Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI оношилгооны аппарат эвдэрч, сувилагчид нь сэхээнд байгаа хүнээ амьсгалын аппараттай нь хувийн эмнэлэгт үзүүлж явна гэх мэдээлэл цахим хуудаст цацагдсан. Тус зураг дээрх мэдээллийг тодруулахад зураг дээрх тайлбар ташаа мэдээлэл, яаралтай тусламжийн шаардлагатай тоног төхөөрөмжийг ойрын өдрүүдэд засварлана гэсэн юм. Тиймээс MRI оношилгооны тоног төхөөрөмжийг засварласан эсэх, иргэдийн үзлэгийн ачаалал хэр их байгаа талаар тодрууллаа.
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр "Хоёрдугаар эмнэлгийн эвдэрсэн тоног төхөөрөмжийг энэ сард засварлаж, ашиглалтад оруулна. Сэхээний тасагт байгаа хүнийг сувилагчид зөөвөрлөж үзүүлж байгаа зүйл огт байхгүй. Нэг аппарат хэвийн ажиллаж байгаа. Гуравдугаар сард аппаратад бага хэмжээний эвдрэл үүсч, хуулийн дагуу тендер зарлаж, яаралтай засварлахаар ажиллаж байна. Цахим хуудаст гарсан зураг ташаа ойлголт, мэдээлэл тарааж байна.
Эмнэлгийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй. Нэг MRI оношилгоо хэвийн хийгдэж байна. Тендерт шалгарсан компани ойрын хугацаанд Хятадаас эвдэрсэн хоёр дахь аппаратын тоног төхөөрөмжийг авч ирсэн. Энэ сард багтаж засварлана" гэсэн юм.
Хувийн болон улсын томоохон эмнэлгүүдэд тоотой хэдхэн ширхэг байдаг соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орох гэсэн иргэд эмнэлгүүдэд 10-аас дээш хоног дугаарлаж, цаг авч үзүүлнэ. Улсын төв нэгдүгээр төв эмнэлэгт хоёр ширхэг байдаг тус аппаратаар иргэд Эрүүл мэндийн даатгалаараа бараг сарын дараах дугаар авч үзүүлдэг байна. Хоёрдугаар эмнэлгийн хувьд мөн дугаарын дагуу шаардлагатай иргэд үзүүлэх заалттай. Тус эмнэлгийн тухайд иргэдийн үзүүлэх дугаар есдүгээр сар хүртэл дүүрчээ. Учир нь өдөрт тухайн үйлчилгээнд 15-18 иргэн хамрагддаг байна.
Харин одоо тус эмнэлгийн нэг аппарат нь эвдэрсний улмаас дүрст оношилгооны тасгийн хүлээн авахын ачаалал, дараалал нэмэгдэж оношилгооны аппаратыг шинэ төхөөрөмжөөр засварлах хүртэл дараалал их байгаа аж.
Үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах дарааллыг хүлээхэд хүндрэлтэй учир арга буюу хувийн эмнэлгийг сонгодог байна. MRI оношилгоонд орох иргэд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн заалттай байх ёстой. Гэсэн ч эмчийн бичиггүй, нэн чухал биш хүмүүсийг үзлэгийн цаг хамаарахгүй үздэг байна. MRI оношилгооны үнийн хувьд тодосгогчтой, тодосгогчгүйгээс шалтгаалж 350-550 мянган төгрөгөөр хийдэг бөгөөд ЭМД-аар 70 хувь хөнгөлдөг. Тиймээс иргэд энэ төрлийн аппаратын хүрэлцээг нэмж өгөхийг цахим хуудастаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ