Орос улс Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш 100 хоног өнгөрчээ. Бучагийн гудамжин дахь энгийн иргэдийн цогцос, Мариуполь дахь дэлбэрсэн театр, пуужингийн цохилтод өртсөн Краматорскийн галт тэрэгний буудал, эдгээр дүр зураг бол Европт сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн аймшигт мөргөлдөөний ердөө нэгээхэн хэсэг юм. Дайнаас үүдэлтэй үхэл, сүйрэл, нүүлгэн шилжүүлэлт, эдийн засгийн хямралыг энэхүү нийтлэлд тоо, статистикээр нэгтгэн хүргэж байна.
АМЬ ҮРЭГДЭГСЭД
Хэчнээн байлдагч, эсвэл энгийн иргэн амиа алдсаныг үнэн бодитоор нь хэн ч мэдэхгүй бөгөөд хоёр орны засгийн газрын албан тушаалтнуудын мэдэгдлийг баталгаажуулах боломж үгүй. Тэд олон нийтэд мэдээлэхдээ тодорхой шалтгааны улмаас нэг бол тоог хэтрүүлж, нэг бол бууруулдаг.
НҮБ-ын агентлагууд, төрийн албан хаагчид гэх зэрэг нас барагсдыг тоолох хүндхэн ажил гүйцэтгэдэг хүмүүс харамсалтай нь хэрэг болсон гол газруудад тэр болгон нэвтрэх боломжгүй байна. Орос улсын хувьд өөрсдийн зэвсэгт хүчин болон холбоотнуудынхаа хохирлын талаар маш бага мэдээлэл гаргаж, хяналтдаа байгаа бүс нутагт энгийн иргэд амь үрэгдсэн талаар огт мэдээлээгүй байна.
Дайны хамгийн том талбар болсон Мариуполь хот гэх мэт газруудад Оросын цэргүүд болсон явдлыг нуун дарагдуулж, цогцсыг олноор булшлахыг оролдсон гэж буруутгагдаад буй. Энэ мэт үйлдэл хохирогчдын тоог улам бүрхэг болгосон.
Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн Пүрэв гаригт Люксембургийн парламентад мэдээлэл өгөхдөө, хэдэн арван мянгаар тоологдох энгийн иргэн амиа алдсан гэжээ. Тэрбээр "Өдөр тутам 60-100 цэрэг тогтмол амь үрэгдэж, 500 орчим цэрэг шархдаж байна" гэв.
Зөвхөн Мариуполь хотод л гэхэд 21 мянга гаруй энгийн иргэн нас барсан. Оросын довтолгооны гол төв болсон Луганскийн зүүн бүсийн Сиеверодонецк хотод ойролцоогоор 1500 хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Донецк мужид 1300 цэрэг, 477 энгийн иргэн амиа алдаж, 7500 нь шархаджээ.
Эдгээр тооцооллыг гаргахдаа хоёрдогч нөлөөлөлд автсан хүмүүсийг ч багтаасан аж. Хоёрдогч нөлөөлөл гэдэгт хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсаны улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн, өвчин туссан зэрэг хүмүүсийг тооцсон байна.
Оросын тал амиа үрэгдэгсдийнхээ тоог хамаагүй дарж мэдээлсэн гэж ажиглагчид үзэв. Тодруулбал, гуравдугаар сарын 25-нд Оросын генерал мэдэгдэхдээ, 1351 цэрэг амь үрэгдэж, 3825 хүн шархадсан гэжээ. Гэтэл Зеленский хэлэхдээ, Оросын 30 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн гэж хэлсэн байна. Энэ нь Афганистаны 10 жил үргэлжилсэн дайнд алдсан ЗХУ-ын цэргүүдийн тооноос хавьгүй илүү ажээ.
Мөн Их Британийн засгийн газар дөрөвдүгээр сарын сүүлээр Оросын хохирлыг тооцоолохдоо 15 мянган цэрэг нас барсан гэжээ. Цэрэг, энгийн иргэдээс гадна эмнэлгийн ажилтнууд руу халдлага үйлдсэн тохиолдол 296 бүртгэгдсэнийг ДЭМБ мэдээлэв.
БАЛГАС БОЛСОН ХОТ СУУРИН
Агаарын тасралтгүй довтолгоо, бөмбөгдөлтийн улмаас олон хот, суурин газар балгас болов. Украины парламентын Хүний эрхийн комиссоос мэдээлснээр, 38 мянган орон сууцны барилга үгүй болж, 220 мянга орчим хүн орон гэргүй болжээ. Нийт 1900 орчим цэцэрлэг, сургууль эвдэрч сүйдсэнээс 180 нь дахин хэзээ ч сэргээн босгох боломжгүй болсон байна. Дэд бүтцийн алдагдлын хувьд 300 галт тэрэг, 50 гүүр, 500 үйлдвэр, 500 эмнэлэг сүйрчээ.
ДҮРВЭГСЭД
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас тооцоолсноор, энэ 100 хоногийн хугацаанд 6.8 сая орчим хүн Украинаас дүрвэжээ. Гэхдээ Киевийн ойролцоох бүс нутаг болон бусад газарт байлдааны ажиллагаа намжсанаар 2.2 сая орчим хүн гэртээ эргэж ирсэн байна. Олон улсын цагаачлалын байгууллагаас тооцоолсноор, тавдугаар сарын 23-ны байдлаар 7.1 сая хүн дүрвэжээ.
ЭЗЛЭГДСЭН ГАЗАР НУТАГ
Дайнаас өмнө Орос улс Украины нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг хяналтдаа байлгадаг байв. Үүнд, 2014 онд нэгтгэсэн Крым болон Донецк, Луганскийн бүс нутаг багтана. Зеленский сүүлийн мэдэгдэлдээ "Оросын тал тус улсын 20 хувийг хяналтдаа оруулсан" гэжээ. Фронтын шугамууд байнга шилжиж байгаа ч ерөнхийдөө ОХУ-ын хяналтад байгаа нутаг дэвсгэр 58 мянган км/кв болсон аж. Энэ нь Хорват улсын нутгаас яльгүй том хэмжээ бол АНУ-ын Виржиниа мужаас үл ялиг бага хэмжээ гэж ойлгож болох нь.
ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ
ОХУ одоогоор 5000 гаруй хориг арга хэмжээтэй нүүр тулаад буйг Европын яриа хэлэлцээний академийн захирал Евгений Гонтмахер хэлэв. Барууны орнуудад байгаа Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийн хэмжээ өдгөө 300 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн тус улсын агаарын тээвэрлэлт 8.1 саяас 5.2 сая хүрч буурсан байна. Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермакийн мэдэгдсэнээр, тус улсын шууд алдагдал 600 тэрбум ам.доллар давжээ. Нийт 22 сая тонн үр тариа экспортлох боломжгүй гацаад байгаа аж.
Дэлхий дахинд дайнаас өмнө хэдийнэ өссөн байсан инфляци улам нэмэгдэв. Хөгжиж буй орнууд хүнс, түлш зэрэг өндөр өртгөөс болж хүнд дарамтад ороод буй юм. Лондон, Нью-Йорк хотуудад л гэхэд түүхий нефтийн үнэ 20-25 хувиар өсчээ. Ингэснээр газрын тосонд суурилсан олон төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Түүнчлэн Орос, Украины дайны хамгийн гэмгүй хохирогч нь Африк болов. Дайнаас өмнө улаанбуудайнхаа 44 хувийг Орос, Украинаас импортолдог байсан Африкийн орнууд өдгөө өлсгөлөнгийн аюулд нэрвэгдээд байна. Африкийн хөгжлийн банкнаас "Үр тарианы үнэ 45 хувиар өссөн" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ