Сурвалжлага: Дэлхийн бүх хүн найрсаг гэдгийг харуулахыг хүссэн

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Дэлхийн бүх хүн найрсаг гэдгийг харуулахыг хүссэн

Сурвалжлага: Дэлхийн бүх хүн найрсаг гэдгийг харуулахыг хүссэн

Сатору, Акина хоёрыг монголчууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан эчнээ таних болсон. Монголчуудыг багагүй хэлэлцүүлж, талцуулсан энэ хоёр аялагчтай уулзахаар Өвөр гүнтийн зусланг зорин очлоо.

Учир юу гэвэл энэ сонирхолтой хоёр аялагчтай гар утас, интернэтээр холбогдох ямар ч боломжгүй. Тиймээс гадаадын 500 гаруй аялагчийг гэртээ хүлээн авч, үнэ төлбөргүй хонуулдаг Ж.Бэгзсүрэнгээр дамжуулан тэдэнтэй танилцах боломж олдсон юм. Бидэнд хэлмэрчилсэн Ж.Бэгзсүрэнгийн хувьд ярилцах бүртээ "Ваав" гэж уулга алдан, тэдэнд амжилт хүсч байв.


Биднийг очиход Сатору “Сайн байна уу”, “Амар мэнд үү” хэмээн монголоор мэндэлж угтав. Тэд өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд замын машинд дайгдан Завхан аймгийн Тосонцэнгэлээс Хөвсгөл нуурын зүүн эрэгт хүрч, буцаад Архангай, Улаанбаатараар дайрч, Хэнтий аймгийн Дадал сумаар аялж, Багануур ороод хотод ирсэн тухайгаа газрын зураг дээр тайлбарлав.

Учир нь Японд байхад найзууд нь эдгээр аймагт заавал очиж үзэхийг санал болгосон байна.

Тэд замын унаанд “Хамт дайгдаад явж болох уу” хэмээн асууна. Аялагч хос аяллын турш хэдэн километр явснаа тооцож үзээгүй ч өдөр бүр хэрхэн аялсанаа жижиг дэвтэрт тэмдэглэдэг аж.

Дэвтрийг нь сонирхвол жирийтэл бичсэн тэмдэглэлүүд ярайж, хавтаст нь эхийнхээ хэвлийд буй хүүхдийнхээ ургийн зургийг хадгалжээ. Сатору өнгөрсөн найман жилийнхээ аяллыг ийм таван дэвтэрт тэмдэглэж дүүргэжээ. Энэ жил эхэлсэн дэвтэр нь энэ аж.

"ДЭЛХИЙН 45 ОРНООР МОНГОЛЫН ТАВАН АЙМАГ, ХОТООР АЯЛЛАА"

-Монгол орноор аялах гэж хэр хугацаанд төлөвлөж, бэлтгэл базаасан бэ?

Сатору: Сайн байцгаана уу. Миний нэр Сатору. Миний эхнэр Акина. Эхнэр маань одоо зургаан сартай жирэмсэн. Би 26 настай. Харин эхнэр маань 32 настай. Монголчууд их найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Монгол бол дэлхийн номер нэг улс гэж хэлж чадна. Биднийг монголчууд их найрсаг, зочломтгой хүлээн авсан.
Акина: Мөн дээр нь Монголын эмэгтэйчүүд их хүчирхэг. Учир нь тэд хэн нэгнээс хараат бус, өөрсдөө шийдвэр гаргаж чаддаг. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүд айгаад замд зогсдоггүй. Гэтэл монгол эмэгтэй шууд зогсч, бидэнд тусалсан. Бид их талархсан. Дэлхийгээр аялж байхдаа Монголоор заавал аялна гэж бодож байсан. Гэхдээ их холуур аялж байсан юм байна. Сая цар тахлын дараа хил нээгдэхээр нь одоо л Монгол руу аялах ёстой гээд аяллаа эхэлсэн. Бид хоёр нэг их бэлтгэл базааж, Монголын талаар мэдээлэл хайж, судлаагүй. Харин цаг агаарын тухай харж байсан. Монголд хаврын улирал салхитай гэхээс дулаахан санагдаж байсан. Сая аяллын хугацаанд ч гэсэн цаг агаар тогтуун сайхан байлаа.

-Сатору 2014 оноос найм дахь жилдээ аялж байгаа гэсэн үү. Дэлхийн хэдэн орноор аялав?

Сатору: Би 18 настай байхдаа анх Японоос хоёр сарын Хятадын визтэй аяллаа эхэлсэн. Тэгээд Хятад улсын Шанхай хот болон Хонгконг, Тайланд, Камбож, Лаос, Бангладеш, Энэтхэг, Нипаль, Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Иран, Армени, Орос, Финланд, Норвеги, Канад, Алеска гэх мэт дэлхийн 45 орноор унадаг дугуй, завиар, явган замын унаанд дайгдан аялсан.

-Тэгж явахдаа эхнэртэйгээ танилцсан гэсэн үү?

Сатору: Тийм ээ. Аяллынхаа явцад гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, хоёр сар сайхан найзалж байгаад гэр бүл болсон. Японоос Иран хүртэл замын унаанд дайгдан очиж байсан. Өвөл Орос болон умард Европын орнуудаар дугуйгаар явж Канад руу нисч хүрсний дараа Аляска руу дугуйгаар очин, Юкон голоор сэлүүрдэн, Канадын Арктикийн эскимо хүмүүстэй хамт өнгөрүүлэх зэргээр таван сар Канадаар явж байхдаа тэнд Акинатайгаа гэрлэсэн юм. Бид хамтдаа Аргентинаар дугуйгаар аяллаа үргэлжлүүлсэн. Цар тахлын улмаас хоёр жил аялахгүй байж байгаад Монголд нэг сар аялахаар ирсэн.

Хөвсгөл, Хэнтийн байгаль япон найзуудынх нь хэлж байсан шиг байж чадав уу?

Акина: Тийм байсан. Хөвсгөл нуурын уснаас өдөр бүр ууж, нэгэн цул болсон. Маш их байгалийн эрчим энергитэй байсан. Байгаль эх өөрөө хүнийг хайрлаж, энэрч байгаа нь мэдрэгдсэн. Онон голын эрэг дээр майхнаа барьж, их тайван тогтуун мэдрэмж авч, байгалийн үзэсгэлэн маш сайхан санагдсан.

Японд үзэсгэлэнтэй сайхан байгальтай газар олон бий. Гэхдээ Монгол орон илүү алсыг харах боломжтой, өргөн уудам тал нутгаараа ялгаатай. Аливаа юмны ард нэг зүйл нуугдчихаар харж чадахгүй шүү дээ. Монголд бүх юм цэлгэр, уудам санагдаж байна.

“АЯЛЛААРАА ДЭЛХИЙН БҮХ ХҮН НАЙРСАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН”

Тэд дэлхийн бүх хүнтэй найзалж, нөхөрлөх зорилготой. Хосууд үхэн үхтэлээ хамтдаа аялж, үүнийгээ ертөнцийг таних амьдралын зорилгоо болгосон тухайгаа ярьж байв.

Тэднээс аяллын зорилгыг нь асуухад Сатору “Гол нь бид амьд байна. Тиймээс энэ дэлхийн хүмүүс их найрсаг гэдгийг харуулах боломж гэж үзсэн учраас аяллаа эхлүүлсэн. Олон орны соёл иргэншил байгаа ч дэлхийн бүх хүн найрсаг гэдгийг харуулахыг зорьж буй. Аялалдаа хэрэглэж буй майхнаа хүртэл Японы нэг компани дээр очиж “Би ийм аялал хийх гэж байна. Надад майхан бэлэглэж чадах уу “ гэхэд бодож байгаад шийдвэр гаргаж, надад бэлэглэсэн” гэв.

Аялагч хос Монголд ирэхийн тулд PCR шинжилгээ өгөх, онгоцны билетийн зардалд л мөнгө зарцуулжээ. Ус худалдаж авахад хүртэл мөнгө зараагүй, хүмүүс сайн сэтгэлээр өгдөг тухай ярьсан юм. Сатору “Мөнгө гэдэг зүйл өөрөө хана үүсгэдэг. Ийм хананд тулж очоод, өөрийнхөө амьдралыг зогсоомооргүй байна” хэмээн хариулсан юм.

Акина: Дэлхий энх тайван байх нэг үндэс нь улс орны хүмүүс бие биетэйгээ найрсаг, нөхөрсөг байх. Хэдийгээр өөр өөр үндэстэнүүд байгаа ч бие биенээ ойлгож, хүндэлдэг байх нь их чухал. Аяллын зорилго бол дэлхий амар амгалан гэдгийг харуулахыг хүсч буй юм. Дайнгүй байх нь сэтгэл амар амьдрах үндэс гэж бодож байна.

-Эхнэртэйгээ хамт энэ аз жаргалыг мэдрэх нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал мөн биз?

Сатору: Би 18-21 нас хүртлээ ганцаараа аялсан. Гэр бүлээрээ аялаад таван жил болж байна. Цаашдаа ч бид үхэн үхтэлээ хамт аялна гэж боддог. Хүн ганцаараа аялахад галзуу ч юм уу этгээд байж магадгүй. Хамтдаа аялж, аз жаргалаа хуваалцах нь их чухал юм.

Эхнэр маань жирэмсэн учраас унадаг дугуй унаад, хурдан аялж чадахгүй. Тиймээс тайван, явганаар аялж байгаа юм.

“ХӨЛ НҮЦГЭН ЯВАХЫН АЧ ТУСЫН ТАЛААР НОМ БИЧИХЭЭР ШИЙДСЭН”

Аялагч хосууд Монголд ирээд олон нийтийн сүлжээгээр “од” болсон тухайгаа замд таарсан ганц нэг хүнээс сонссоноо хэлсэн юм. Тэдний аяллын бэлтгэлийг сонирхвол цүнх, майхан, аяны хөнжил, тэмдэглэлийн дэвтэр, жижиг тогоо, сойз, газрын зураг.

-Хөл нүцгэн аялж байна гэхээр монголчууд гайхаад байна л даа?

Сатору: Бразилын ширэнгэн ойд аялж байхдаа хүмүүс гуталгүй хөл нүцгэн амьдардагийг олж мэдсэн. Тэндэхийн хүмүүс хаана өргөс байгааг мэддэг. Мөн ан хийдэг. Тэнд байхдаа ингэж хөл нүцгэн явах боломжтой юм байна, байгалийн энергийг шууд хөлөөрөө авдаг юм байна гэдгийг ойлгосон.

Гурван жилийн өмнөөс хоёулаа Япондоо хөл нүцгэн амьдарч эхэлсэн. Сая Монголын Хөвсгөл, Хэнтийн үзэсгэлэнт байгальд очихоороо хөл нүцгэн алхсан. Хучилттай зам дээр табчик буюу хөнгөн гутал өмсдөг. Японы уламжлалт, сүрлээр гутал хийж өмсдөг. Япончуудад хөл нүцгэн явдаг уламжлал байхгүй ч аль болох байгальд ээлтэй гутал хийж өмсдөг байсан.

Миний хувьд цаашдаа хөл нүцгэн явахын ач тусын талаар ном бичихээр шийдсэн. Энэ шийдлээ өөрсдөө амьдрал дээр туршихын тулд сайн талыг олж илрүүлсээр байна. Нэгдүгээрт, байгаль дээр яг хаана гишгэж байгаагаа мэддэг болно. Гуталтай хүмүүс хамаагүй явдаг бол хөл нүцгэн алхах нь байгальд илүү энэрэнгүй хандаж буй гэсэн үг. Байгалиас шууд энергиэ авдаг, хүний хөл хөлөрч, чийг татахгүй хуурай байна гэх мэтчилэн сайн талтай.

-Акинагаас нэг асуулт асуучих уу. Сатору гэх энэ залууд хэрхэн татагдаж, энэ аяллыг хамт эхлүүлсэн юм бэ?

Акина: Би өөрөө аялах дуртай. Өмнө нь ганцаараа Австрали, Канад, Герман гээд олон орноор богино хугацааны аялал хийдэг байсан. Бид Канадын жижиг арал дээр танилцсан. Тэр арал дээр олон хүн байдаггүй. Гэтэл нэг залуу гараараа даллахад нь нутгийн уугуул иргэн гэж бодсон. Тэгээд Саторутай уулзаж ярилцаад, хэдхэн цаг болсны дараа хоёулаа Токио хотоос ирсэн, дундын танил найзуудтай, аялах дуртай гээд ижил сонирхол ихтэйгээ мэдсэн.

Нэгэн үдэш намайг түүдэг ил галд загас шарж идэхдээ урьж, тэр мөчөөс хүн аз жаргалыг ийм энгийн зүйлээс мэдэрч болдог юм байна гэдгийг ойлгож, аяллаа эхлүүлсэн.

-Монголд дахин ирж аялах уу?

Акина: Монголд дахин ирнэ. Бид дэлхийгээр аялах аяллаараа заавал дайрах болно. Бид цаашдаа дэлхийн хүмүүсийг ирүүлдэг айл болно. Бид Арктикт ойрхон Канадын нутагт амьдарна. Тэндээ жижиг модон байшин барьж, гэртээ хүүхдээ төрүүлнэ. Орчин үеийн эмнэлгийн тусламж авахгүйгээр өөрсдөө уншиж судалж, хүүхдээ төрүүлэх төлөвлөгөөтэй байна. Тэрнээс өмнө энэ бүх аяллаа хийж дуусгана.

Сатору: Бид 17 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна. Зарим хүүхдүүдээ бид үрчилж авна. Тэгээд том гэр бүл үүсгэх хүсэлтэй. Өнөр өтгөн гэр бүлээрээ дэлхийгээр аялахыг үгүйсгэхгүй.

Аяллын туршид тааламжгүй харилцаатай хүмүүстэй таарч байв уу гэхэд Сатору “Хэзээ ч үгүй” гэж эргэлзэлгүй шууд хариулав. Тэрбээр “Өдөр бүр гайхамшгийг мэдэрдэг” хэмээн инээмсэглэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Эвлүүлгийг Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж