“Бөхчүүд уучлалт гуйсан болохоор эрхийг нь 11 сараар хассан”

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

“Бөхчүүд уучлалт гуйсан болохоор эрхийг нь 11 сараар хассан”

“Бөхчүүд уучлалт гуйсан болохоор эрхийг нь 11 сараар хассан”

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг наадмын өмнө УИХ батлах гэж байна. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ямар шатандаа, хэзээ батлагдах төлөвтэй байна вэ. Наадмын өмнө батална гэсэн хүлээлттэй байна? 

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хууль яг хэзээ батлагдах эсэх дээр хариулт өгөх боломжгүй байна. УИХ-ын бүрэн эрхийн асуудал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиараа асуудлууд өрнөх ёстой. Аль болох шуурхай батлуулах талаас нь бид ажиллаж байна.

-Шинэчилсэн найруулга дээр Допингийн эсрэг үндэсний дүрмийг батална гэж заасан байсан. Энэ дүрэм хэзээ батлагдах бол. Батлагдах хүртэл хэрхэн зохицуулах вэ?

Үүнийг биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж байгаа юм. Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн үг. Одоогийн байдлаар WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гэрээ конвенцид нийцүүлэхээр холбогдох журам, дүрмийн төслөө хүргүүлчихсэн юм байна лээ. Тэр дүрэм журмыг нь хянаад, болж байна гэвэл бид батлах процесс эхэлнэ. Энэ үйл явц өрнөж буй учир хэзээ батлагдахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бөхчүүдээс допинг илэрвэл хариуцлага оногдуулах ёстой. Дүрэм батлагдах хүртэл тодорхой зохицуулалт оруулсан. Допинг хэрэглэсэн нь батлагдвал цол, чимгийг нь хураахаас гадна хоёр, дөрвөн жил, бүх насаар нь барилдах эрхийг нь хасна.

Та бүхэн Допингийн эсрэг үндэсний дүрмийн төсөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу

-Шинжилгээний хариутай холбоотой асуудлууд их гардаг. Шинэ төсөл дээр Ерөнхийлөгч шинжилгээний хариу ирснээс гурав хоногийн дотор зарлиг гаргаж, цол чимгийг нь бөхчүүдэд олгоно гээд заачихсан байна. Энэ хариу богино хугацаанд ирэх үү, хариу нь ирэхгүй удахаар маргаан, эргэлзээ дагуулаад байна?

Энэ асуудлыг манай Допингийн эсрэг үндэсний төв мэдэж байгаа. Засгийн газар тус төвтэй гэрээтэй ажилладаг. Тодорхой спортын арга хэмжээнүүдийн допингийн сорьцыг энэ байгууллагаар дамжуулан илгээдэг. Баяр наадам дууссаны дараа 20 орчим хоног буюу наймдугаар сарын эхээр допингийн шинжилгээний хариу ирдэг. Ирснээс хойш бид дүрэм журмынхаа дагуу бөхчүүдэд мэдэгддэг. Баяр наадмын өдрүүдэд Ерөнхийлөгч зарлиг гарган, цол олгодог байдлыг больё гэдэг байдлаар Засгийн газар хуулийн төслөө танилцуулсан. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр олон төрлийн санал гарч байна. Яаж өөрчлөгдөхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Ер нь допинг спортын арга хэмжээн дээр байж болохгүй.

Шударгаар өрсөлдөх ёстой гэдгийг л Засгийн газар барьж, энэ хуулийн төслийг өргөн барьсан.

"ДОПИНГ ХЭРЭГЛҮҮЛСЭН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ"

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон харваач, бөхчүүдийн багш дасгалжуулагчидтай хариуцлага тооцно гэх заалт хуулийн төсөлд байсан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Тийм. Тодорхой хэмжээнд допингийг хүчээр хэрэглүүлсэн, хэрэглэхийг зөвлөсөн, санаатайгаар хэрэглүүлсэн багш, дэвжээтэй нь хариуцлага ярина. Цаашдаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр допингийг санаатайгаар хэрэглүүлсэн, хүний амжилтыг хорлосон, идэж уух юманд нь допинг хийсэн, зөвлөсөн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөл боловсруулсан.

-Хуулийн төсөлд баяр наадамд барилдах бөхчүүдийн насыг заасан байсан. Сумын наадамд 16 нас хүрсэн, аймаг, улсын наадамд 18 нас хүрсэн гээд. Яагаад нас заасан юм бэ?

Нас болон барилдах бөхчүүдийн тоог тодорхой хэмжээнд зааж өгсөн. Баяр наадмын өдрүүдэд 16 насанд хүрсэн иргэнийг бөхийн барилдаанд барилдуулъя гэж яригдаж байна. Ингэж зааж байгаагийн учир нь баяр наадмын өдрүүдэд сум, орон нутагт бөхийн тоо хүрдэггүй, хүүхдүүд барилддаг. Үүнээс болж гэмтэж, бэртсэн тохиолдлууд их гардаг юм байна лээ. Мөн үндэсний бөхийн нэг онцлог нь нас, биеийн жин, өндөр хамаарахгүй барилддаг учир үнэхээр төрмөл, ээж аав нь зөвшөөрсөн, барилдах бэлтгэл сургуулилалтаа багаасаа хийсэн залуучууд 18 нас хүртлээ барилдах эрхээ хязгаарлуулах нь зохимжтой юу гэх асуудал ажлын хэсэг дээр яригдаж байна.

"ТОМ ЦОЛТОЙ БӨХЧҮҮД, УЯАЧИД НААДМЫГ БУДЛИАНТУУЛДАГ БАЙДЛЫГ Л ХАЛЪЯ"

-Мөн улс, аймаг, сумын наадмууд нэгэн зэрэг зохион байгуулагдана гэх заалт байсан. Энэ заалт нэг талдаа бөхчүүдийн дунд яригддаг найраа хийх, цол ахих боломж бүрдэхгүй гэх мэт олон маргааныг дагуулаад байна?

Нэгэн зэрэг гэдэг нь нэг өдөр биш. Баяр наадмын өдрүүдэд буюу таван өдөр байна. Бүх нийтээрээ тэмдэглэж, амрах хуультай. Эдгээр өдрүүдэд л нэгэн зэрэг наадмаа хийе гэж байгаа юм. Тэгэхгүй бол зарим аймаг, сумдын наадам улсын баяр наадмаас өмнө, зарим нь наадмын дараа ч болдог. Үүнээс болж өндөр цолтой бөхчүүд баяр наадмыг будлиантуулдаг байдал гардаг. Энэ нь бөхийн найрааг нөгөө талдаа орон нутгийн иргэдийн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх уур амьсгал, эв нэгдлийг хөндөж байна.

Нэг зүйлийг онцлоход, ямар ч аймгийн наадамд бусад аймгийн бөхчүүд барилдах эрхтэй. Бие биенээ ялгаварлан гадуурхах явдал спорт, өв соёлын уламжлал, эв нэгдлийн баяр цэнгээн дээр байх ёсгүй.

Харин том цолтой бөхчүүд, уяачид наадмыг будлиантуулдаг байдлыг л халъя гэсэн зорилготой заалт юм. Хоёрдугаарт, тухайн жилийн зуншлага, ган зуд, хүн малын халдварт өвчнөөс шалтгаалан өөр өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар болон аймаг, нийслэлийн засаг дарга тухай бүрт нь шийдвэрлэх эрх нь үлдэж байна. Аль болох уян хатан байх нөхцлийг хангана. Мөн зэргэлдээ сумд хамтран наадмаа хийх боломжийг бүрдүүлж байна. Наадам өөрөө агууламж өндөртэй, өрсөлдөөнтэй байвал иргэд баясан цэнгэдэг. Тэгэхгүй бол бөхийн тоо нь хүрдэггүй, эсвэл цөөн хэдэн морь уралддаг байвал иргэд сумын наадмаас илүү аймгийн наадам руугаа явах тохиолдол байна.

-Сүүлийн өдрүүдэд бөхчүүдэд цол нөхөн олгох яриа их гарч байна. Яг ямар бөхчүүдэд цол нөхөн олгохоор яригдаж байна вэ?

Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл дээр ийм зүйл байхгүй. Асуулт, хариултын явцад урьд нь амжилтаа зохих ёсоор үнэлүүлээгүй, авах ёстой цолоо аваагүй хичнээн бөх байдаг вэ гэх хэлэлцүүлгийн үеэрх гишүүдийн асуулт байгаа юм. Одоогоор хуулийн төсөл дээр юу ч байхгүй. 1924 оноос 1970-аад оны хооронд зарим бөхчүүд тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалан өмнө эрхэлж байсан ажлаасаа болж амжилтаа зөв үнэлүүлж, цолоо авч чадаагүй тохиолдлууд байна. Жишээлбэл, лам байсан хүн наадамд түрүүлэхэд заан цол хүртэж байв. Заан цолтойгоо дахин түрүүлэхэд арслан цол олгож байлаа. Дахиад түрүүлэхэд нь хүртэл аварга цолыг нь өгөөгүй байж. Нийт 40-50 хүний асуудал яригдаж байна. Гэхдээ эдгээр хүмүүс маань гол төлөв мөнх бусыг үзүүлсэн. Амьд сэрүүн байгаа нь их цөөхөн.

Зарим талаараа хүмүүс өнгөрсөн жилийн бөхийн холбооны барилдааныг наадамд тооцон, цол олгох асуудлыг ярьж байна лээ. Гэхдээ хуулийн төсөлд ийм төрлийн зохицуулалт байхгүй.

УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр ямар асуудлууд хөндөгдөхийг урьдаас би хэлж чадахгүй байна. Энэ бол хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн яриа.

-Ямар шалтгаанаар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Ө.Бат-Орших нарын эрхийг 11 сараар хассан юм бэ. Зарим бөхчүүдийн эрхийг хоёр жилээр хассан?

Баяр наадмын зохион байгуулах хороо түүний доорх бөхийн салбар хорооны хамтын шийдвэр. Хоёрдугаарт, тухайн үеийн бөхчүүд бүгд олон нийтээс уучлалт гуйсан. Бүгд ямар нэгэн байдлаар шүүхээр явахгүй, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нь харгалзан үзсэн. Өмнөх баяр наадмуудаар янз бүрийн л шийтгэл оногдуулж байсан. Оногдуулаагүй ч өнгөрсөн үе бий.

Бид хуулийнхаа хүрээнд 11 сараар эрхийг нь хассан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд хоёр жил хүртэлх хугацаанд эрхийг нь хасна гэж бий. “Хүртэлх” гэдэг үгээ харвал хоёр жил нь ч орохгүй гэсэн үг.

Нэг жил, 11 сар, 30 хоногоор хасах бололцоо байдаг. Үүндээ нийцүүлэн мөн олон нийтийн өмнө уучлалт гуйсан, эргээд шүүхийн маргаан дэгдээгээгүй зэргийг нь харгалзан үзсэн. Шүүхийн маргаан дэгдвэл маргаан дуустал нь тэдгээр бөхчүүдэд унасан бөхчүүд цолоо нөхөн авч чаддаггүй “Цолоо авмаар байна” гэж өргөдлөө байнга өгдөг. Шүүхийн маргаан удаан үргэлжилж, нэг нь 2-3 жилийн дараа цолоо нөхөн авдаг, ид амжилт үзүүлэх үе нь өнгөрдөг. Бөхийн ам авах дээр хүртэл энэ нөлөөлдөг.

"ТӨР ОРОЛЦСОН НЬ ХОЛБООДЫН ТУХАЙН ҮЕИЙН ХЯМРАЛ, АСУУДЛААС БОЛСОН"

-Баяр наадмын комисст мэргэжлийн спорт холбоодоос хичнээн хүн багтдаг вэ. Мэргэжлийн бус хүмүүс байхаар шударга бус шийдвэрүүд гардаг гэж ярьдаг. Мөн спорт холбоод нь төрийн оролцоогүй наадмаа зохион байгуулах нь зүйтэй ч гэж иргэд ярьдаг.

Мэргэжлийн гэдэг нь их харьцангуй ойлголт. Бөхийн холбоог Ц.Магалжав тэргүүн тэргүүлэхээс өмнө ямар байдалтай байлаа. Хоёр хуваагдаад, тэргүүнээ сонгож чадахгүй, барилдаанаа хийж чадахгүй, баяр наадмын зохион байгуулалтад оролцож чадахгүй л байсан шүү дээ. Хувь хүний асуудлаас болж төрийн наадам тасрах ёсгүй. Тиймээс зохион байгуулалтын асуудлыг төрийн байгууллагуудын оролцоотой шийдэж ирсэн. Өнөөдөр л гэхэд хурдан морины уралдаан ийм асуудалтай байна. Хэд хэдэн холбоо гарч ирсэн.

Баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр үнэхээр мэргэжлийн холбоод нь дотооддоо дүрэм журмаа сайжруулаад явбал баяр наадам зохион байгуулах эрхийг нь мэргэжлийн холбоонд шилжүүлнэ гэж бий.

Энэ дээр Засгийн газар, төрийн байгууллага ч оролцох шаардлагагүй. Зөвхөн шагнал урамшуулал, цол чимэг өгөх ажил дээр л оролцъё, бусад зохион байгуулалтаа мэргэжлийн холбоод нь өөрсдөө хариуцахыг нээлттэй болгож өгч байгаа юм. Төр оролцсон нь холбоодын өөрсдийнх нь л тухайн үеийн хямрал, асуудлаас болсон.

-Э.Оюунболдыг ирэх наадмаар барилдуулах уу. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү?

Баяр наадам зохион байгуулах асуудал дээр нэг ойлгомжгүй зүйл байгаа нь төрийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг баримтлах уу, үгүй юу. Үнэхээр допинг хэрэглэсэн нь олон улсын лабораторийн шинжилгээгээр батлагдсан бол энэ болчимгүй үйл явдал.

Гэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагаа дээр төрийн бус байгууллагын шийдвэрийг дагаж, тэр бөхийг барилдуулна, барилдуулахгүй гэж хэлэх эргэлзээтэй. Нөгөө талдаа би бөхийн холбооны шийдвэрийг үзээгүй.

Тиймээс дүгнэлт хийх боломжгүй байна. Ямар үндэслэлээр, яагаад хассан юм бэ. Хоёрдугаарт, бөхийн холбооны шийдвэр дээр арбитр дээр маргаж болно гэж заасан байсан уу. Арбитр ямар процедурын дагуу шийдвэр гаргасан юм бэ.  Энэ бүх мэдээлэл бидэнд алга. Тиймээс аль нэг төрийн бус байгууллагын шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх боломжгүй. Цаашдаа Баяр наадмын тухайн хуулиа тодорхой болгоод, нэг мөр шийдэх хэрэгтэй.

-Тува бөхчүүд ирэх улсын баяр наадамд ирж зодоглоно гэх мэдээ гарсан. Тэдгээр бөхчүүдийг эрэмбэд хэрхэн оруулах вэ?

Үндэсний өв соёлоос гадна монгол туургатнууд наадмыг өөр өөрсдийн онцлогт тааруулан уламжлан хийж ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга дээр ч аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй шийднэ. Тэгэхээр гаднын бөхчүүдэд ч гэсэн нээлттэй. Нөгөөтэйгүүр ээж, аав нь Монгол Улсын иргэн боловч гадаадад төрж өссөн хүүхдүүд буцаж эх орондоо ирээд, ахуй, соёлтойгоо танилцах, үндэсний спортоороо хичээллэх хүсэл дээр нь бид хязгаарлалт тавих боломжгүй. Магадгүй үүнийгээ бодсон ч тэр монгол туургатнууд манай улсын баяр наадамд оролцъё гэхэд бид ялгаварлан гадуурхаж болохгүй. Тодорхой хэмжээнд оролцох эрх нь нээлттэй.

Бөхийн ам авах, эрэмбийн асуудал дээр залуу бөх л гэж дуудуулах байх. Тува, Өвөрмонголдоо авсан цол нь тэр улсдаа л үйлчилнэ. Монгол Улсын баяр наадам өөрөө хуультай, бөхийн барилдаан нь тодорхой дүрэм журамтай. Залуу бөх гэсэн статустай л оролцоно гэж би харж байна.

"БОЛОМЖИТ ХУВИЛБАР НЬ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙ ХЭМЖИЖ УРАЛДУУЛАХ"

-Хурдан морины уралдаан мөн асуудал дагуулдаг. Хуулийн төсөл дээр морьдыг хэрхэн ялгаж уралдуулахаар зохицуулсан бэ?

Өнгөрсөн маргааны гол асуудал нь хурдан морины гурван стандарт бий. Зарим нь сэрвээний өндрийг нь харилцан адилгүй тогтоодог, зарим нь үүлдэрлэг байдлаар нь тогтоодог. Өнөөдөр адууны сайжруулалт, цус сэлбэлтийн асуудал газар сайгүй явагдсан. Үүлдэрлэг байдлыг хүний нүдэн баримжаагаар тогтоож байна. Ингэхээр эцэс төгсгөлгүй маргааны үндсэн шалтгаан болж байна. Тийм учраас хамгийн боломжит хувилбар нь сэрвээний өндрөөр хүний оролцоогүй хэмжиж уралдуулах. Лазерь метрээр хэмжээд уралдуулъя гэж байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд цаашдаа монгол адууны ген, генетикийн дарааллыг тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллага нь хийнэ. Тэр болтол сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна гэдэг байр суурьтай байна.

-Хурдан морийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ гэсэн. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

Энэ 2025 оноос эхлэн үйлчлэх заалт. Малын генетик, нөөцийн тухай хууль бий. Адуу гэлтгүй Монголд байгаа таван хошуу 80 сая малыг давтагдашгүй дугаараар бүртгэх асуудал угаасаа хуульчлагдсан. Энэ хүрээнд малчид маань хавар төллөсөн төлөө бүртгэлжүүлэх ёстой. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Ер нь хамгийн түрүүнд адуугаа бүртгэлжүүлэх асуудлаа шийдчихвэл уг адууны уг гарал хэд дэх үе дээрээ явж байгаа эрлийз адуу вэ, аль нутгийн адуу вэ гэдэг нь ил болно. Малын хулгай, эрлийз хурлийз, татвартай холбоотой асуудал дээрх маргааныг нь ч таслан зогсооно. Ирээдүйд үйлчлэх заалт бий.

-Хуулийн төсөлд өөр ямар анхаарах ёстой заалт байна вэ?

Хурдан морин дээр хүүхдийн асуудлыг Засгийн газар чухалчилж байна. Зөвхөн баяр наадмын даатгал биш, бүтэн жилийн даатгал, ээж аавын зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалаас гадна унаж бэртсэн тохиолдолд гарах үр дагаврыг нь уяач бүрэн хариуцах, хүүхдийн хэрэглэгдэхүүн, хамгаалалтын хэрэгслийг хангах гэх мэт зүйлүүд бий. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ямар морь зурхай руу гарсан бэ гэдгийг ил тод байлгах нь зөв. Хоёрдугаарт, допинг дээр хатуу хариуцлага тооцно. Үндэсний бөхийн дөрвийн даваанаас дээш бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Спорт шударга, үнэн зөв байх ёстой. Үндэсний өв соёл, эв нэгдэл гэдэг утгаараа наадмаараа маргаан талцалгүй наадаж, ирээдүйн үр хойчдоо агууламж дүүрэн монгол ахуйгаа үлдээж, өвлүүлэх ёстой. Ийм л агуулгаар Баяр наадмын тухай хуулиа өргөн барьсан.

Болж өгвөл Засгийн газраас зургадугаар сарын дундуур хуулиа батлуулж, шинэ хуулиараа 100, 101 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр хичээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж