Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газар 2022 оны зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус улс руу зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Өмнөд Солонгос руу зорчих иргэд заавал PCR шинжилгээ өгч, хариуг цаасаар хэвлэн, биедээ авч явах ёстой аж.
ВАКЦИН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА
Зорчигчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг ЭНЭ цахим хуудаст бүртгүүлж, тухайн цахим хуудсаас олгох QR кодыг хэвлэж, биедээ авч явна.
Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийлгээгүй хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд долоон хоног тусгаарлана.
Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи, эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг доорх холбоосоор ТАТАХ боломжтой. Мөн БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Шинжилгээг оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт өгнө. Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд PCR шинжилгээ өгөх тохиолдолд урьдчилан захиалга өгөх хэрэгтэй.
Дамжин өнгөрөх зорчигчдын тухайд:
Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид 24 цагийн дотор дараагийн нислэгт хамрагдах шаардлагатай болно. Тус онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд Covid-19 цар тахлын PCR шинжилгээ өгөх боломжгүйг анхаарна уу.
Богино хугацааны С-3 болон олон удаагийн визийн хувьд:
БНСУ-ын Хууль зүйн яам цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд олгохоо зогсоогоод байсан богино хугацааны /С-3/ болон олон удаагийн /Multiple/ визийг 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон боловч 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс түр хугацаанд хүчингүй болгосон олон удаагийн /Multiple/ орох, гарах ангиллын визийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд тухайн визээрээ БНСУ руу зорчих боломжтой. Олон удаагийн /Multiple/ визийн хүчинтэй эсэхийг ЭНД-ээс шалгах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ