"Монгол уяач, монгол адуу хоёр наадамдаа оролцох эрхгүй боллоо"

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

"Монгол уяач, монгол адуу хоёр наадамдаа оролцох эрхгүй боллоо"

"Монгол уяач, монгол адуу хоёр наадамдаа оролцох эрхгүй боллоо"

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос төрийн наадамд эрлийз морьд уралдуулахыг эсэргүүцэж, морьдыг үүлдэрлэг байдлаар ялгах хэрэгтэй гэж үзэж, Сүхбаатарын талбай дээр өнөөдөр /2022.06.06/ жагсаал хийлээ.


Уяач А.Төмөр-Очир:

-Монгол морь бурхны бүтээл. Түмэн эхийг эрлийз морь солихгүй. Хэсэг хүмүүс сайжруулна гэж ярьж байна. Гэхдээ сайжруулахгүй муутгаж байгаа шүү. Монгол морины стандарт гэж байхгүй. Эрлийз морин дээр хурдан гэдэг үзүүлэлт л ярьж байна. Тэгэхэд монгол морь тэсвэр, хатуужилтай, хурдан, ухаантай. Миний хоёр гүйгүүл морь Говь-Алтайгаас Сүхбаатар руу гүйж байна. Эрлийз адуу гүйхгүй. Гүүгээ танихгүй, ороогоо тодорхойлохгүй. Монголын ард түмэн ач тусыг нь их хүртсэн дээ.

Уяач С.Амартайван:

-Өнөөдөр Сүхбаатараас аймгаас ирлээ. Бид утга учиргүй, морь уралдуулахын төлөө өрсөлдөөд байгаа юм биш. Монголын ирээдүйтэй холбоотой. Монголын хөдөө аж ахуйд 300 мянган малчин бий. Сүүлийн 10 жилийн дотор залуу малчдын тоо 25 мянгаар буюу есөн хувиар буурсан. Залуу малчид сайхан хурдан хүлгээ сум, аймагтаа уралдуулж, баярлаж, баясч, урам орж байна. Гэтэл монгол адууг хэрэггүй болгоод, эрлийз уралдаад эхлэхээр монгол малчин, монгол адуу хоёр хасагдаж байна. Тиймээс малчид малаа орхиж, хот суурин бараадаж байна. Хэрэв энэ эрлийзийн хууль батлагдвал залуу малчдын тоо гэрлийн хурдаар буурна. Үхэр, хонинд хоргодохгүй.

Улаанбаатар ажилгүйдлийн үүр уурхай болно шүү. Малчид цөөрвөл мал цөөрнө. Малгүй бол Монгол Улс сүйрнэ. Төрийн нэг алдаанаас болж ар араасаа хор хохирол учирна шүү. Дорнодын талын хадлангийн даац эрлийз адууны идшийг дийлэхгүй. Цөлжилт Төв аймаг, Хэнтий, Сүхбаатарыг идээд, Дорнодын Халх голд явж байна. Хэдэн эрлийз адуутай нөхдүүд явж байна. Үүнийг анхаарч байгаа хүн алга. Монголын жаахан бэлчээр үүнийг дийлэхгүй. Мал идэх юмгүй болвол эрлийзтэйгээ сүйрнэ. Зөвхөн наадам гээд байгаа юм биш. Эрдэнэцагаанд Хэнтийн Мэндээгийн адуу оччихсон талхалж байна. Хэний зөвшөөрлөөр очсон юм бэ? Эрх дархтай, танил талтай хүмүүсийн адуу малчдын бэлчээрийг талхалж байна. Төр цэгцлэхгүй бол ард түмэн өөрсдөө цэгцлэнэ шүү.

Уяач н.Мөнхбат:

-Үндэснийхээ өв соёлыг аврах гэж төрийн батлах гэж буй хуулийг эсэргүүцэж байна. Энэ хууль батлагдвал төрийн наадамд монгол морь уралдах боломжгүй болно. Стандарт хэмжээ гэж байхгүй. Гаднын бөх барилдаж байгаагүй шиг наадамдаа монгол морьдоо уралдуулъя. Эрт дээр үеэсээ зургаан насны морьд уралдуулж байлаа. Хэзээ ч есөн насны морьд уралдуулж байгаагүй. Үүлдэрлэг байдлаар нь ялгавал болж байна. Би хараад л мэднэ. Стандарт хэмжээгээ хасчих. Мэргэжлийн хүмүүс нь хараад танина. Монголын соёлыг үгүй хийсэн хууль батлах гэж байна. Монгол наадам монголчуудын дархлаа. Монгол наадамд монгол адуу уралдахгүй байх нөхцөл бүрдээд байна.

Уяач н.Санжаадорж:

-100, 101 жилийн ойгоор хэдэн эрлийз морьдтой хүмүүс түрүүлсэн гэж түүхэнд бичигдэх гэж байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш. Монгол түмний асуудал. Монгол адуугүй бол монгол хүн, Монгол Улс гэж байхгүй. Түүхээ бодох хэрэгтэй. Бидний өнөөдрийн амьдрал монгол адуутай холбоотой. Зөвхөн баяр наадмын асуудал биш. Бид зогсохгүй тэмцэнэ.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн:

-Сумын наадамд хуучин 80 хязаалан, 80 соёолон уралдаж байсан бол өнгөрсөн жил 25 хязаалан, 23 соёолон уралдсан гэж байна. Учир нь дандаа эрлийз адуу уралддаг. Жинхэнэ монгол уяач, монгол адуу хоёр наадамдаа оролцох эрхгүй болж байна. Монгол нүүдэлчин иргэншлийг тээж байгаа ганц зүйл бол монгол адуу. Зөвхөн уяачдын эрх ашиг биш ээ. “Чи 60 гарлаа. Одоо боль” гэж манай найзууд хэлж байна. Тэд хэзээ үхэхээ мэдэхгүй мөнгө цуглуулж байна. Харин надад мөнгө биш монгол өв соёл хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж