Үндэсний их баяр наадам болоход сар гаруйхан хугацаа үлджээ. Цар тахлаас болж наадмаа нэг жил өнжсөн монголчууд энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлдэж байна. Баяр наадам ойртохийн хэрээр өнөөх л үндэсний бөх, хурдан морины уралдааныг тойрсон маргаан идэвхжих болов. Үнэндээ сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадмын үнэлэмж буурсан нь бөхчүүд, уяачдын хоорондын хэрүүл талцлаас болсон хэрэг.
Монгол төрийн наадамд монгол адуу луралдах ёстой гэж нэг хэсэг уяачид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эсрэгээрээ зарим нь үүлдэрлэг байдлаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэх шүүмжлэлийг ч хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрлийз морь, монгол морь гэсэн хэрүүл наадмын өмнө, хойно байнга гардаг. Энэ жил ч эл хэрүүл үргэлжилж, үүнийг хуульчилж, цэгцлэхгүй бол монголчууд хэрүүл уруулгүй наадахаа больжээ.
ХЭРҮҮЛИЙН АЛИМ ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?
Өдгөө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг төсөлд морьдыг зургаан насны ангиллаар уралдуулахдаа сэрвээний өндрөөр хэмжинэ гэж тусгажээ. Өчигдөр жагссан иргэдийн зүгээс хэрэв сэрвээний өндрөөр морьдыг хэмжвэл намхан нуруутай эрлийз морьд уралдах бүрэн боломжтой гэж бухимдаж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг манай сайтад өгсөн ярилцлагадаа “Үүлдэрлэг байдлыг хүний нүдэн баримжаагаар тогтож байна. Ингэхээр эцэс төгсгөлгүй маргааны үндсэн шалтгаан болж байна. Тийм учраас хамгийн боломжит хувилбар нь сэрвээний өндрөөр нь хүний оролцоогүй хэмжиж уралдуулах. Лазерь метрээр хэмжээд уралдуулъя гэж байгаа юм” гэжээ.
Монголд одоогоор морины гэх тодотголтой хоёр томоохон холбоо бий. Тодруулбал, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо гэж бий. Хоёр холбоо бий болох шалтгаан нь ердөө л морьдыг хэрхэн ангилж уралдуулах вэ гэдгээс үүсэлтэй. Монголын морин спорт уяачдын холбоо нь морьдыг сэрвээний өндрөөр нь тэр тусмаа лазерь метрээр хэмжиж уралдуулахыг дэмждэг. Тус холбоог нэгэн цагт МАН-ын дарга асан М.Энхболд тэргүүлж байсан гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Үүнийг үндэсний морин уралдаан уяачдын холбоо нь эсэргүүцэж байгаа аж.
МОРЬДЫГ ӨМНӨ НЬ ХЭРХЭН УРАЛДУУЛДАГ БАЙСАН ЮМ БЭ?
Өнгөрсөн жилүүдэд сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулдаг байсан. Гэхдээ палкметр ашиглаж байв. Өөрөөр хэлбэл, модон метртэй хүмүүс уралдаан эхлэхийн өмнө морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж, уралдах эсэхийг нь шийддэг байсан. Гэвч бас л хэрүүл, талцал гарч, хурдан морины салбар хорооны хэмжиж буй хүмүүс модон метрээр морьдыг харилцан адил хэмждэггүй, метрээ газраас хөндийрүүлдэг, модоо далий барьдаг, морьдыг үзэмжээрээ хасдаг гэсэн гомдол шүүмжлэл тасардаггүй байлаа. Өөрөөр хэлбэл, шударга бус хэмжилт хийснээс болж монгол морьд хасагдажг, эрлийз морьд уралддаг гэх асуудал ч гардаг байв.
ЭРЛИЙЗ МОРЬДЫГ НААДАМД УРАЛДУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?
Хуулиндаа “Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гээд заачихсан. Угаасаа Монгол төрийн наадамд монгол адуу л уралдах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс их бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үүнийг дэмжиж, эрлийз морьдыг уралдуулах бодолгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ 2020 онд өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж буй Я.Содбаатар Шадар сайд байхдаа гурван насны эрлийз морьдыг наадмаар уралдуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрт эрлийз морьдтой УИХ-ын уяач-гишүүд ихээхэн нөлөөлсөн гэх хардлага бий.
Уяачдын баяраар эрлийз морьдыг уралдуулдаг уламжлалтай билээ.
УЯАЧ-ГИШҮҮД ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Энэ парламентад “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Н.Ганибал тэргүүтэй уяачид байдаг бол Засгийн газрын танхим байгаа уяач нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сүүлийн үед моринд хорхойсч буй гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа шүүмжилсэн. Тэрбээр чуулганы үеэр “Х.Нямбаатараа чи Дорнод, Хэнтийгээр эрлийз адуу бэлгэнд аваад явсан биз дээ” гэж шүүмжилсэн билээ. Сайдад Дорнодын Цагаан-Овоо сумын харьяат тод манлай уяач Т.Батзориг морь бэлэглэсэн аж.
ЯАГААД ЭРЛИЙЗ АДУУ ҮРЖҮҮЛЭХ БОЛСОН БЭ?
Монгол Улсад жилдээ 200 гаруй мянган морь уралддаг гэнэ. Харин социализмын үед 98-100 гаруй мянган морь уралддаг байв. 200 гаруй мянган морь гэдэг бол нийт монгол морьдын 4-5 хувь аж. Уяачид “Шинэ монгол” адуу бий болгохын тулд Англи, Араб, Будённый болон цэвэр цусны, цэвэр үүлдрийн адуунуудтай монгол адуугаа нийлүүлж, хурдан болгож байгаа гэх. Ингэснээр толгой нь өндөр, сүүл нь шингэн, хөл нарийнхан “Шинэ монгол” адуу бий болгож байгаа гэв. Өөрөөр хэлбэл, монгол адуугаа сайжруулахын тулд л бусад үүлдрийн адуутай нийлүүлж байгаа гэж ойлгож болохоор. Гэхдээ үүнийг уяач бүхэн харилцан адилгүй хүлээн авч байна.
Холбоотой мэдээ