Дотоодын нислэгүүдийн үнийг бууруулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Дотоодын нислэгүүдийн үнийг бууруулах хэрэгтэй

Дотоодын нислэгүүдийн үнийг бууруулах хэрэгтэй

Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн бус салбараар эдийн засгаа сэргээх боломжтой. Харамсалтай нь, гадаадын аялагчдыг горилж суусаар байтал дотоодын аялагчдаа гадагш алдаж дуусах нь. Учир нь орон нутгийн нислэгийн энгийн суудлын тийз нэг талдаа 650-980 мянган төгрөг байгаа бол хоёр талдаа 1.3-2.1 сая төгрөгийн ханштай. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр өртөг учраас монголчууд орон нутаг руу бус гадаад руу явахыг илүүд үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар агаарын тээврийн дотоодын авиа компаниуд Ховд, Баян-Өлгий, Улиастай чиглэлд нислэг үйлдэж байна. Эдгээр гурван чиглэл зорчигч ихтэй учраас хуваарийг хасаагүй үргэлжлүүлнэ. Харин Увс болон зарим аймаг руу суудлын тоо бүрдэхгүй гэх шалтгаанаар энэ зун нислэг үйлдэхгүйгээ мэдэгдсэн. Иргэдийн хувьд цар тахлын хугацаанд хоёр жил аялаагүй учраас дотооддоо аялах сонирхол өндөр. Тэр дундаа баяр наадмын үеэр иргэд ээлжийн амралтаа авч, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудыг үзэж сонирхох хүсэлтэй байна. Гэвч дотоодын  нислэгийн тийзийн үнэ хэт өндөр байгаагаас иргэд ойролцоох улс орон руу хямд зардлаар аялахыг илүүд үзэж байна.

Дэлхийн бусад улс оронд дотоодын нислэг харьцангуй хямд байдаг. Тухайлбал, олон улсад дотоодын нислэгийн дундаж үнэ цаг нь 30-35 ам.доллар бол Монголд 90-100 ам.доллар.

Ганцхан цагийн төлбөрөөс харахад зөрүү их байгаа нь ажиглагдаж буй юм. Тиймээс монголчууд 21 аймаг руу явахаас илүүтэй ойролцоох улсын нислэгийн тийз урьдчилж захиалж, тухайн улс орноос дамжин нислэг хийхийг чухалчлах болжээ.

ОНГОЦНЫ ШАТАХУУНЫГ ХЯМДРУУЛБАЛ ТИЙЗИЙН ҮНЭ БУУРНА

Монголд үзүүштэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг их бий. Гэм нь аялал жуулчлалын компаниуд дотоодын аялагчдад зориулж хөтөлбөр гаргадаг ч агаарын тээврийн авиа компаниуд няцаадаг. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхаарал хандуулахаа мэдэгдсэн ч одоог хүртэл дорвитой шийд гараагүй хэвээр л байна.

Өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд Б.Бат-Эрдэнэ дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон. Тухайн үед агаарын тээврийн компаниуд онгоцны шатахууны үнэ тариф өндөр байгаа учраас зорчигчгүй чиглэлд нислэг үйлдэх боломжгүйг илэрхийлсэн юм.

Хэрэв дотоодын нислэгийн үнийг хямдруулж, аялагчдын тоог нэмэх боломжийг эрэлхийлж байгаа бол онгоцны шатахууны үнийг хямдруулах хэрэгтэй. Учир нь олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байдаг шатахуун Монголд 1200 ам.доллар байгаа нь нислэгийн тарифт шууд нөлөөлдөг аж.

Тарифын 40 хувь нь шатахуунын үнээс хамааралтай болохыг агаарын тээвэрлэгч компаниуд тайлбарласан. Иймд суудал бүрдэхгүй аймгууд руу нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлого ч Монголд дутагдалтай байгаа юм.

НЭГ САРЫН ДУНДАЖ ЦАЛИНГААР ОРОН НУТАГ РУУ НЭГ ЦАГ НИСНЭ

Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч 11 авиа компаниас "МИАТ", "Хүннү Эйр", "Аэро Монголиа" зэрэг компани орон нутгийн чиглэлд нислэг хийж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дотоодын нислэгийн дундаж үнэ:

  • Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 650-980 мянган төгрөг
  • Улаанбаатар-Ховд чиглэлд 600-890 мянган төгрөг
  • Улаанбаатар-Улиастай чиглэлд 350-470 мянган төгрөг байна.

Дээрх үнээр иргэд 50-120 минут ниснэ. Зорьсон газартаа очиход цаг хэмнэх сонголт хэдий ч дотоодын аялагчдын хувьд энэ нь сарын дундаж цалинтай нь тэнцэх дүн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550 мянган төгрөг авдаг хүн дээрх нислэгийн тийзийг хэзээ ч авч чадахгүй. Дотооддоо аялах иргэдийн зорилго ийнхүү тийзийн үнээс болж буурч байгаа нь гол шалтгаан. Асуудлыг бууруулах арга замыг хайхгүй байгаа авиа компаниудад буруу байгаа ч аялал жуулчлалыг хариуцах нэгжүүд ажилдаа хайнга хандаж байгаа нь илэрхий. Энэ талаар аялал жуулчлалын компаниуд, тур, баазууд цахим хуудастаа бичсэн байна.

2022 тавдугаар сарын статистикаас харвал, дотоодын нийт 95 мянган хүн агаарын тээврээр орон нутаг руу зорчсон байна. Энэ тоо аяллын саруудад хэд дахин нэмэгдэх боломжтой.

Иргэд нислэгийн компаниуд дуртай үедээ яваад, дургүй үедээ гэртээ хэвтдэг халтуур хийдэг жолооч нартай адилхан байх ёсгүйг анхааруулж буй. Мэдээж өнгөрсөн жилүүдэд бизнесийн байгууллага хэцүү цагийг туулсан нь үнэн. Гэхдээ шийдлийг эрэлхийлэх нь чухал. Агаарын тээвэрлэгч компаниуд ч, аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулдаг нэгжүүд, Иргэний нисэхийн ерөнхий газар ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Харъяа яам нь зохицуулалт хийж чадахгүй бол дараагийн шатанд ч анхаарах шаардлагатай.

Гадаадаас ирэх гэсэн иргэдэд өндөр үнэтэй цөөхөн нислэг санал болгоод, дотоодын аялагчдаа "уландаа гишгэнэ" гэдэг ёс зүйгүй үйлдэл. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт тавьсан л бол зун дуусахаас өмнө дотоодын нислэгүүдийн үнийг бууруулж, хуваарьт нислэгүүдийн тоог нэмэх шаардлагатай. Тэгж чадахгүй бол аялал жуулчлал, эдийн засгийн сэргэлтийг дан ганц гадаадын жуулчдад хамааруулах нь утгагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж