УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ховд аймагт саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандан асуулга тавьсан байна.
Тэрбээр асуулгадаа “Хар-Ус нуурын ай сав, арлуудад нутагшуулсан заарт харх /ондатр/ гэх амьтан сүүлийн жилүүдэд тоо толгой нь хэт олшрон, нэг зуун мянгад хүрч, малчдын хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс, ургамал ховордох, Ховд аймгийн 5 сумын 500 гаруй малчид өвөлжөө, хаваржаагүй болох, нуурын экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна. Хар-Ус нуурт 60 орчим арал байдгаас 30 арал нь уг амьтнаас болж унаган төрхөө алдаж сүйдсэн талаар судлаачид, нутгийн иргэдээс мэдээлэл ирсээр байна. Мөн нутгийн иргэд ондатр агнаснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнасан гэх эрүүгийн хэрэгт холбогдох, Зөрчлийн хуулиар шийтгүүлэх явдал гарсаар байна.
Түүнчлэн баруун бүс нутаг ялангуяа Ховд аймгийн нутаг дэвсгэрт саарал чонын тоо толгой огцом өсч, малчин иргэдийн малд ихээр халдаж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх боллоо. Малчдын хоттой мал, малаа хариулж байгаа хүн рүү чоно дайрсан гарцаагүй тохиолдолд чоно агнасан малчин Амьтны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээж, их хэмжээгээр торгуулан, эд зүйлсээ хураалгаж байна. Малчид чоно агнахын тулд заавал сургалтад суух, сумын Засаг даргаасаа урьдчилан зөвшөөрөл авах, төлбөр /102000-240000 төгрөг/-ийн төлөх зэрэг олон шат дамжлага дамжин чоно агнах зөвшөөрөл авах зохицуулалттай байгаа нь бодит амьдрал дээр олон хүндрэл үүсгэж байна.
Иймд:
- Ондатр нь Хар-Ус нуурын байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн эсэх талаар, мөн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 2016 онд 30000 тоо толгой ондатр агнуулах зөвшөөрөл авсан боловч өнөөдрийг хүртэл агналт зохион байгуулаагүй учир шалтгаан, цаашид энэ талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар,
- Талын чоно агнахыг хориглосон хуулийн заалтыг зарчмын хувьд дэмжиж байгаа болно. Харин сүүлийн жилүүдэд алтайн болон хангайн чонын тоо толгой хэт өсч хүн малруу дайрах эрсдэл эрс нэмэгдэх боллоо. Үүнтэй холбогдуулан бүс нутгийн онцлог, үүсээд буй бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх талаар баримталж буй бодлогын талаар. Цаашид уулын чонын тоо толгой нь өссөн нутаг дэвсгэрт малчин иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалах, уулын чонын тоо толгойг цөөлөх зорилгоор танай яамны зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын талаар,
- Салбарын яамнаас ховордсон болон тоо толгой нь хэт өссөн ан амьтны талаар холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж ирүүлнэ үү. Мөн Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье гэжээ.
Холбоотой мэдээ