Б.Түвшинтулга: Ажиллах хүчний хомсдолыг шийдэхэд хүнээ хөгжүүлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Б.Түвшинтулга: Ажиллах хүчний хомсдолыг шийдэхэд хүнээ хөгжүүлэх шаардлагатай

Хэдхэн жилийн өмнө хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том асуудал ажлын байрны хомсдол байсан. Өнөөдөр ажлын байр байвч ажил хийх хүн олдохгүй байна гэдэг асуудал хурцаар яригдаж байна. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн анхны онлайн платформ Zangia.mn сайтын үүсгэн байгуулагч, сайтын захирал, доктор Б.Түвшинтулгатай бид энэ салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцын талаар ярилцлаа.


-Танай хамт олон Монголын хөдөлмөрийн зах зээлд анхдагч онлайн зуучлагч гэдэг утгаараа илүү мэдээлэл сайтай байгаа байх. Та бүгдийн хамгийн сайн мэдэх хөдөлмөрийн зах зээл, нийгмийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж, яг хаашаа явж байна вэ?

-Зарим тоо баримтаас эхлэх нь зөв болов уу. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Монголд ажил хийх боломжтой насны 1,232.885 иргэн байна. Үүнээс 300.000 нь мал аж ахуй ба газар тариалангийн салбарт, 90.000 нь төрийн албанд, 98.000 нь боловсролын салбарт, 50.000 нь эрүүл мэндийн салбарт, 104.000 нь ажилгүй гэж үзвэл үлдсэн 588.785 иргэн хувийн салбарт ажил, алба эрхэлж байна. Тэгэхээр хөдөлмөрийн насныхны 600 орчим мянган хүн манай Zangia.mn платформыг байнга ашигладаг бөгөөд тэднийг 10.000 гаруй компанитай холбож байгаа гол гүүр нь манайх юм.

Өөрөөр хэлбэл бид хөдөлмөрийн зах зээл дээр өрнөж буй бүхий л шилжилт хөдөлгөөний 90 хувийг дангаараа хариуцаж байна.

Бидний чин зорилго бол нэг талд ажил олгогчдод, нөгөө талд ажилтнууд буюу одоогоор ажил эрхэлж байгаа хүн, ажил хайж байгаа аль алиных тулгамдсан асуудал, бэрхшээлийг хамгийн хурдтай, оновчтой шийдэж ажиллах явдал юм. Тэр ч утгаараа бид "Монголын иргэн бүрд ажлын байр" гэсэн уриан доор ажилласаар ирсэн.

Ер нь манай салбарын өнөөдөр яригдаад байгаа хүндрэлүүд нэг л өдөр гэнэт үүсчихээгүй, системийн угшилтай асуудал юм. Анх 1990 онд манай улс эдийн засгийн шилжилтэд орох үед бизнесийн нэн шинэ орчинд ажил олгогчийн зүгээс ажилтанд тавьдаг шалгуурууд харьцангуй энгийн байсан бол харин одоо тавьж байгаа шалгуур, шаардлага нь боловсон хүчнийхээ ур чадвараас хол тасраад түрүүлчихсэн байна. Мэдээж байгууллагууд маань өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадварлаг, мэдлэгтэй хүмүүсийг хүсээд байдаг. Гэтэл боловсон хүчний маань ур чадварын хөгжил хоцролттой байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн хөгжлийн нөлөөгөөр бизнесийн арга барил цаг минут тутамд шинэчлэгдэж, хөгжөөд байдаг гэтэл бодлогын хэмжээнд боловсон хүчин бэлтгэх арга барил орхигдсон байна гэсэн үг.

Энэ хоцрогдлыг манай нийгэм, уламжлалт дүрмээрээ их сургуулиудын тоог нэмэх, дипломын тоог нэмэх мэт аргаар шийдэх гэж үзсэн боловч баахан улаан дипломтой, онц дүнтэй хэр нь ажлын байрны шалгалтад тэнцэхгүй  хүмүүс бий болсон. Монгол Улсын хэмжээнд байгаа 90 шахам их, дээд сургуулийн боловсролын чанар энд яригдаж байгаа юм.

Ер нь барууны оронд ажлын байранд төдийлөн хэрэглэгдээд байдаггүй диплом, сертификат цуглуулах биш, ажлын байрны ур чадварыг хөгжүүлэх сургалтад анхаарал хандуулаад эхэлсэн. Томоохон компаниуд жишээ нь Google, Microsoft дөрвөн жилийн диплом шаардахаа больж эхлэх хандлага руу явж байна.

Манайд ч бас дипломоос илүү ур чадвартай, мэдлэгтэй ажилтнууд хэрэгцээтэй байна. Тийм учраас компаниуд өөрсдийн ажилтнуудынхаа ажлын байрны ур чадварт дадлагажуулж, боловсруулах, сургаж хөгжүүлэлтийг зохион байгуулах шаардлага тулгарч байна.

-Мэргэжлээ эзэмшээд, дипломоо аваад төгсөж байгаа хүүхдүүдэд яг ямар ур чадвар дутуу болоод шууд ажлын байран дээр гарч чадахгүй байна вэ. Та бүхэн энэ талаас нь судалгаа хийж үзсэн үү?

-Монгол Улсын хэмжээнд 130.000-140.000 гаруй оюутан суралцаж, ойролцоогоор 30.000-35.000 оюутан жил бүрийн хавар хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэгдэж байна. Гэтэл оюутнуудын дөрвөн жил үзсэн сургалтын ихэнх онол, материалууд нь ажлын байрны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Нөгөө талаас soft-skill буюу оффисын ажилд шаардагдах үндсэн чадварууд, хүн хоорондын харилцаа, байгууллагын сэтгэл зүй гэх мэт суурь чадварууд дутмаг байна. Гадаадад бол эдгээр чадваруудыг төгсөхөөс нь өмнө ямар нэгэн байдлаар олгодог. Тухайлбал, ихэнх дээд сургуулиуд нь оюутнуудаа төгсөхөөс өмнө internship буюу дадлагын хөтөлбөрт хамрагдуулдаг. Манайд энэ чадвар хөгжөөгүй нь бас хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, социализмын үед бүх хүн хүчээр ажилтай байсан болохоор soft-skill-ийг төдийлөн хөгжүүлэх шаардлагагүй байж. Хоёрдугаар үе нь гэхээр ардчиллын эхэн 15 жил, 1990-2005 он хүртэл танил талаар ажилд орох, мөн ямар ч хамаагүй их сургуулийг онц сайн төгссөн гэсэн диплом харуулчихвал ажилд авна гэсэн сэтгэлгээ  давамгайлж ирсэн. Дээрээс нь маш олон хүн хувиараа хөдөлмөр эрхэлж байсан нь ч нөлөөлсөн. Сүүлийн 15 жилд харин том компаниудад байгууллагын соёл тогтоод, сурлагын өндөр дүнтэй хүнээс илүү ур чадвартай, зөв хандлагатай ажилтан эрхэмлэх хандлага бий болж байна. Та бүхэн анзаарвал хувийн хэвшлийн хамгийн амжилттай компаниуд өөрсдийн ажилтнуудаа хамгийн сайн сурган хөгжүүлж чадсан байдаг.

Манай байгууллагын хувьд ажил олгогч байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж, ялангуяа цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жил харилцагч байгууллагууддаа тулгараад буй эдгээр асуудлуудын талаар ярилцсаны үндсэн дээр одоо ажил эрхэлж байгаа иргэд, шинэ төгсөгчид мөн ажлын байраа солих буюу шинээр ажилд орох иргэдэд дутагдаад  байгаа ур чадварыг нь олгодог, дээшлүүлдэг сургалтын платформыг бий болгохоор шийдсэн.

Хамтрагч байгууллагуудаасаа яг ямар ур чадвар дутуу байгаад байгааг, нөгөө талаас ажил горилогч залууст маань ямар сургалтын хэрэгцээ байна вэ гэдгийг бид тодорхойлсны үндсэн дээр Zangia Academy сургалтын платформыг бүтээлээ. Эхний ээлжид 40 гаруй төрлийн ажлын байранд хэрэгтэй сургалтуудыг бэлтгээд байна. Энэ маань цаашид нэмэгдээд явах юм.

-Сургалтын платформууд манайд цөөнгүй бий. Уламжлалт сургалтын төвүүд ч байна, онлайн платформууд ч нэмэгдэж байна. Эдгээрээс танайх юугаараа ялгаатай, ямар давуу талтай байх вэ?

-Мэдээж бид Монголын хамгийн анхны онлайн сургалтын платформ биш. Сошиал сүлжээгээр болон цөөн ч гэсэн онлайн сургалтын платформууд хөгжөөд явж байна. Бид Zangia Academy-ийн сургалтын платформоороо хэд хэдэн гол асуудлуудыг шийдэж, улмаар хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулахыг хичээж байна.

Нэгд, одоо байгаа сургалтуудын ихэнх нь бүтэцлэгдээгүй байна. Бид өнөөдөр Монголын томоохон байгууллагуудад ямар ажлын байран дээр, ямар ур чадвар хүсч байгааг тодорхойлоод,тэр сургалтуудыг цогц байдлаар, системтэйгээр нийлүүлснээр илүү үр дүнтэй байх сургалтын платформ бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, манай платформ дээр тавигдаж буй хичээлүүд бол компаниудын зүгээс хамгийн их захиалж, эрэлхийлж байгаа чадварууд гэсэн үг.

Хоёрт, өнөөдөр ажиллаж байгаа болон ажил хайж байгаа хүмүүсийн хувьд танхимаар сургалт авахад зардал ихтэй, бусад сургалтын платформыг ашиглахад үнэтэй байна. Танхимын сургалт бол түгжрэл, ирж очих, дээрээс нь сургалтын төлбөр өндөр гээд хүндрэлтэй. Тэгвэл үүнийг Zangia Academy шийднэ. Бидний зорилго бол энэ өртгийг чадах хэмжээгээр буулгах, өртгийг буулгаснаар ажлын байран дээр байгаа илүү олон хүнд ч чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Гуравт, маш цөөн тооны том байгууллагууд л өөрсдийн санхүүгээрээ сургалтын нэгжүүд байгуулж, ажилтнуудаа хөгжүүлж, бусад олонх нь сургалтын үйл ажиллагааг төдийлөн хийж чадахгүй байна. Энэ чинь бас зардал өндөртэйгөөс гадна know-how дутагдана, дээрээс нь хүн-цаг их шаардагдана.

Өөрөөр хэлбэл компаниуд одоогийн байгаа болон шинээр орж ирж буй ажилтнуудаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр гацсан байна. Zangia Academy-ийн сургалтын цогц системд бүртгэгдсэнээр бүх ажилтнаа үнэ төлбөргүй хөгжүүлээд зогсохгүй хамгийн хэрэгцээтэй, эрэлттэй хичээлүүдийг өндөр чанартайгаар өөрсдөө захиалж авах бололцоо анх удаа бүрдэж байгаа юм.

Бидний зорилго бол сургалт зарж, ашиг орлого олох биш, сургалтаар дамжуулж хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэх юм. Бид IT технологиор дамжуулж энэхүү сургалтуудыг яаж өртөг багатай, үр дүн өндөртэй хүргэх вэ гэдэг дээр л зөвхөн төвлөрч ажиллана. Тийм ч учраас Zangia Academy нь өөрсдийн харилцагч болох 10.000 гаруй компанид байгаа 600.000 шахам ажилтанд ажлын байрны ур чадвар хөгжүүлэх хичээлүүдээ бүгдийг нь үнэ төлбөргүйгээр нийлүүлж эхэлсэн.

Яг одоо манай академид 1 хүний 600.000 төгрөгийн үнэ бүхий 40 төрлийн байгууллагын сургалтад чиглэсэн хичээл байна. Тэгвэл 10 ажилтантай нэг жижиг компани байлаа гэхэд зөвхөн Zangia.mn-ын гишүүн байснаараа 10 ажилтандаа 6 сая төгрөгийн сургалтыг үнэгүй авах боломжтой болж байна гэсэн үг.

Үүн дотор бүх ажилтныхаа сургалтын явцыг хянах талбар, шалгалт өгөх платформ, сертификат олгох процесс гээд бүгд үнэгүй багтсан. Тэгэхээр 100 хүнтэй байгууллагад 60 сая төгрөгийн сургалтын үйлчилгээ үнэгүй байх нь байна.

Дөрөвт, Zangia Academy-ийн маш том давуу тал бол сургалтад хамрагдаж буй иргэн бүрийн мэдлэгийг шалгаад, сертификатжуулаад зогсохгүй хүн бүр өөрсдийн сонголтоороо эдгээр амжилтуудаа Zangia.mn дээрх CV-дээ хавсаргах шинэ боломж бүрдүүлнэ. Ингэснээр нэг талдаа байгууллагууд ажилтныг дахин дахин шалгах шаардлагагүй, бас ажлын байр хайж байгаа хүмүүс олон газарт сургалтад суугаад, тэр бүрдээ шалгалт өгөөд байхгүй манайхаас сургалтаа аваад, шалгалтаа өгч, аль ч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болно. Бүх иргэн Zangia Academy-аар сурсан, үзсэн, шалгалт өгсөн хичээлүүдээ Zangia.mn дээрх CV-дээ харагдуулахаар сонгож болно. Жишээ нь, иргэн Бат Microsoft Excel-ийн хичээлийг бүтэн үзэж дуусгаснаа CV-дээ харагдуулахаар тохиргоо хийвэл, иргэн Батын CV-г харж буй бүх байгууллага энэ хүн Excel-ийн хичээлийг үзсэн, шалгалтыг нь өгсөн гэх мэдээллийг шууд харах боломжтой. Ингэснээр байгууллага болгон хүн болгоноос "Та Excel мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ? Мэдлэгээ яаж нотлох вэ?" гэсэн цаг, ажиллагаа ордог процессыг хялбаршуулж, өртгийг нь 0 болгож байгаа болно.

-Сургалтыг чанартай байлгана гэвэл багш нарын ур чадварын асуудал бас их чухал байх болов уу?

-Манай дээр сургалт явуулах бүх багш нарыг тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн багш нараас сонгоно. Олны танил байлаа гээд, эсвэл дурын хүн сургалт санал болгох боломжгүй юм. Нөгөө талаас ажлын байрны хэрэгцээт сургалтын хажуугаар хувь хүнийг хөгжүүлэх хэрэгцээтэй байгаа учраас  цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь туслах эрүүл мэнд, биеийн тамир, хүнс хоол гэх мэт сургалтуудыг байршуулсан.

-Таатай сонсогдож байна. Алсуураа салбарынхаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд бас хувь нэмрээ оруулах давхар зорилго байгаа болов уу гэж харж байна?

-Гол асуудлуудаа эргээд харвал чадварлаг ажилтан нийгэм даяараа ховордож байгаа нь гэнэт баахан залуучууд гадаад руу яваад байгаагаас, эсвэл нийгмийн халамжаас болж ажил хийхгүй байна гэж ярьж бичихээс илүүтэй системийн хэмжээний суурь асуудал гэдгийг тал талдаа хурдхан хүлээн зөвшөөрөх тусмаа, хурдан шийдэлд хүрэх болно. Ерөөсөө чадварлаг ажилтан олдохгүй байна гэдэг маань энгийнээр чадвартай хүн цөөхөн болсныг л хэлж байна. Нэгэнт чадварлаг хүний тоо цөөрсөн тул ажил олгогчид зарласан ажлын байрандаа шилдэг 5 хувийн ажилтнуудыг л хүсч, тэд нарыг татах тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх хандлага үүсэх гээд байна.

Нэг ажлын байранд ирэх 100 CV-гээс зөвхөн 5-ыг нь уриад, бусад нь шаардлагад нийцэхгүй гэж үзэх нь элбэг байдаг. Энэ нь яах ч аргагүй богино хугацааны шийдэл учраас үүнд компаниудыг буруутгах аргагүй. Харин урт хугацаандаа бид нар яах вэ? Үлдсэн 95 хувь маань өнөөдөр тэнцээгүй ч тэр бүлэгт маргаашийн бизнес, групп компанийн лидерүүд, олон улсын компанийн захирлууд явж л байгаа шүү дээ. Бид зөвхөн шилдэг 5 хувь дээрээ төвлөрч, эдгээр цөөн хүнээ өөр хоорондоо булаацалдсанаараа урт удаан хугацааны хөгжилд хүрч чадахгүй. Чадварлаг хүнийхээ тоог нэмэхийн тулд эргээд нөгөө 95 хувиа хөгжүүлдэг, боловсруулдаг тийм систем рүү орж байж бид хомсдолоос гарна. Энэ 95 хувийн ихэнх нь аль хэдийнэ ажлын байран дээр байгаа, ажиллах амьдрахын сацуу яаж чадвараа хөгжүүлэх вэ гэдэг том сорилтын өмнө зогсож буй залуучууд. Гэтэл суръя, хөгжье гэхээр л заавал өндөр үнэтэй, эсвэл чанаргүй сургалтууд байгаад байж болохгүй. Тиймээс бид Zangia Academy-аар дамжуулаад үнэгүй сурч, хөгжих боломжийг нээж байна.

Хоёрт, цалингийн хэмжээ ба амьдрах орчны уялдаа. Залуу гэр бүлүүдийн хувьд амьдрах орчноос их зүйл хамаарч байна. Амьдралаа авч явах орчин нь тааруу, агаарын бохирдол, түгжрэл, усны бохирдол, авлигал, үнийн хөөрөгдөлтөөс шалтгаалж гадагшаа гарч, стресс багатай орчинд амьдрах нь илүү амар гэх хандлага давамгайлсан. Мөн цалингийн хэмжээ бага байгаа нь эргээд давхар дарамт үүсгэж байна. Нэгэнт гадаадад ажиллах, амьдрах талаар төлөвлөсөн хүн Монголдоо ийм сургалтад сураад, ийм байгууллагад ажиллая гэсэн сэтгэхүйгүй болчихдог. Тэгэхээр энэ асуудлуудаа шийдэх арга замаа олж байж Монголдоо ажиллах хүчээ тогтоох, хөрөнгө оруулалтаа дотооддоо авч үлдэх асуудал ярина.

Сая гэхэд манай хөдөлмөрийн зах зээлд том дохио өгөх хэмжээний үйл явц боллоо шүү дээ. БНСУ-д гэрээт ажилтан бүртгэхэд 200 мянган хүн бүртгүүллээ гэж байна. Ажиллах хүчний бараг 20 хувь нь гадаадад гараад явчихвал яах билээ.

Ер нь эх орноосоо ингэж олноороо явахыг хүсэх шалтгаан нь дайн дажин, шашны мөргөлдөөн болох эсвэл улс орноороо өлсгөлөнд нэрвэгдэх гэх мэт онцгой шалтгаанууд байдаг. Гэтэл манайд аль аль нь ч болоогүй байхад ингэж байна гэдэг бид системийн шинэчлэлээ асар хурдтай хийх хэрэгцээ байгааг харуулаад байна. Энэ асуудал бол төрийн бодлогын хэмжээнд шийдэгдэх асуудлууд.

Харин нэг дэх асуудал дээр бидний зүгээс хийж чадах зүйл бол ард иргэдээ, олон зуун мянган ажилтнуудаа маш хурдтай, үр дүнтэй, хамгийн хямд аргаар чадваржуулж, боловсруулах явдал юм. Бид шинэ ажлын байр, шинэ ажилтан гэхээр зөвхөн сургууль төгсөж байгаа оюутан, анх удаа ажилд орж байгаа, хүнээр төсөөлдөг. Гэтэл хамгийн их шилжилт хөдөлгөөн нь компани дотроо, эсвэл компаниас компанийн хооронд явагдаж байдаг. Ахиж дэвшихийн тулд нөгөө хүнд маань ажлын байран дээрээ ур чадвараа дээшлүүлэх, илүү уян хатан цагтай, бага зардлаар сурах хэрэгцээ байна. Энэ хүмүүст хэрэгцээтэй сургалт нь юу юм, ямар ур чадварыг дээшлүүлчихвэл энэ хүнд боломж олдох юм бэ гэдгийг судлаад гаргасан хичээлүүд, нөхцөл байдалд нь тохирсон үнийн бодлогоороо л Zangia Academy тэдэнд туслах болно. Мэдээж бид нэг амьсгаагаар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ бидний ажлын алхам бүр салбартаа тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж байх ёстой.

-Ярилцлагынхаа төгсгөлд компанийнхаа цаашдын зорилго, ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг тань сонирхмоор байна?

-Бидний зорилго бол анхнаасаа “Монголын иргэн бүрийг ажилтай болгох” буюу бүх хүн ажилтай, ажилдаа сэтгэл хангалуун байх явдал байсан. Бид бол ажилтай хүн, тэр дундаа сэтгэл хангалуун ажилтай хүн бол эрүүл нийгмийн үндэс суурь гэж үздэг. Ажилтай хүн л ажил дээрээ ахиж дэвших, гэр бүлдээ хариуцлагатай байх, ажлын байраа хадгалахын тулд эрүүл мэнд, боловсролдоо анхаарал хандуулах зэрэг асуудалд илүү хариуцлагатай хандах болно. Ажилтай хүн архи уухгүй.

Ажилгүй хүмүүс азад найдах, буруу зуршилд автах, тэр хэрээр сугалаа, сүлжээ, санхүү залилангийн гэмт хэрэгт орооцолдох гэх мэт асуудлууд үүсэж байдаг. Өнөөдөр яригдаад байгаа санхүүгийн луйвруудын угшил нь мөн л үүнтэй уялдаатай.

Ажилтай хүнд бол тийм юм бодох зав байхгүй шүү дээ. Ажилтай хүн хуримтлалаа зөв хадгалаад, санхүүгийн системийг ойлгоод явдаг болохоос биш бүх цалингаараа мөрий тавихгүй. Тэгэхээр амьдрахад тохирсон ажлын байр нь нийгмийн олон суурь асуудлыг шийдэх учраас бид энэ асуудал дээр төвлөрдөг. Харин өнөөгийн үүссэн ажиллах хүчний хомсдолд бидний үүрэг дахин нэгээр нэмэгдэж, сургалтын нэгдсэн платформ гаргаж байгаа нь бидний зорилгодоо хүрэхэд хийж буй дараагийн том алхам болж байна. Ирээдүйд Монголын иргэн бүр ажилтай болоод зогсохгүй, манай ажиллах хүчин ур чадвараараа олон улсад өрсөлдөж, Монголын компаниуд тив дамжсан салбартай өргөжиж, тэдгээрийн ард чадварлаг монгол залуус ажиллах тийм орчныг бүрдүүлэхийн төлөө л хүний нөөцөө хөгжүүлэх асуудал дээр бид хүчин зүтгэж явах болно. Чадварлаг, сайн ажилтнууд л топ компаниудыг бий болгоно. Амжилттай том компаниуд л улс орныг хөгжүүлнэ шүү дээ.

-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж