нь ашиглалтын нөөц бөгөөд энэ нь 15 жилд хүрэлцэх хэмжээ аж.

Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хэдийгээр тус үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу өрнөж буй ч Covid-19 цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа нь нэг жилээр хойшлох төлөвтэй байгаа аж. Дашрамд дурдахад, Дорноговиос Дорнод аймаг руу 530 км-т газрын тос дамжуулах шугамын гэрээ хийгджээ.

“Петро Матад” компанийн XX талбай дээр өнгөрсөн жил шинээр нэг сая гаруй тонн газрын тосны нөөц баталгаажсан бөгөөд мөн XII, XVII талбай дээр газрын тос илэрч, хайгуулын ажлаа эрчимжүүлж байгаа аж.

 Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ /2022.05.30/-гээр улсын хэмжээнд нийт 154500 тн шатахууны нөөцтэй байснаас А-80 автобензин 11113 тн, АИ-92 автобензин 53404 тн, АИ-95 автобензин 6866 тн, ДТ 78759 тн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78862 тн шатахууны үлдэгдэлтэй байснаас А-80 автобензин 2741 тн, АИ-92 автобензин 31354 тн, АИ-95 автобензин 4322 тн, ДТ 36165 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13670 тн, хангайн бүсэд 9542 тн, төвийн бүсэд 33951 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8574 тн байгаа аж.

Манай улс он гарснаас хойш нийт 700.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 14.8 мян.тн, АИ-92 автобензин 245.1 мян.тн, АИ-95/98 автобензин 12.5 мян.тн, ДТ 347.5 мян.тн, онгоцны түлш 21.6 мян.тн, бусад 59.3 мян.тн тус тус эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ, BBC, REUTERS, BUSINESS INSIDER, TASS, AP, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж