"235 мянган хүн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

"235 мянган хүн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой"

"235 мянган хүн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой"

"ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ" булангаараа энэ удаа Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын өргөн барьсан уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ оны тавдугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн. Мөн уг хуулийг энэ сард чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. 


УИХ-аас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөж буй хууль цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болжээ. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН: Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрч, эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, хорт хавдар, осол гэмтэл орж байна.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.

Уг хуулийн төсөлд донорын нас 25 байсныг 21 болгон өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.

Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэр гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэл бий болгож  байна. Донорын насыг өндөр тогтоосноор эх орондоо үнэ төлбөргүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжийг хааж, иргэдийнхээ амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж чадахгүйд хүрээд байна.

Монгол Улсын гавьяат эмч О.СЭРГЭЛЭН: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цусны донорын тухай асуудал цуг байсаар ирсэн. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийг Цусны донорын тухай хуулиас салгахаар ажиллаж байна. Энэ асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт бий. Эс, эд, эрхтэний донор болон цусны донор ялгаатай зүйл юм. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд гол зургаан асуудал бий. Үүний хамгийн чухал хоёр асуудлыг нэн түрүүнд шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Нэг нь, донорын насыг 25 байсныг 21 болгох. Донорын насыг 21 болгохгүй бол үхлийн ирмэгт байгаа аав, ээжийгээ аврахын тулд 22-24 насны хүмүүс эрхтэнээ өгье гэдэг ч бид хууль зөрчих аргагүй.

Дээрээс нь бүтэн жилийн хугацаанд долоохон амьгүй донор олдож байна. Амьгүй донор маш цөөхөн байдаг гэсэн үг. Харин амьгүй донор болох тохиолдол Монголд маш их бий. Тэгэхээр энэ асуудлуудыг маш яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгвөл амь нас гуйгаад хүлээж байгаа олон өвчтөний амийг аврах боломжтой болох юм.

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД БИЙ БОЛНО 

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд:

  1. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2. Эс, эд, эрхтэний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4. Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5. Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан, сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж