Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Энгэрт нь эрхлэн унтдаг бяцхан охин өнөөдрөөс бамбаруушаа тэврээд унтах болно. “Ээж нь удахгүй охиныхоо дуртай барби зөндөөг аваад ирнэ ээ” гэж түгдрэн зогсох бүсгүй нулимсаа нуух гэхдээ хүчээр инээхийг оролдоно. Эхээсээ ганц өдөр ч салж үзээгүй охинд түүнгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлнэ гэдэг ой тойндоо төсөөлөхөд ч бэрх байгаа. Ээж охиноо үнсэв. Эргэж харав. Цүнхээ чирээд алхав. Аягандаа тогтож ядан байсан нулимс аяндаа бөмбөрлөө. Охиндоо нулимсаа үзүүлэхгүй гэсэндээ гэдрэг харсангүй. Урагшаа харсан чигтээ хойш охин руугаа даллав. “Баяртай ээж ээ, хайртай шүү”…

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

…Хоёр, үсрээд гуравдугаар ангийн гэлтэй хүү цэцэрлэгийн болов уу дүүгээ аргадан аавыгаа үднэ. Тэднийхээ төлөө аав мордож байна. “Дүүгээ сайн хараарай. Ахынхаа үгэнд сайн орно шүү”. Ийн хэлээд аав хөвгүүдээ орхиод хүний нутагт хөлсний ажил хийхээр явлаа…

Боломж олдвол бушуухан гадагш гарахсан… гэх хүсэл нийгэмд хавтгайрчээ. Хил, хаалтгүйсэн бол нүүдэлчдийн дийлэнх нь хэзээ мөдгүй дүрвэхэд бэлэн байх шиг.

Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцээд багш нар боломж олдвол хоёр сар Солонгост очоод угаагч ч болтугай хийгээд ирмээр байгаа тухайгаа уралдан ярьж байна. Бүгд л боломжийг эрэлхийлнэ. Танил тал байна уу, танай хэн чинь юу билээ? Гэвч… хүсэвч, хясна. Виз нь яахан амархан гарах билээ. Харин энэ үзэгдлийг дагаад “…-ын виза найдвартай гаргаж өгнө” гэсэн зар олширсон байх юм. Тэдний нэгэнд танил маань 8 сая төгрөг өгсөн. Одоо виз гаргах өгөхийг хүлээж суугаа. Түүний хэлснээр, ойр дотныхон нь виз гаргуулахаар машинаа зараад 16 сая төгрөг зарын эздэд тушаажээ. Бүтвэл хүүхдүүдээ эмээд нь үлдээгээд эндээс явна. Монголд суугаа ЭСЯ-ныхан харин виз гаргуулж өгнө гэх мэдээллийг байнга үгүйсгэсээр ирсэн болой.

Хамгийн сүүлд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор 30 монгол тутмын нэг нь удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн тооцоо гарчээ. Гадаадад одогсдыг  72.3 хувь нь 15-44 насныхан. Хоёр жилийн өмнө гаргасан энэхүү статистикаас ондоо үзүүлэлт одоо гарах нь ойлгомжтой юм.

ХҮСЛЭЭС ҮҮДСЭН ХЭРЭГЦЭЭ

Монголд жирийн ажил хийгээд зоргоор амьдрах боломж улам бүр хумигдаж байна. Тиймээс эх нутгаа, элгэн саднаа үлдээгээд чадалтай дээрээ гадагш явахыг хэн хүнгүй илүүд үзнэ. Гадаадын визанд ороход бүрдүүлэх бичиг баримтад бидний хэлдгээр “цагдаагийн” гэх иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт багтдаг. Цагдаагийн байгууллагаас энэхүү лавлагааг авах гэж өнжиж, хонох нь холгүй байсан бол “E-Mongolia” –гаас авдаг болсноор тэр үзэгдэл хойно хоцорчээ. “E-Mongolia” үйлчилгээ 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм.

Түүнээс хойш 1,8 жилийн хугацаанд 166,280 хүн дээрх тодорхойлолтыг авах хүсэлт илгээснээс 112207 хүнд тодорхойлолтыг нь гаргаж өгсөн байна. Үлдсэнд нь гаргаж өгөөгүй шалтгаан нь үйлчилгээний төлбөр болох 500 төгрөгөө төлөөгүй юмсанж.

Эргэн улиглаваас, Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн гадаад руу зорчих боломжтой болсон. Тэгвэл хил нээгдсэнээс хойш зургадугаар сар хүртэл “цагдаагийн” тодорхойлолтыг авахаар 73 мянга 102 хүн хүсэлт гаргаснаас мөнгөө тушаасан 41769 хүнд тодорхойлолт гаргасан гэж албаныхан мэдээлэв.

Энэхүү лавлагааг авахаар өөр нэгэн хүмүүс хүсэлт гаргадаг ба нь тэр нь ял шийтгэлтэй хугацаагаа дуусахыг хүлээж буй иргэд юм. Ийм төрлийн 84296 хүнээс 53644 хүнийг нь ял шийтгэлтэй хугацаа дуусч тодорхойлолтоо авчээ. Хэрэгт холбогдсон шийтгэлийнх нь хугацаа дуусаагүй 27256 хүн хүсэлт гаргасан байна. Тэдний 15 мянга 871-ийнх нь хугацаа дуусч тодорхойлолт өгчээ.

Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас эхлээд 15 байгууллага энэхүү лавлагааг авах эрхтэй ч тэдэнд хэдэн мянгаар нь иргэдээс энэхүү тодорхойлолтыг авах шаардлага юу бол. “E-Mongolia”-гийн хамгийн эрэлттэй 10 лавлагааны нэг болсон энэхүү тодорхойлолтыг гадаадын виза авахад л голдуу авдаг тухай албаныхан хэлэв. Тиймээс хэрэг хийсэн, хийгээгүй 250 мянга гаруй хүн энэхүү тодорхойлолтыг авч гадаадыг зорихыг хүсчээ гээд ойлгочихвол үнэнээс холдохгүй. Цаана нь хүсэлтээ авч чадаагүй 70-80 мянган хүн бий гээд бодвол арван монгол тутмын нэг нь гадаадад гарахаар тодорхойлолт авчээ. Харин виза хөөцөлдөхдөө дөхүүлж байгаад авахыг хүсч буй хэдэн хүн байгааг бүү мэд.

Энэ тоонд ихээхэн өөрчлөлт орж болзошгүй байсныг ч албаны хүн үгүйсгэсэнгүй. Учир нь “E-Mongolia” багагүй хугацаанд ажиллахгүй байсан учраас тэр хооронд хүмүүс уг лавлагааг авч чадаагүй гэсэн үг. Нэг тодорхой зүйл гэвэл зургаан сарын дотор лавлагаа авах хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдсэнийг та дээр харсан болохоор үүнийг ингээд орхиё.

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ НЬ НЭМЭГДЭВ

“E-Mongolia” нээгдсэнээс хойш 20 мянга 944 иргэд гадаад паспорт захиалан авчээ. Тэгвэл хил нээгдсэн буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд 15 мянга 956 хүн гадаад паспорт захиалсан байх юм. Дөрөвний гурав нь сүүлийн зургаан сард захиалга өгсөн гэсэн үг. Тэд саалиа бэлдэхээр саваа бэлд гээд тохиромжтой цагийг хүлээн сууна уу. Аль эсвэл аялаж, зугаалахаар амралтаа хүлээж буй болов уу?

Бидний хэд нь ажиллах гэж, хэд нь аялах гэж хил давдаг гэж та бодож байна. Тэгвэл гадаад руу зорчиж буй монголчуудын тухай доорх тоон үзүүлэлтийг харахыг зөвлөе.

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 15.3 (25.1 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 47.5 (74.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 3291 (5.2 хувь) нь хүүхэд байна. Тэдний 55.4 (87.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 961 (1.5 хувь) нь 30-аас 90 хүртэл хоног, 7 (11 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна.

ЭЭЖИЙНХЭЭ ДЭРГЭД ТОГТОХОО БАЙЛАА

-Арван найман нас хүрэхээрээ

Аавынхаа дэргэд тогтохоо болилоо, би… гэж дуулж асан нүүдэлчид гадаад руу явахаар яарч байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын визанд орохоор хүсэлт гаргасан нөхөр 2023 оны есдүгээр сарын 29-нд орох боломжтой талаар хариу сонсчээ. Жил зургаан сар хүлээх хэрэг гарч. Хүлээж байгаад ортол зорчих зөвшөөрөл олгооч уу, үгүй ч үү. Тэр хүртэл зөвхөн Монголдоо байхгүй гээд аль нэг улсын ЭСЯ-нд хандаж болох ч лав АНУ-ыг зорьж чадахгүй нь ээ. БНСУ-ын визний захиалгыг дүүрэг бүрт авч байгаа ч утас чөлөө завгүй ярьж байх аж. Оочер дараалал нэмэгдлээ. Өдөржин утас цохисны эцэст энэ сарын сүүлийн өдрүүдэд л визанд орох боломжтой гэнэ. Биеэр очсон монголчуудын дарааллыг PCR-ийн оочертой зүйрлэж болох юм. Найдвартай нөхдийг хүлээгээд хэд маань машин тэрэг, өмч хөрөнгөө үгүй хийгээд байгааг бурхан ч мэдэхгүй болов уу?

ВАКЦИНЖУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ

Дархлаажуулалтын 37 цэг, түр хоёр цэг ажиллаж буй талаар ЭМЯ-наас мэдээллээ. Мөнгө авч байж хоёр тун вакцин хийлгэсэн монголчуудын 54,1 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан талаар албан мэдээлэл байна. Энэхүү тунг хийлгэх олон шалтгаан бий ч хамгийн гол нь гадаад руу зорчиход нэмэлт тун хийлгэх шаардлага тавьж буйтай холбоотой юм.

МОНГОЛЧУУД НУТГААСАА ДҮРЭВСЭН НЬ

Аян дайн хийж эх нутгаасаа гарсан хүннүчүүд, 13 дугаар зууны их байлдан дагуулалтыг бид ярьдаг ч Манжийн дарлалын үед арга буюу харгислалаас нь зугтаж нутгаасаа гарсан ойрдууд, өнгөрсөн зуунд дүрвэсэн монголчуудын талаар төдийлөн ярьдаггүй.

Эх нутагтаа хавчигдан шахагдаж, амьдрахуйяа бэрх болохуй монголчууд харийн нутгийг зорьжээ. 1933 оны байдлаар баруун өмнө талын аймгуудаас албан бус тоогоор 37 мянга 700 орчим хүн дүрвэжээ. Уг дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 11 700-аад өрх бүхий 47 мянга орчим хүн хамрагдсан судалгааг танилцууллаа.малыг хурааж, татвараар дарамталж, хийх ажилгүй, хавчин шахаж байсны улмаас тэд ийм сонголтыг хийсэн аж. Тэднийг эх орноосоо урвасан хулгай мэтээр үзүүлдэг асан өнгөрсөн нийгэмд Түвдэнгийн Бор гэх баатрыг бий болгосон юм. Дүрвэгсдийг зогсоох гэж төвчигнөөд тэр амиа алджээ. Улс орондоо шахагдан хавчигдсаны улмаас сайн дураараа болон аргагүйн эрхэнд эх орноосоо зугтан гарсан энэ мэт хүмүүсийн цуваанаас их тоо энэ цагт гарч байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

…Удаан хүлээсэн ээж, охин хоёр сая уулзав. Охиноо санаж бэтгэрсэн эх нь өөдөсхөн үр нь хэрхэн томорсонг харан элдэвийг ярин уйлан тэврэх ч охин түүнээс бэргэнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхийнхээ элгийг дэвтээн эхэр татан уйллаа…

Азаар бид гадагш гарах эрх чөлөөтэй ардчилсан тогтолцоотой. Хэрэв хуучнаараа байсан бол юун дүрвэх, зам явахгүй бол зайлах газар ч олдохгүй. Гэхдээ энэ бидний зол уу, зовлон уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж