Түгжрэлийг бууруулах 420 тэрбумаар юу хийв?

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг бууруулах 420 тэрбумаар юу хийв?

Түгжрэлийг бууруулах 420 тэрбумаар юу хийв?

Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болоод удаж буй түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, олон тэрбум төгрөгийн төсөв батлуулснаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан. Үүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч, 420 тэрбум төгрөгийн сураг түгжрэл арилгах хөтөлбөртэй хамт замхарч эхлэв.

Магадгүй түгжрэл бууруулахад зарцуулах төсвөөр олон ажил хийж, үр дүнд нь түгжрэл буурсан тухай энэ зун мэдэгдэл хийж мэдэх. Учир нь нийслэл хотын он, оны төсөвт түгжрэл бууруулах багц хөтөлбөр, зохицуулалт тусгаж их хэмжээний төсөв батлуулдаг.

Гэвч дорвитой үр дүн гардаггүй учрыг оны эцэст нийслэлийн иргэдийн автомашин өссөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаа ч мөн дээрх жишиг давтагдах эрсдэлтэй. Тиймээс 2022 оны төсвийн түгжрэл бууруулах 420 тэрбумаар хийгдэж эхэлсэн болоод цаашид хийгдэх ажлыг багцлан хүргэж байна.

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ НЭВТРҮҮЛЭХГҮЙГЭЭР 117 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАМ ӨРГӨТГӨНӨ

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон билээ. Тэгвэл энэ жилийн төсвийн хөрөнгөөр одоогийн байдлаар хаана, ямар ажлууд хийгдэж байна вэ?

Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудыг өргөтгөн барьж эхэлжээ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх юм. Тэгэхлээр нэг жилд 117 тэрбум төгрөгийг замуудыг өргөтгөхөд зарцуулна.

1970 оноос хойш нийслэлийн гол замуудын багтаамж, сүлжээ даацыг огт шинэчлээгүй байна. Тиймээс энэ жил нийт зургаан гол замыг өргөтгөхөөр болжээ.

Тухайлбал, нийслэлийн зүүн талын замын сүлжээ, Баянбүрдийн тойргийн замыг өргөтгөх зэрэг ажлууд одоогоор хийгдээд байгаа аж.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувь буюу 54.6 тэрбум төгрөг юм. Газар чөлөөлөлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Үүнээс хойш нийслэлийн зургаан дүүрэгт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Газар чөлөөлөлтөд хамрагдсан хэсгүүдэд түгжрэлийг бууруулах хүрээнд ногоон байгууламж бий болгож, авто зогсоолыг тодорхой талбайд төлөвлөж, газар доорх граж барих юм.
Одоогоор тохижилтын төлөвлөлтүүдийг хийсэн байршил бол Маршалын гүүрний зүүн талын хэсэгт байрлах таван га талбай. Газар чөлөөлөлт хийсэн тухайн байршлыг тохижуулах зураг төсөлд явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаажээ. Гэхдээ тус тохижилтын хөрөнгө түгжрэл бууруулах төсвийн 54.6 тэрбумд багтаагүй байна.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барих. Энэ ажил ирэх оны хавар эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Дөрөвдүгээрт, уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгоор 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг эхэлсэн эсэхийг тодруулахад заасан байршлуудад судалгааны ажил үргэлжилж байгаа гэсэн юм. Тиймээс төсвийн хүрээнд хэрэгжих ажил удахгүй эхэлнэ гэсэн үг.

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдох учир 43.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Гэвч одоогоор тус зорилт биелээгүй байна.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ПАРК ШИНЭЧЛЭЛ АВТОБУСНААС ЭХЛЭВ

Зургадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна.
Долоодугаарт тусгасан ажил нь гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлэх. Үүнд эхний ээлжид тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулах юм. Гэхдээ өнөөдрийн байдал төсөл нь боловсруулагдаагүй байна. Тус нийтийн тээвэр нь гурван трасс байх бөгөөд эхний ээлжид 13 км урттай 13 буудал бүхий замыг байгуулахаар тооцож 500 мянган иргэн зорчих боломжийг нээх. Ямартай ч дээрх ажил энэ онд эхэлж зургаан жилийн хугацаанд үргэлжилнэ.
Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөг зарцуулах. Тус төслийн ажлыг өнгөрсөн сараас эхлүүлжээ.
Харин хамгийн сүүлийнх нь иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавих ажил.

Дугуйн замд 2022 онд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Угтаа өнгөрсөн онд мөн адил төсөв баталсан ч хугацаандаа багтаж, нэг ч дугуйн зам ашиглалтад ороогүй. Энэ сард дугуйн замыг 16 байршилд гаргах ажлыг эхлүүлэх аж.

Ийнхүү оны хагас жил болсон байхад түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн ажлуудын багц хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар 180 орчим тэрбум төгрөгийн төсвийн ажлууд хийгдэж байгаа ч түгжрэл буурахад дорвитой нөлөөлөл гараагүй хэвээр.

Ямартай ч шат дараатайгаар хийгдэх ажлууд үр дүнд хүрэх байх. Гэхдээ батлагдсан төсөвтөө баримжаатай хандахгүй бол замаа өргөтгөх гэж мунгинасаар байтал нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Тэр цагт түгжрэл буурах бүү хэл дахин их хэмжээний төсөв хэрхэн батлуулах арга л хайна. Тиймээс түүхэнд байхгүй их төсвийн түрүүчийн ажлуудаа амжилттай болгох л чухал байна нийслэлийн удирдлагууд аа…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж