Зун хичээллэх сургалтын төвүүд

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Зун хичээллэх сургалтын төвүүд

Зун хичээллэх сургалтын төвүүд

Сурагчдын зуны амралт эхэлж байгаа энэ өдрүүдэд амралтаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх хүсэлтэй хүүхдүүд олон бий. Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдээ амралтаар нь хувь хүн талаас нь хөгжүүлэхийг зорьж, төрөл бүрийн дугуйлан секцүүдэд хичээллүүлэх нь ихэсчээ. Ялангуяа Сovid-19-өөс болж хоёр жил хөл хорионы улмаас хаалгаа бариад байсан сургалт, дамжаа, зуслангууд энэ жил ихээхэн ачаалалтай байх төлөвтэй.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Монголын хүүхдийн ордны зуны сургалт зургадугаар сарын 6-наас эхлэн долдугаар сарын 6-ныг хүртэл нэг сарын хугацаанд хичээллэх юм байна. Зуны сургалтын хүрээнд уран бүтээл, хэл, урлаг гэсэн 20 төрлийн дугуйлан хичээллэх аж. Үүнд: морин хуур, хийл, төгөлдөр хуур, ёочин, лимбэ, ятга, дуулаач, хөөмий, драм, бүжиг, шатар, зураг, шинжлэх ухааны лаборатори, гар урлал, загварын дугуйлан, математик, англи, япон, хятад хэлний дугуйлангаас гадна хөгжмийн хосолсон дугуйлангууд хичээллэх ажээ. Монголын хүүхдийн ордон хүүхэд бүрт хүртээмжтэй байх үүднээс нийслэлийн долоон дүүргийн 19 байршилд долоон төрлийн 30 салбар дугуйлан хичээллүүлдэг байна. Салбар сургалтын төвүүдийн хувьд зун амарч, намар есөн сараас хичээллэж эхлэх юм.

Монголын хүүхдийн ордны сургалт долоо хонгийн гурван өдөр хичээллэх бөгөөд ганцаарчилсан болон групп оролтоос шалтгаалж нэг сарын 150-200 мянган төгрөгийн үнэтэй байна.

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Хүүхэд багачуудын чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлж, авьяасаа нээн илрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр сургалтаа хийж өндөрлүүлжээ. Зуны улиралд урлан бүтээх төв амардаг бөгөөд есөн сараас сургалтын элсэлтээ авч эхлэх аж.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд Монголын Оюун Ухааны Академийн сургалтын төвийг ихэд сонирхох болсон. Уг төв ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, рубикийн шоо, хүрд, хурдан уншлага, англи үг гэсэн долоон төрлөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатар хотын есөн дүүргийн 13 салбар, орон нутгийн 15 салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Өдгөө 2-12 дугаар ангийн сурагчдад зориулсан “MEMORY & MATH SKILLS” оюуны хөгжлийн зуны сургалтын бүртгэл эхэлсэн бөгөөд эхний ээлжийн сургалт 2022 оны зургадугаар сарын 8-наас 22-ныг хүртэл үргэлжилнэ.

II ээлж зургадугаар сарын 23-наас долдугаар сарын 6

III ээлж долдугаар сарын 18-наас долдугаар сарын 29

IV ээлж наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх юм.

“MEMORY & MATH SKILLS” зуны сургалтын төлбөр нэг ээлжийн 180 мянган төгрөг. Энэхүү сургалт нь зуны хугацаанд таван долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр хоёр цагаар хичээллэнэ.

Мөн дээрх сургалтаас гадна Монголын оюун ухааны академи нь шоо, хүрд, спорт өрөлт гэсэн гурван төрлөөр таваас 8 хоногийн зуны сургалт зохион байгуулах бөгөөд төлбөрийн хувьд 80.000-100.000 байна.

МОНГОЛ СОРОБАН

Монгол соробан төв Япон стандартаар соробан заадаг бөгөөд Улаанбаатар хотод 11, Эрдэнэт хотод нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Зуны эрчимжүүлсэн сургалт нь долоо хоногт таван өдрөөр хичээллэдэг бол нэг удаагийн хичээл 120 минут үргэлжилдэг байна. Төлбөрийн хувьд нэг сургалт хоёр сарын 360.000 төгрөг байна.

Соробан нь сууж сурах, төвлөрөх, тунгаан бодох, тогтоох, цээжээр бодох, баруун зүүн тархи тэнцвэртэй хөгжих гэх мэт хүүхдийн оюуны олон талт чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж