“Төр хувийн өмчид халдах нь бүдүүлэг үйлдэл”

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

“Төр хувийн өмчид халдах нь бүдүүлэг үйлдэл”

Богд хан уулан дахь дугуй цагаан амралтын газрыг өнгөрөгч долоо хоногт нийслэлээс албадан буулгасан. Тус амралтын газрын төлөөлөгчид "Хувийн амралтын газартаа засвар хийхээр төлөвлөж байсан ч төр хувийн өмч рүү халдлаа" гэсэн мэдээлэл өгч байв. Төр хувийн өмчид халдах нь хэр зохистой талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Өмчийн эрх халдашгүй байх ёстой. Тэр утгаараа хүний өмчид халдаж болохгүй. Бид хүний эрхийг их ярьдаг. Хүний эрхийг өмчийн эрхээс нь салгавал ямар хүний эрх байх вэ. Үүнийг буруу гэж харж байна. Ер нь анхнаасаа “цаанаа” зөв дараалалтай яваагүйгээс ийм асуудал эхэлж байна. Нэг нь газраа авсан болоод, нөгөө нь тэрэн дээр юу ч барьсан яадаг юм бэ гээд сууж байж болохгүй. Өндөр хөгжилтэй орнуудад тухайн өмчилсөн газартаа байшин барихдаа эргэн тойрны хөршөөсөө асууж, өнгө дизайнаа тааруулдаг. Мөн тухайн бүс нутаг дахь иргэдийн хурал асуудлыг зөв шийддэг байх ёстой. Анхнаасаа зураг төслийг батлахдаа ярьж, санал асуудаг байх ёстой. Богд уулаар алхдаг хүмүүс бүгд хажуугаар нь гардаг. Тэгэхээр зөвшилцөлд хүрч байж шийдэх ёстой. Хүний өмчид халдаж байгаа бол буруу. Хохирлыг төр барагдуулах ёстой. Хувийн өмчид халдана гэдэг хамгийн бүдүүлэг зөрчил юм.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Төр аливаа бизнес аж ахуйн нэгжид тодорхой хэмжээнд зөвшөөрөл олгодог. Жишээ нь, газрын зөвшөөрлийг аж ахуйн нэгж, эсвэл иргэнд олгосон байна. Гэтэл буцаагаад үйл ажиллагаа явуулж буй байгууллагаа өөр нэг Засгийн газар байгуулагдаад, тэрний үр дүнд гарсан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, хөрөнгийг нь эвдэлж нураана гэдэг ардчилсан нийгэмд огт байж болохгүй зүйл юм. МАН ер нь хүчиндээ хэтэрхий их эрдэж байна. Шат шатандаа буюу Засгийн газрын түвшинд, доод шатандаа ч тэр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцон, бизнесийг боомилж, төрөөс хувийн бизнесийг булаан авч, хувийн компани хийх боломжтой бизнесийг заавал төр бизнесээ болгож, хувийн секторын орон зайг булааж авдаг боллоо. Үүний хариуг иргэд хэзээ өгдөг юм бэ гэвэл сонгуулиар өгдөг. Нүд нь юм харахгүй, чих нь ард түмнээ сонсохоо больсон эрх баригч нар сонгуулиар хариугаа авна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Сүүлийн үед төр давуу эрхтэйгээр ашиг болох бүх бизнес рүү орж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх болсон. Үүнээс болж хувийн хэвшил устах аюулд орлоо. 1990 оноос өмнө бүх үйлчилгээ төрийн мэдэлд байсан. Ардчилсан нам олонх болж байгаагүй, гэхдээ олуулаа байх үедээ эдийн засаг дахь төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулж байв. Гэтэл одоо ухарч социализм, коммунизмын тогтолцоондоо аажмаар эргэн орж байна. Энэ нь эдийн засгаа тэлэх боломжийг мухардалд орууллаа.

Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР: 

-Дугуй цагаан явах замд байдаг шавар гэрүүдийг албадан буулгасан. Энэ нь иргэд амралтынхаа өдрөөр Богд ууланд алхахад таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Чөлөөлсөн газрыг амарч, зугаалахад таатай байдлаар тохижуулна. Улаанбаатар хотын иргэдийн алхах, амарч зугаалах, тухтай орчин бий болгох ажлууд үе шаттай хийгдэж байна. Явган замуудыг стандартад нийцүүлэх, зөвшөөрөлгүй гаражуудыг буулгах, хашаа хайс чөлөөлөх гэх мэт. Харин чөлөөлсөн газруудад барилга, байшин барих вий гэсэн иргэдийн болгоомжлол байна. Иргэд маань санаа амар байж болно. Чөлөөлсөн газруудыг зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байдлаар тохижуулна. Барилга барихгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж