Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсч байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Өнөөдрийн байдлаар 0-19 насны нийт 456 хүүхэд хорт хавдрын улмаас хяналтад байгаагийн 263 нь эрэгтэй, 193 нь эмэгтэй хүүхэд байна. 2017-2021 оны хооронд хавдрын улмаас гадаадад эмчлүүлсэн хүүхдийн тоо нийт 28 байгаа ба үүнээс 19 нь цусны цагаан эсийн хавдар, 5 нь тархи мэдрэлийн, 4 нь тунгалагийн булчирхайн хорт хавдар байна. Хавдрын хими эмчилгээ болон тулгамдсан асуудал хаврын эмчилгээнд мэс засал, туяа хими эмчилгээ, дархлаа болон байн эмчилгээ ордог.
УИХ-ын гишүүн П.АНУЖИН:
-Хорт хавдрыг эцсийн шатандаа илрүүлж байгааг сайдын мэдээлэлд дурдлаа. Энэ шалтгааны улмаас гадагшаа эмчлүүлэх гэж мөнгөний урсгал эргэдэг болчихсон. Үүнд ямар гарц гаргалгаа байх ёстой юм. Ямар бодлого барьж байна вэ. Хэн таньдгаас мөнгө цуглуулаад гадагшаа эмчилгээнд явдаг байдлыг яаж зогсоох вэ?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Манай улс тархай бутархай суурьшмал бүс нутагт байдаг. Үүнтэй холбоотой орон нутгаас оношлогдож байгаа өвчлөл ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байна. Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийг зохион байгуулсан. Үр дүн гарч байна. Ялангуяа ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдож буй. Дээрээс нь нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг түлхүү зохион байгуулж байна. Жил бүр эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамрагддаг болчихвол үр дүн гарна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.БЯМБАСҮРЭН
-Хорт хавдрын өвчлөлийн үед тусламж үйлчилгээг хэрхэн яаж худалдаж авах вэ? Хэдэн төгрөг байх вэ гэдэг асуудлыг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар тогтоол, мөн 2022 оны гуравдугаар тогтоолоор зааж өгсөн. 2022 оны гуравдугаар тогтоол гарахаас өмнө эмчилгээний зардалд 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан.
2021 оны гуравдугаар тогтоол батлагдсанаас хойш хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМДС-аас хариуцаж байна.
Үүнд хэвтүүлэн эмчлүүлэх, мэс заслын эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ, хими туяа эмчилгээ гэх мэт хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг ЭМДС-аас зуун хувь даагаад явж байна. Гуравдугаар тогтоолд цусны хорт хавдрын эмчилгээний зардал ороогүй байсныг энэ оны нэгдүгээр сард батлагдсан нэгдүгээр тогтоолоор эмчилгээ зардал нэмж орж ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Эрт илрүүлэгт ямар үзлэг, багц багтаж байгаа юм бэ. ЭМЯ эрт илрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарах ёстой. Манай улсад ямар хорт хавдрын мэс заслын хагалгааг хийж байна вэ. ЭМЯ Эмээлтийн махны асуудалд ямар байр суурьтай байна вэ. Тэнд зарагдаж буй мах хүний цогцос хадгалдаг бодис хийдэг үнэн юм уу. Хүчитшонхор захад худалдаалдаг уу. Хүнсний хангамжийн асуудал учраас ЭМЯ мэдээлэлтэй байх ёстой.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Урьдчилан сэргийлэх үзлэгт 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийг суулгасан. 2018 оноос эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн. Насны бүлгээс хамаарч зургаан багцад багцалсан. Махны асуудалд Эрүүл мэндийн сайдын 2014 оны тогтоол бий. Хүнсний бүтээгдэхүүний нян, хүнд металийн аюулгүй байдалд стандарт тогтоож өгдөг. Махны асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт миний бие багтсан. ЭМЯ-нд ажлын хэсэг байгуулж, стандартуудыг шинэчилж, норм, норматив тогтоож байна.
Формальдеги гэх бодис илэрсэн эсэх нь лабораторийн шинжилгээгээр батлагдах ёстой. МХЕГ-ын Хабул лабораториор гарсан дүгнэлтээр 0.0008 хувь илэрсэн гэсэн ерөнхий мэдээллийг авсан.
Угтаа бол энэ бодис илрэх ёсгүй. ЭМЯ-аас гаргасан стандартаар бодис илрэх ёсгүй гэж үздэг. Бид тодорхой мэдээллийг өгөөд явж буй. ХХААХҮЯ-тай хамтраад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тавигдах шаардлага, зөвлөмжүүдийг боловсруулж өгдөг. Энэ стандартыг дахин шинэчилж байна.
Холбоотой мэдээ