Энэтхэгийн эрх барих намын хоёр төлөөлөгч исламын шашны зөнч Мухаммедыг доромжилсон агуулгатай мэдэгдэл хийснээс болж Персийн булангийн орнуудтай зөрчил үүсчээ. Энэтхэгийн эрх барих Бхаратия Жаната намын (BJP) хэвлэлийн төлөөлөгч Навэн Кумар Жиндалын мэдэгдэл Ойрхи-Дорнодод маргаан дагуулж, эсэргүүцэлтэй тулснаар түүнийг албан тушаалаас нь огцруулсан байна.
Тодруулбал, 10 хоногийн өмнө Энэтхэгийн “Times Now 1” телевизийн сувгаар гарсан мэтгэлцээний үеэр “BJP” намын гишүүн Шарма өрсөлдөгч мусульман улстөрчийг ялахын тулд исламын шашны мөргөл, зөнч Мухаммедыг дооглон ярьжээ. Түүний үг маргаан дагуулсны дараа намын хэвлэлийн төлөөлөгч Навэн Кумар Жиндал твиттер хуудсанд зөнч Мухаммедын талаар мэдэгдэл бичсэн аж.
Гэвч энэ нь маргааныг улам өдөөж, Катар, Кувейт, Иран, Саудын Араб, Оман, Афганстан, Пакистан зэрэг исламын шашинтай олон орны засгийн газрын зүгээс түүнийг мэдэгдэлд эгдүүцэж, дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Дээрх исламын шашинт бүх орон Энэтхэгийн элчин сайдыг дуудан уулзаж, эсэргүүцлээ илэрхийлэн, тайлбар авчээ.
Улмаар Бхаратия Жаната намын зүгээс дээрх хоёр хэвлэлийн төлөөлөгчдөдөө хатуу хариуцлага тооцохоор амласан боловч долоо хоног өнгөрөхөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй байв.
Хиндү шашны хэт үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам нь системтэйгээр тус улсад амьдардаг 200 сая мусульман иргэдийг хавчин гадуурхдаг гэж буруутгагддаг.
Энэтхэг нь зөвхөн Катараас л гэхэд байгалийн хийн 40 орчим хувийг авдаг бөгөөд тус улсад 6.5 сая хиндичүүд амьдардаг байна.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
Холбоотой мэдээ