“Хон Хэрээд”-ийн Б.Энхбат Тахир соёотын гянданд ялаа эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Хон Хэрээд”-ийн Б.Энхбат Тахир соёотын гянданд ялаа эдэлж байна

2007 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд буун дуу гарч, 22-хон настай залуу бусдын гарт амь насаа алдсан гэмт хэргийн мөрдөн байцаах ажил 10 сар үргэлжилсний эцэст Баянзүрх дүүргийн шүүхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд анхны шүүх хурал болсон билээ.  Хүний амь нас хохироосон үндсэрхэг үзэлтэн гэгддэг Б.Энхбат шүүх хуралд лам энгэртэй алхан хээ, ташаан дээрээ хас тэмдэг бүхий нөмгөн дээл /нөмрөг мэт/ өмсч ирсэн нь олны анхаарлыг их татаж байсан. “Даяар Монгол” хөдөлгөөнийг тэргүүлж байхдаа тэрбээр хятад иргэдийг эх орноосоо хөөж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд түүний шавь нар гэх бүлэг залуучууд ч хятадуудыг зодож, эд зүйлсийг нь дээрэмдсэн удаатай.

Б.Энхбат гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээж, шүүх хуралд талийгаач Ч-ийн аав Ө.Ганбатаас олонтаа хүлцэл өчиж байсан ч тэрбээр “Миний хүү босч ирэх биш” хэмээж байсан нь саяхан. Мөн хохирогчийн аав шүүх хурлын үеэр өөрийнхаа удам сударт ямар ч гадны цус байхгүй, цэвэр монгол хүмүүс гэдгээ хэлж байсан юм.

Талийгаач залуу БНХАУ-ын Хөх хотод Анагаах ухааны их сургуульд суралцаж байхдаа интернэтээр Э.Гоомаралтай танилцаж байжээ. Тэгээд тэд амралтаараа Монголд уулзахаар ярилцаж байсан гэдэг. Тэдний хүсэн хүлээсэн оюутны амралт ч эхэлж, залуу эх орондоо ирээд Э.Гоомаралтай дөрөв дэх удаагаа уулзсан нь аймшигт хэрэг гарах өдөр байсан аж. Хэрэг гарсан орой 20 цагт охин Э.Гоомарал  “Манай аав, ээж бид хоёрыг ирж хоол ид гэж байна” гэж хэлснээр тэд Б.Энхбатынх руу хамт очсон байна. Угтаа Б.Энхбат тэднийг уриагүй бөгөөд охиноо хаана байгааг утсаар асуухад охин нь найз залуутайгаа очно гэж хэлсэн аж. Айлын ганц хүү анх удаа найз гэх охиныдоо очих гэж байсан учир хэрэндээ гоёж, ээжээсээ арван мянган төгрөг аваад гэрээсээ гарсан гэдэг. Тэр оройноос хойш хүү нь аав ээждээ эргэж ирээгүй. Харин хүүг төсөөлж байснаас нь огт өөр орчин угтсан байна. Болсон бүх явдал Э.Гоомаралын анхны мэдүүлэгт тодорхой байдаг. Залуу тэднийд ороод цай ч амсаагүй байхад Б.Энхбат “Гарч машинд суу” гэж охиноо зандарсан гэсэн. Охин ааваасаа айн машинд суухад аав нь талийгаачтай хамт гараад ойролцоогоор 1300 метр газар явсан гэж мэдүүлж байсныг прокурор Т.Жадамбаа шүүх хурлын үеэр хэлж байв. Мөн уг мэдүүлэгт Б.Гоомарал ярихдаа “Аав машинтай замдаа явж байхдаа түүнээс хэзээ танилцсан, хаана сурдаг, аав, ээж нь аль нутгийнх гэх зэрэг асуулт асуугаад Хятадад сурдаг гэхэд нь уурлаад тагнуул гээд гараараа хойд талын суудал дээр сууж байсан түүн рүү цохисон. Буу бариад машины хаалгыг онгойлгоход талийгаач бууны урд хэсгээс барьж авсан. Ингэж байтал л буу тасхийсэн” хэмээн мэдүүлж байснаа анхны шүүх хурал дээр энэ мэдүүлгээсээ огт өөр зүйл ярьж эхэлсэн. Монгол улсын иргэнд өөрийн төрөл садан, ах дүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх Үндсэн хуульд заасан байдаг учир түүнийг хорих эрх мэдээж хэнд ч байгаагүй. Гэхдээ ярих бүрт нь худал хэлж байгаа нь мэдрэгдэж, шүүгч нарын асуултад бүдэрч  байсан юм. Түүний шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгээр ямар ч маргаан болоогүй бөгөөд машин донслоход сум алдан хүний амь нас хохирсон гэж байсан.

Б.Энхбат хэрэг гарахаас гурван сарын өмнө Сайга МК буу худалдан авсан бөгөөд машины донсолгоонд цэнэглэгдэн буу алдсан хэмээн мэдүүлснийг шинжээчдийн дүгнэлт эрс няцаасан юм. Түүний буу үйлдвэрээс гараад нэг жил ч болоогүй байснаас гадна гохыг нь дарахаас нааш буудах нөхцөл яагаад ч бүрдэхгүй хэмээн шинжээчид хэлж байв. Мөн 1.5 метрийн өндрөөс унагаж доргилт үүссэн ч сум алдахгүй болохыг нотолсон юм.

Б.Энхбатыг хүний амь насыг танхайн сэдлээр санаатай хөнөөсөн хэрэгт буруутган, улсын яллагчийн зүйлчилсэн цаазаар авах ялыг шүүгч нар хэвээр баталсан юм. Талийгаачийн ар гэрийнхний нэхэмжилсэн 11 сая төгрөгний дөрвөн саяыг нь эд мөрийн баримтаар хураагдсан Б.Энхбатын машиныг хуулийн дагуу зарж борлуулан нэхэмжлэлийг барагдуулах шийдвэр гаргаж байсан юм. Шүүх танхимаас гарах мөчид түүний эхнэр Н.Сумъяа уйлан “Яадаг билээ” гээд Б.Энхбатыг дагахад “Санаа зоволтгүй ээ. Би цагаадна” хэмээн хэлж байсан нь ёсоор болсон. Тэр цаазаар авах ял оноосонд би гомдохгүй гэж шүүх хурал дээр мэдүүлж байсан. Гэхдээ түүний хэрэг  цагаадаагүй ч өмгөөлөгч нь давж заалдсаар 25 жилийн хорих ял болгож чадсан юм. Тэрбээр таван жилийн ялыг гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээр болсон бөгөөд одоо Төв аймаг дахь Тахир соёотын гянданд ялаа эдэлж байна. Оноосон ялын тавны дөрөв буюу 15-17 жилийн ялаа эдэлсний дараа Б.Энхбатад магадлангаар суллагдах боломж нээгдэх эсэхийг ярих гэнэ. Гянданд ял эдэлж байгаа хэрэгтнүүдийн ар гэр, ойр дотных нь хүмүүс жилдээ нэг удаа уулзах эрхтэй байдгийн дагуу түүний ар гэрийнхэн ч бас одоогийн байдлаар гурван жилийн хугацаанд хоёр удаа уулзаад байгаа аж. Б.Энхбатын биеийн байдал хэвийн байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Харин эхнэр Н.Сумьяагийн бие сайнгүй байгаа бөгөөд охин нь МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхимд ажиллаж байснаа энэ хэргийн улмаас ажлаасаа гарч одоогоор ямар нэг тогтсон ажил эрхлээгүй байгаа аж.

Х.Оюунсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж